Xaxa.mn

NBA-гийн домгууд одоо хаана, юу хийж байна вэ?

НБА бол супер оддын супер лиг. Гэхдээ энэ одод дотроо ч нар мэт гялалзсан домгууд бас бий. Жордан, Дрекслерийн нисэлтүүд, хөвсгөр Баркли, аварга том Шакил хоёрын гавшгай хөдөлгөөн, Карл Мэлоун, Дэвид Робинсон нарын биеийн хөгжил, туранхай Режи Миллер, бяцхан Айверсон хоёрын хэзээ ч нугарахгүй эр зоригийг шагшихгүй байхын аргагүй. Ингээд энэ долоо хоногт нээлтээ хийх шинэ улирлын өмнө лигийн домгууд хаана, юу хийж явааг танилцуулъя.
Гэри Пэйтон
“Соникс” багийн домог балиашгуудад өөрийг нь мартах зав зай өгдөггүй. Хүүгийнхээ тоглолтыг үзэж, BIG3 лигийн дасгалжуулагчаар ажиллана. ТВ, хэвлэлийн шинжээчийн ажил хийх гэж оролдсон ч бүтээгүй. Одоо түүний зорилго нь багаа Сиэтл хотод буцаан авчрах явдал.
Режи Миллер
Режи Миллер талбай дээр хэл амаараа хэнээс ч дутаж байгаагүй. Мэдээж зодог тайлаад телевизийн тайлбарлагчийн ажилд шилжсэн. Саяхан АНУ-ын дугуйн спортын холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон.
Клайд Дрекслер
Жаран нас хүрсэн ч тэр хожигдож сураагүй хэвээр. Сагсан бөмбөг сонирхогчид түүнийг “Рокетс” багийн тоглолтыг тайлбарлахдаа хэт нэг талыг барьдаг гэж шүүмжилдэг. Клайд телевизийн дэлгэцэд гарах боломж олдох бүрд өөрийгөө Майкл Жорданаас илүү байсан гэж баталдаг.
Аллен Айверсон
Хэл ам, хэрүүл уруул ихтэй замналаа өндөрлүүлсэн тэрээр архи, гэр бүл салалт, гэмт хэрэг, дампуурал зэрэг амьдралын байж болох бүхий л хар зурвасыг даван туулсан. Reebok компанитай эрт дээр үед насан туршийн гэрээ байгуулж байсныхаа ачаар одоо ажил хэрэг нь тун амжилттай байгаа. Одоо тэр марихуан худалдах, сурталчлах компани байгуулаад ажиллаж байна.
Патрик Юинг
“Никс” багийн домогт төвийн тоглогч Юинг анд найз Майкл Жордан нь ахлах дасгалжуулагчийн ажил өгөх байх гэж олон жил хүлээсээр хөгширсөн. 2017 оноос тэр төрөлх Жоржтаундаа ажиллаж, Биг-Ист конференцид түрүүлээд амжсан.
Скотти Пиппен
Пиппен ямар ч салбарт амжилт олохгүй байгаа ч хэвлэл мэдээллээр байнга гардаг. Өнгөрсөн жил нэрийн вискигээ гаргаж, намтар номоороо сурталчилсан. Намтартаа нэг багт хүчин зүтгэж явсан Жорданыг шүүмжилж, надгүйгээр түрүүлж чадахгүй байсан гэж бичсэн.
Айзейя Томас
Дасгалжуулагч, менежер хийгээд амжилт олоогүй түүнийг анд нөхөр Жеймс Долан нь “Нью-Йорк Либерти” багийн ерөнхийлөгчөөр томилсон. Тус баг зарагдсаны дараа Томас телевизийн салбарт хүч сорьж, бизнес эрхэлж байгаа. Жорданы кинон дээр өөдгүй амьтан болсныхоо хариуг Майклаас авахаар зэхсээр сууж байна.
Жон Стоктон
Зан ааш, харилцаа муутай Жоныг төрлөх Гонзагигийн тоглолтод ч оруулахаа больсон. Тэрээр вакцины эсрэг хөдөлгөөнийг удирдаж, вакцин тариулсан олон тамирчин нас барсан гэж баталж байгаа ч нэг ч нэр дурдаагүй.
