1949 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зарлаж байсан энэ өдрийг анх 1950 онд олон улс тэмдэглэжээ. Хүүхдүүдийг баярлуулж, эрхийг нь хамгаалж өнгөрүүлдэг энэ өдрөөр хүүхдүүдийн талаарх, таны мэдэхгүй байж магад сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Эмэгтэй хүн бүр эхийн совинтой
Хүүхэд уйлах нь хүний тархинд бусад дуу чимээнээс огт өөр сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг дуудаж байдаг. Судлаачдын өгүүлснээр, эмэгтэй хүний тархи хүүхдийн уйлах чимээнд хариу өгөхөөр "программчлагдсан байдаг" гэнэ. Тэр бүү хэл эмэгтэй хүн хүүхэдтэй эсэх нь ч энд огт хамаагүй аж. Эрдэмтэд судалгааны явцад эрчүүдэд хүүхэд уйлж байгаа бичлэг сонсгоход эрчүүдийн тархи үүнд огтхон ч хариу үйлдэл үзүүлээгүй бол эмэгтэйчүүдийн тархины долгионы идэвхжил хүүхэд уйлахыг сонсмоцгоо шууд өөрчлөгдөж байсан гэнэ.
Хүүхдүүд мэдрэмтгий бас чадвартай
Бяцхан жаалууд насанд хүрэгчдээс илүү амтны мэдрэмжтэй гэнэ. Учир нь насанд хүрэгчдэд байдаг амтны мэдрэгчүүдээс гурав дахин их мэдрэгч бяцхан хүүхдүүдэд байдаг аж. Харин нярай хүүхэд улаан, ногоон өнгийг хялбархаан ялгаж чаддаг бол хөх өнгийг ялгаж чаддаггүй юм байна. Тэд төрснөөсөө хойш эхний 4-6 сарын туршид рефлексээрээ сэлэх чадвартай байдаг. Харин үүнэс хойш энэ чадвар алдагдаж, дахин олж авах хэрэгтэй болдог гэнэ.
Хүүхэд хэр өндөр болохыг багад нь мэдэж болно
Охид 18 сартай, харин хөвгүүд 24 сартай буюу хоёр ойтой байхад нь хүүхдийнхээ өндрийг сайн тогтоогоод аваарай. Учир нь чухамхүү энэ үеийн өндөр насанд хүрсэн хойноо хүрэх өндрийн тал хувийг эзлэж байдаг гэнэ.
Залуу ээж аавуудад зориулсан баримтууд
- Хүүхдийн амьдралд дор хаяж гурван хайрладаг, дэмждэг насанд хүрэгчийн нөлөө байвал хүүхэд амжилттай явдаг гэсэн судалгаа бий.
- Эцэг эх болон бусад насанд хүрэгчид хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн анхаарал, халамж тавьж, энхрийлвэл хүүхдүүд маш хурдан суралцах чадвартай болдог аж.
- тоглоом тоглож, хүүхдийг урамшуулвал хүүхэд нийгэм, сэтгэл хөдлөл, бие бялдар, оюун санаа гээд бүх салбарт суралцан, хөгжихөд тусалдаг.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/540870
Сэтгэгдэл бичих