Нохой олон цагийн дараа хайртай эзнийгээ харахаараа баярын нулимс унагадаг болохыг Японы эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.
Хэдийгээр амьтад нүдээ чийглэхийн тулд нулимс гаргадаг ч нохой сэтгэл нь хөдлөхөөрөө уйлдаг болохыг анх удаа баталсан гэж Японы Азабү их сургуулийн дэд профессор Михо Нагасава онцолжээ. Нохойн нулимсны хэмжээ нэмэгдэхэд окситоцин буюу “хайрын даавар” нөлөөлдөг байна. Нохой удаан хугацаанд хол байсан эзнээ харахад энэхүү хайрын даавар ялгарч, нулимсны хэмжээг нэмэгдүүлдэг байна.
“Current Biology” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд 18 нохой оролцжээ. Тэднийг эздээс нь 5-7 цагийн хугацаанд салгасан байна. Ийм хугацааны дараа эздээ харсан нохдын нулимсны хэмжээ эздээсээ салахаас өмнөх хэмжээнээс 10 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл нохдод танихгүй хүмүүсийг харуулахад ийм өөрчлөлт гараагүй байна. Окситоцинтой нүдний дусаагуурыг нохдыг нүдэнд дусаахад тэдний нулимсны хэмжээ мөн нэмэгдэж байжээ. Үүнтэй зэрэгцэн нүдэндээ нулимстай нохдын гэрэл зургийг 75 хүнд үзүүлэхэд хүмүүсийн сэтгэл хөдөлж байжээ.
Сэтгэгдэл бичих