Xaxa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус

Кеван Чандлер нуруу нугасны булчингийн хатингаршил гэх оноштойгоор тэргэнцэрт суух болсон ч энэ нь түүний дэлхий ертөнцтэй танилцаж, дүүрэн адал явдалтай учрах хүслийг зогсоож дийлээгүй байна. Учир нь түүний итгэлийг бүх зүрх сэтгэлээрээ хүлээсэн найзууд бий. Түүнийг нуруундаа үүрээд ч болов дэлхийгээр аялах сэтгэлтэй найзууд Кеванд заяажээ. 
Кеван 2016 оны зун тэргэнцэрээ гэртээ орхиж, зургаан найзын хамт Франц, Англи, Ирланд зэрэг Европын орнуудаар аялаад иржээ. Харин 2018 онд Хятад руу аялж Цагаан хэрэмтэй танилцахын зэрэгцээ хэд хэдэн өнчин хүүхдийн асрах газраар оржээ. Залуус аялал бүрээ баримтат кино болгон бичиж, сайтдаабайршуулж байсан бөгөөд эдүгээ Кеван “We Carry Kevan” хэмээх нэртэй шинэ номоо гаргаад байна. 
Түүний Форбес сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. 
- Та найзуудтайгаа хэрхэн танилцаж байсан бэ? 
- Европ руу аялахаас өмнө би тэдний заримыг нь л таньдаг байлаа. Гурав нь Хойд Каролинагийнх, бид тэнд хамт өссөн юм. Коллежид сурч байхдаа, төгссөнийхөө дараа ч бид тэндхийн хөгжмийн хамтлагт харьяалддаг байлаа. Тэгж л бид нэг нэгнийгээ таньдаг болсон. Том Трейерийг бид "өдөөгч" гэж нэрлэдэг. Тэр л үргэлж биднийг хязгаараасаа давж, асуудал тарихад хүргэдэг хүн дээ. Харин Филип Келлер бөөн онигооны эзэн, зурахдаа гаргууд нэгэн. Люк Томпсон бидний аяллын хором бүрийг камертаа буулгадаг. Хилл, Робби Барнс хоёрыг би өмнө нь сайн таньдаггүй байсан. Энэ гурваараа л дамжуулж танилцсан гэх үү дээ. Хилл Люкт бичлэг хийхэд тусалдаг. Харин Робби төрөлхийн шогч, хошин шогийн мэдрэмжтэй хүн. Сүүлийнх нь манай багийн "аав" Бен Двалл. Бидэн дундаасаа хамгийн хариуцлагатай хүн нь. Би одоо Индианад мужид амьдардаг. Тэнд би Бентэй анх танилцаж байсан юм. 

- Таныг нуруундаа үүрч аялах санаа яаж гарав? Үүнээс өмнө ер нь яаж аяладаг байсан бэ? 
Европ руу аялахаас жилийн өмнө юм байна. Би Том, Филип болон өөр хэдэн залуустай цуг "хотын агуйн аялал"-д гарсан юм. Мэдээж ус зайлуулах хоолойгоор алхахад тэргэнцэртэй явахгүй нь ойлгомжтой. Тэгээд энэ хачирхалтай аялалдаа гарахын тулд намайг үүргэвчинд хийж, нуруундаа үүрч явахаар болсон юм. Тэр аяллын дараагаас л энэ тухай бодож эхэлсэн л дээ. Би үргэлж Европоор аялахыг хүсдэг байсан ч үзэхийг хүссэн бүхэн минь тэргэнцэртэй хүнд тийм ч амар байгаагүй юм. Өмнө нь би тэргэнцэртээ суугаад гэрийнхэнтэйгээ аялдаг байлаа. Харин нас биед хүрсэн хойноо найзуудтайгаа энэ бүхнийг хийж явна. Гэхдээ бид Европ руу явахдаа тэргэнцрээ хадгалах, угсрах гэж асуудал болж байснаас зүгээр л орхичихвол хамаагүй амар юм байна гэдгийг ойлгосон. Харин тэрний оронд намайг үүргэвч ашиглавал тохиромжтой гэж бодсон юм. 
- Аяллын үед найзууд тань таныг ээлжилж үүрдэг үү? 
- Тиймээ, дөрвөн найз маань намайг ээлжлэн үүрч бас анхаарал халамж тавьдаг юм. Яг үнэндээ найзууд маань ийм зүйл хийхдээ сайн шүү. Бен намайг усанд оруулах, шөнө бие чилвэл байрлал өөрчлөх, Робби машин барих, эмнэлгийн тусламж үзүүлэх, үүрэх зэрэг залуус бүхнийг хамтдаа хийдэг.

- Хүмүүс та нарыг хэрхэн хүлээж авсан талаар та номондоо бичсэн байсан. Ер нь хүмүүсийн хандлагыг та хэрхэн хүлээж авч байв? 
- Бид байж болох бүхнийг л үзсэн дээ. Цэцэрлэгт хүрээлэнд үзүүлбэр үзүүлдэг жүжигчнээр элдвээр хэлүүлж, бүжгийн үдэшлэгт ч уригдаж явлаа. Зарим хүмүүс биднийг хараад гар цохин мэндчилж, зургаа хамт даруулъя гэнэ. Инээмсэглэх, мэндчилэх, зураг авах, зугтах, шоолох гээд бүгдэд нь дасчихаж дээ. 
- Та “We Carry Kevan” ном гаргаж бас ашгийн бус байгууллага байгуулсан. Энэ талаар дэлгэрүүлбэл? 
- Манай байгууллагын эрхэм зорилго бол "хүртээмж" гэдэг ойлголтыг хамтын хүчин чармайлтаар дахин тодорхойлох явдал юм. Миний бодлоор хүн хүндээ туслах замаар жинхэнэ хүртээмжийг бий болгох боломжтой. Энийг л би өөрийнхөө түүхээр дамжуулж бусад хүмүүст, надтай адил хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ойлгуулахыг хүссэн юм. Зарим хүмүүс хэрхэн ганцаараа эсвэл бусдын тусламжтайгаар аялж болох талаар зөвлөхийг хүсдэг. Зарим нь минийх шиг хүн суулгахад зориулсан үүргэвч сонирхдог, бас зарим нь зүгээр л өөрийн туулж давсан бүхний тухай ярилцахыг хүсдэг. Эцсийн эцэст, ямар хэлбэрээр байх нь хамаагүй, бие биедээ халамж анхаарал тавьж, ийм баялаг хүрээлэлтэй хүмүүсийн дунд амьдрах нь чухал юм. Бид ч бас үүний нэг хэсэг болохдоо баяртай байх болно.
Эх сурвалж: Forbes
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us