Цар тахлын жилүүдэд урьд өмнө байгаагүйгээр өндөр амжилт тогтоосон “Нэтфликс” компани энэ оны эхний гурван сард 200 000 хэрэглэгчээ алдан, ашиг орлого нь жилийн өмнөхтэй харьцуулахад 35 хувиар буурч, 55 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Гэхдээ энэ юу ч биш. 2022 онд дахин хоёр сая гаруй хэрэглэгчээ алдана гэсэн тооцоо гарсан байх юм.
1997 онд үүсэн байгуулагдсан “Нэтфликс” дэлхий даяар 190 оронд 222 сая орчим хэрэглэгчтэй. АНУ, Канадад 75 сая, Европ, Ойрхи Дорнод, Африкт 74 сая, Латин Америкт 40 орчим сая, Ази-Номхон далайн бүсэд 32 сая хэрэглэгч тэдний үйлчилгээг авдаг. Бусдын бэлтгэсэн кино, шоу нэвтрүүлгийг үзэгчдэд санал болгодог байсан “Нэтфликс” 2012 оноос өөрийн контентыг бүтээж, Их Британид хүрээгээ тэлэн анхны гадаад оронд сувгаа нээсэн стрийминг үйлчилгээ болж байв.
“Нэтфликс”-ийн ашиг орлого буурч, үзэгчдээ алдсан нь хэд хэдэн учир шалтгаантай хэмээн салбарын шинжээчид тайлбарлаж буй. Нэгдүгээрт, ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч платформын тоо нэмэгдсэн. Хоёрдугаарт, Орос, Украины дайн олон тооны хэрэглэгчээ алдахад нөлөөлжээ. Украинд цэрэг оруулсан явдлыг эсэргүүцэж “Нэтфликс” Оросын 700 000 хэрэглэгчийн үйлчилгээг хязгаарласан юм. Үзэгдийн тоо буурч буйгаас ч муу мэдээ нь яг энэ цаг үетэй давхцан өрсөлдөгчдийн чанар чансаа, хэрэглэгчдийн тоо нэмэгдэж буй явдал. Томоохон өрсөлдөгчдийн нэг Disney+ платформ 2020 оны эхний улиралд 20 сая хэрэглэгчтэй байсан бол 2022 оны эхний улиралд үзэгчдийн тоо 129 саяд хүрчээ. Эцэст нь “Нэтфликс”-ийн үзэгчид хаягаа дундаа хуваан хэрэглэж байгаа нь ашиг орлого буурах үндсэн шалтгаанаар нэрлэгдлээ. Ингэж үзэх ч үндэстэй. Учир нь дэлхий даяар 100 сая хэрэглэгч бусдын хаягаар “Нэтфликс”-д үнэгүй нэвтэрч байна гэсэн тооцоо гарсан юм. Хэдий алдагдал амсаж буй ч энэ төрлийн зах зээлд тэргүүлэгч хэвээр байгаа “Нэтфликс” уналтад төдийлөн гутрахгүй байна. Тэд цар тахлын үед огцом нэмэгдсэн хэрэглэгчдээ л буцааж алдаж байгаа хэмээн өөрсдийгөө тайвшруулж сууна. “Нэтфликс” өөрсдийгөө технологийн түүчээлэгч гэж үздэг ч үнэн хэрэгтээ орчин үеийн телевизийн компаниуд руу үйлчилгээгээ дөхүүлэх шаардлага тулгарч магадгүй юм.
Зар сурталчилгааг бүү март
Кабелийн телевизийн сувгууд зар сурталчилгаа болон хэрэглэгчдийн аль алинаас нь ашиг орлого цуглуулдаг. Гэвч тэдний хувьд сурталчилгааны ачаалал том асуудал хэвээр байгаа бөгөөд цаашид ч энэ харьцаа нэг их өөрчлөгдөхгүй гэнэ. Кабелийн сувгууд хүчээ авч, зар сурталчилгаанаас ашиг олж эхлэхэд “Disney Channel” болон HBO сувгууд зар сурталчилгаанд цаг гаргадаггүй байв. Ингэснээрээ кабелийн сувгуудыг дэмжсэн нөлөө үзүүлжээ. Харин видео стрийминг үйлчилгээ дэлгэрч эхлэх үед дээрх хоёр суваг энэ зах зээлд хөл тавьж, зар сурталчилгаа явуулдаг үнийн хөнгөлөлттэй сувгийн сонголтыг хэрэглэгчдэд санал болгох зэргээр “Нэтфликс”-тэй шууд өрсөлдөх болжээ. Түүнчлэн NBCUniversal-ын “Peacock” платформ Paramount+ стрийминг үйлчилгээний сувагтай адил зар сурталчилгаа түгээж, давхар хураамж авдаг. Үүнтэй ижил жишгээр Disney-н Hulu платформ нэвтрүүлгийнхээ дундуур зар сурталчилгаа явуулдаг арай хямд үнэтэй суваг нээхэд хэрэглэгчдийнх нь 70 хувь нь уг сувгийг сонгосон аж. Хөрөнгө оруулалт энэ орон зай руу урсаж, Hulu 1.5 ганцхан жилийн дотор тэрбум ам.долларыг зар сурталчилгаанаас олж чаджээ.
Контент бол хаан
YouTube суваг дээр суурилсан бичлэгүүд, Facebook, Instagram хуудсанд хуваалцсан постууд, TikTok дахь бүжгийн хэнээрхэл гээд бүгд контентыг зөвхөн Холливудад бүтээдэг гэсэн ойлголтыг эвдсэн. Гэхдээ контент бүтээлийн бизнес эрхлэхэд хөрөнгө мөнгөнөөс гадна телевизийн үеийнхнийг ч татах арвин сан хөмрөг бүрдүүлэх асар их цаг хугацаа хэрэгтэй.