Дэвид Робинсон
Дэвид Робинсон хүмүүнлэгийн ажилд оролцдогоороо алдартай. Хамгийн том төсөл нь ядуу хорооллын хүүхдүүдэд зориулсан Carver Academy сургууль.
Чарльз Баркли
Ид үедээ ч жингийн илүүдэлтэй байсан тэрээр одоо хоолны дэглэм барих хэрэгцээ огт байхгүй. Баркли хамгийн эрэлттэй сагсан бөмбөгийн шинжээч төдийгүй Inside the NBA төслийн гол хөгжөөгч.
Карл Мэлоун
Мэлоун одоо ч биедээ анхаарал тавьдаг хэвээр. Гэхдээ сагсан бөмбөгөөс хол салбар ан ав, загасчлалд цагаа зарцуулдаг. Зодог тайлаад хууль бус хүүхдүүдтэйгээ учраа олох ажилд орсон.
Кевин Гарнетт
Гарнетт ажилгүй уйдаж байгаа гэхэд болно. Шинжээчээр ажилласан ч тоглолтын хамгийн эгзэгтэй агшинд цагаан арьстнуудын ойлгоход бэрх үг хэллэгээр яриад эхэлдэг тул гологдсон. Сүүлийн үед кинонд тоглож, намтраа гаргасан.
Хаким Олажьюван
59 нас хүрсэн ч ур чадвар хэвээр. Самбар доорх чадвараа сайжруулахыг хүссэн залуу одод түүнээс л зөвлөгөө авдаг. Леброн Жеймсийн жишээг үзэхэд залуучуудад түүний зөвлөгөө их хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.
Тим Данкан
Тим Данкан “Сперс” багийн ахлахаар нэг удаа ажиллаж үзсэн ч амжилт гаргаагүй. Тэрээр нэг жил Сан Антониод Грегг Поповичийн туслахаар ажиллаад дасгалжуулагч болж чадахгүй гэдгээ ойлгосон. Одоо хаана, юу хийж байгаа юм бол?
Шакил О’Нил
Шакил О’Нил энэ зун 15 кг жин хасаж, фитнесс танхимаас хийсэн бичлэг нь сая лайк авсан. Саяхан Сакраменто багт эзэмшдэг хувиа зарсан. Inside the NBA нэвтрүүлгийн шинжээч гэгддэг ч мэргэжлийн бөхийн рингэнд гарч, Формула-1 уралдааны шагнал гардуулах зэргээр тун завгүй.
Лэрри Берд
Лэрри Берд “Индиана” багийн зөвлөхийн албантай ч багийнхаа бэлтгэл, тоглолт дээр бараг харагддаггүй. Чимээгүйхэн нам жим амьдарч, хааяа энд тэндхийн ёслолын үйл ажиллагаанд царайгаа харуулдаг.
Мэжик Джонсон
Харин Шидэт Жонсон хаана л бол хаана байдаг. Ерөөд онд ДОХ-ын халдвар авсан түүнийг удаан наслахгүй гэж байсан ч бужигнуулсан хэвээр. Энэ өвчний эсрэг тэмцэж байгаа хамгийн алдартай хүн. 2019 онд Лейкерс багийн ерөнхийлөгчийн албаа өгөөд даатгалын компани, цахим спортын баг эзэмшин, үзэлцэж явна.
Карим Абдул-Жаббар
75 настай Жаббар сүүлийн үед оюуны ажилд ханцуй шамлан, орсон. Адал явдлаас эхлээд өнгөт арьстнуудын түүх гэсэн төрөл бүрээр ном бичдэг болсон.
Майкл Жордан
Нисдэг Жордан өдөрт зургаан навчин тамхи татдаг ч эрүүл энх хэвээр. Түүний эзэмшдэг Шарлотт баг санхүүгийн хямралд байнга ордог ч Жордан дэлхийн хамгийн баян тамирчин хэвээр. Гольф тоглон, уралдааны бүтэн баг хүртэл худалдан авсан. Олон нийтийн анхааралд өртөхийг хүсвэл дэлхийг тэр чигээр нь доргиож орхидог. “Сүүлчийн бүжиг” киног нь л санацгаая.

https://news.zindaa.mn/4dgq
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us