Форбес сэтгүүлд 'Z' үеийнхэнтэй холбоотой нэгэн сонирхолтой судалгааны үр дүн нийтлэгджээ. 'Coach' буюу ажлын байранд тулгардаг асуудлуудад зөвлөгөө өгч, дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг 'InsideOut Development' компани 'Z' үеийнхний ажил, цалин урамшуулал, хуримтлалтай холбоотой хандлагыг мэдэх зорилгоор 1000 залууг хамруулсан (18-23 насны) судалгаа явуулсан байна. Үр дүнд нь дараах сонирхолтой зүйлс ажиглагджээ.
'Z' үеийнхэн цалин, урамшууллын өндөр хүлээлттэй байдаг
"Цаг нь болохоор", "Миний ээлж ирэх үед" гэсэн ойлголт 'Z' үеийнхэнд байхгүй гэнэ. Учир нь судалгаагаар 'Z' үеийнхний 76 хувь нь анхны ажилдаа ороод жилийн дотор тушаал дэвших ёстой гэж боддог бол, 32 хувь нь өөрсдийгөө 6 сарын дотор тушаал дэвших эрхтэй гэж итгэдэг юм байна.
'Z' үеийнхний дийлэнх нь бакалаврын зэрэг эзэмших ёстой гэж боддог
Олон нийтийн дунд 'Z' үеийнхэн харьцангуй эрт ажлын талбарт гарч, старт-апп, хувийн бизнесээ эхлүүлдэг гэсэн ойлголт бий. Гэвч 'Z' үеийн залуусын 80 хувь нь мөрөөдлийнхөө ажлаа хийхээс өмнө дор хаяж бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой гэсэн байр суурьтай байна.
Карьерийн сонголт ба оюутны зээл
Сүүлийн үеийн оюутны зээлийн өртэй холбоотой статистик мэдээллийг үзвэл АНУ-д 44 сая хүн оюутны зээлийн санд 1.5 их наяд долларын өртэй байна. Тэгвэл 'Z' үеийнхний 30 хувь л оюутны зээлийг эргэн төлөх боломжтой гэж хариулжээ. Мөн 26 хувь ажил, мэргэжлээ буруу сонгох вий гэж эмээдэг ба мөн адил хувь нь эхний ажилдаа ороод хангалттай байж чадахгүй байхаас айдаг гэж хариулжээ.
'Z'-үүд хүчээр далайлгадаг боссуудтай ажиллахыг хүсдэггүй
'Z' үеийнхний 60 орчим хувь нь менежерийн түвшинд ажиллахыг хүсдэг гэнэ. Түүнчлэн удирдлагуудын 'Coach' хийх ур чадвар чухал гэж 75 хувь нь, маш чухал гэж 25 хувь нь үзжээ. Хэрэв байгууллагын удирдлагууд нь ажилчдаа айдас түгшүүрт тулгуурлаж удирддаг бол дөрвөн 'Z' тутмын нэг нь ажлаа орхино гэжээ.
'Z'-үүд илүү энтерпренер сэтгэлгээтэй байдаг
'Z' үеийнхэн бие даасан ажлын орчинг хүсдэг бөгөөд саяхны нэгэн судалгаанаас үзэхэд ахлах сургуулийн сурагчдын 72 хувь нь хэзээ нэг өдөр хувийн бизнес эхлүүлнэ гэж хүсдэг бол, 61 хувь нь коллежоо төгссөний дараа шууд бизнесээ эрхлэх төлөвлөгөөтэй байна гэж хариулжээ.
'Z'-үүд тогтвортой байдлыг хүсэж байна
'Z' үеийн 69 хувь нь ажил, амьдралын тэнцвэрт байдалд хамгийн их анхаарал хандуулна аж: Сонирхолтой нь тэд дуртай ажлаа хийхээс илүүтэйгээр тогтвортой байдлыг хүсэмжилдэг юм байна. Гэхдээ тэдний 88 хувь нь амьдралдаа гаргаж буй амжилтаар аз жаргалаа хэмжинэ гэжээ.
Хэрэв та миллениал болон 'Z' үеийнхний ялгаа, онцлогын талаар дэлгэрүүлэнгүй мэдээлэл болохыг хүсвэл дараах нийтлэлүүдийг уншаарай.
Generation Z болон миллениалын ялгааг тодорхойлох 8 шинж
Миллениал боссуудын тухай зайлшгүй мэдэх ёстой 5 баримт
Сэтгэгдэл бичих