Оюун ухаан гэдэг ойлголтод ихэвчлэн асуудал шийдвэрлэх, учир шалтгааныг тодорхойлох, хийсвэрлэн сэтгэх, хурдан ойлгох, туршлагаасаа суралцах зэрэг оюуны чадваруудыг хамаатуулдаг. Нөгөө талаас оюун ухаан нь анхаарал төвлөрүүлэлт, ой тогтоолт, хүртэхүй, шийдвэр гаргах, сэтгэн бодох зэрэг оюуны олон үйлдлүүдээр тодорхойлогддог байна.
Ингээд та бүхэндээ хүний оюун ухааныг чадварыг хэмжих үндсэн 10 коэффицентийг танилцуулж байна.
IQ-intelligence quotient. Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Монгол Улсын боловсролын тогтолцоо 2004 оноос SAT, GRE шалгалтуудыг авч, оюуны чадварыг илүүтэй үнэлэх болж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.
EQ-emotional quotient нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.
AQ-adversity quotient. Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.
CQ-creative quotient. Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.
SQ-spiritual quotient буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.
DQ-development quotient. Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.
MQ-moral quotient. Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.
NQ-net quotient. Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.
BQ-bonding quotient. Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.
FQ-financial quotient. Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна. Хүүхдийнхээ чадварыг багаас нь тандан мэдэж, боломж, сонирхлыг нь дагуулан системтэй хөгжүүлснээр онцгой амжилтанд хүрч болохыг манай ард түмэн “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа“ гэж хэлдэг билээ.
Эх сурвалж: info.teso |
Сэтгэгдэл бичих