Z үеийн хүүхдүүд “Full House” зэрэг телевизийн хуучинсаг цувралыг шимтэн үзсээр байдаг нь үүнийг батлах нэг жишээ. “Seinfeld”, “Friends”, “The Office” гэсэн телевизийн шилдэг хөтөлбөрүүдтэй адил чанартай цуврал гаргаж чадаагүй нь “Нэтфликс”-ийг уруудахад нөлөөлсөн ч байж болох талтай. Гэхдээ ийм хэмжээний хөтөлбөр бэлтгэхэд оюуны өмчийн үнэтэй эрх худалдаж авахаас эхлээд улам л хүндрэлтэй болж буй. Телевизийн бизнесийн үндсэн зарчим нь хит шоу бүтээх, шоугаа шинэчлэн үзэгчдээ хадгалж үлдэх юм. Гэвч “Нэтфликс” 20 гаруй жилийн хугацааг энтертайнмент бизнесийн дүрмийг өөрчлөхөд зарцуулжээ. Азаар энэ хавар “Ozark”, “Stranger Things” зэрэг өндөр үзэлттэй цувралуудыг удаан хүлээлгэсний эцэст хэрэглэгчдэдээ хүргэлээ. 2018-2021 оны хооронд “Нэтфликс” телевизийн шоу, кино контентуудад 55 тэрбум ам.доллар зарцуулжээ. Харин “Амазон” 2019 онд зураг авалтаа эхэлсэн “Бөгжний эзэн” телевизийн цувралд тэрбум ам.доллар зарцуулав. Энэ нь бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр бүтсэн шоу бүтээл болж буй. Хөрөнгө оруулагчдын хувьд ойрын 2-3 жилд хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн итгэл тээж 2017- 2019 онд энэ салбарт их хэмжээний хөрөнгө хаясан. Гэвч контентын уралдаанд шинэ эргэлт гарч илүү их хөрөнгөтэй тоглогчид зах зээлд хүч төрөн орж ирсэн билээ. Цар тахлын хөл хорионы эхний жилд үзэгчдийн тоо огцом нэмэгдэхэд Америкийн медиа группууд контент бүтээхэд жилд 100 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. “Нэтфликс” л гэхэд дангаараа 17 тэрбум ам.доллар төсөвлөж байлаа.
Хөрөнгө оруулагчид сувгаа солино
Гэхдээ энэ бүхэн түүх болон үлдэнэ гэж Оскарын шагналт Crash киноны гүйцэтгэх продюсерээр ажилласан Калифорнийн их сургуулийн Театр, кино, телевизийн сургуулийн профессор Том Нунан хэллээ. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчид сувгаа хялбархан сольчихдог. Саяхныг хүртэл тэд стрийминг үйлчилгээнд мөнгө зарцуулж байгаад нь Уолл Стрийтийн баячуудад алга ташин баяр хүргэж байсан. “Дисней” өөрийн Disney+ сувагтаа “Марвел” болон “Оддын дайн”-ы өмчийн эрхийг авч хөтөлбөрүүд гаргасны дараа хувьцаа нь хормын дотор тэнгэрт хадсан. Гэвч энэ хандлага одоо өөрчлөгдөж байна. Энэ жилийн хоёрдугаар сард “Paramount”-ын удирдлагууд Paramount+стрийминг сувагтаа их хэмжээний хөрөнгө оруулахаа мэдэгдсэний дараа хувьцааны үнэ хүлээж байсанчлан өсөөгүй нь видео стрийминг салбараас уул уурхай шиг мөнгө олборлох амаргүй гэдгийг харуулсан үйл явдал болов. Үүн дээр нэмэгдээд “Нэтфликс”-ийн өнгөрсөн сард танилцуулсан сэтгэл гонсойлгом тайлан хөрөнгө оруулагчдад зарим зүйлийг нотолж харууллаа. Өөрөөр хэлбэл, нэвтрүүлэг сонирхолтой байх нь хамаагүй, стрийминг үйлчилгээний зах зээл түүнээс өмнөх үеийн уламжлалт телевиз, кино үйлдвэрлэгчидтэй адил ашиг орлогын тасралтгүй эх үүсвэр байх нь эргэлзээтэй болов. Стрийминг үйлчилгээ нь кабелийн телевизтэй харьцуулахад харьцангуй жижиг эдийн засаг гэсэн дүгнэлтийг ч шинжээчид гаргажээ. Нөхцөл байдал нэг ийм байгаа ч зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд “Нэтфликс” гар хумхин суусангүй. Хэрэглэгчид хаягаа дундаа хэрэглэдэг байдлыг зогсоохын тулд дансаа бүртгүүлсэн өрхөөс гаднах хэрэглэгчдээс нэмэлт төлбөр авах, зар сурталчилгаа явуулдаг бага төлбөртэй шинэ суваг нээх зэрэг олон ажлыг төлөвлөжээ. Эдгээр төлөвлөгөө алдагдлыг нөхөх эсэхийг цаг хугацаа л харуулна. Зарим шинжээчид дэлхийн зах зээл дээр видео стрийминг үйлчилгээг авахын тулд тэрбум хэрэглэгч мөнгө төлөхөд бэлэн гэж үзэж байгаа бол харин зарим нь бодит байдал дээр төсөөлснөөс бага гэжээ. Тиймээс компаниуд “Нэтфликс”-ийн замаар явж ижил төстэй бизнес эрхлэх эсэхээ дахин бодож үзэх цаг иржээ.
Сэтгэгдэл бичих