“Game of Thrones”-ийн жүжигчид зохиолоо уншихдаа хамгийн түрүүнд дүрийнхээ хувь заяаг хэрхэн төгсөхийг, кинонд дүр нь үхэх эсэхийг хардаг хэмээн Бран Старкад тоглосон жүжигчин Айзек Хэмпстед-Райт дурсжээ.
Жэйми Ланнистер Браныг цамхгаас түлхдэг хэсэг буюу нэгдүгээр бүлгээс эхлэн тус киноны бүтэн найман бүлэгт тэрбээр тоглосон билээ.
Тухайн үед Бран азаар амьд үлджээ. Түүнээс хойш Айзек жил бүр л Бран Старк үхчихвий гэсэн зовнилтойгоор “Game of Thrones”-д тоглож ирсэн байна.
Тоглох гэж буй дүрийнх нь хувь заяа үхлээр төгсөх нь жүжигчдэд тун хүнд тусдаг аж. Ялангуяа “улаан хурим” дээр Старкийн гэр бүлийн чухал дүрүүд амиа алдсан нь маш гунигтай санагдаж байсан тухай Айзек дурсжээ.
АЙЗЕК КИНОНД ТОГЛОЖ ЧАДНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЛГҮЙ БАЙВ
Айзек “Game of Thrones”-д тоглож эхлэхдээ 11 настай байсан бол өдгөө 20 хүржээ.
Тэрбээр жаахан байхдаа уг кинонд тоглосон учраас чадна гэсэн итгэлгүй байсан гэнэ.
Айзек зураг авалтын эхний өдрийг дурсан санахдаа “Толлиморын ойд /Умард Ирландад байдаг цэцэрлэгт хүрээлэн/ зураг авахад бүтэн өдөржин бороо орсон. Энэ нь чонын бэлтрэг олдог үзэгдлийн зураг авалт байсан юм. Маш хүнд санагдаж билээ” хэмээн ярьжээ.
Тухайн үед зочид буудалдаа эргэн ирээд ээждээ “Би чадна гэдэгтээ итгэлгүй байна. Үнэхээр хэцүү юм байна” гэж хэлж байснаа санадаг” гэжээ.
“АХ ДҮҮ ХОЁР ДОТНО ХАРЬЦААНД ОРОХ НЬ БУРУУ”
Айзек бага балчир байхдаа энэ кинонд тоглосон учраас хүүхдийн хувьд арай хожуу мэдэх ёстой зарим зүйлстэй нүүр тулах хэрэгтэй болжээ. Хүчирхийлэл, сексийн үзэгдлүүд тус кинонд нэг бус удаа гардаг.
Тухайлбал, нэгдүгээр бүлэгт ихэр ах дүү Жэйми, Серсей Ланнистер хоёрыг дотно харьцаанд орж байгааг харсан Браныг Жэйми цамхгаас түлхдэг.
Айзек “Кинонд надад ахадсан үзэгдлүүд байсан ч сэтгэл зүйн хувьд ямар нэг хүндрэл гарч байгаагүй” гэжээ.
“Зураг авалтын талбай дээр толгойг нь цавчсан цогцос хэвтэж байгаа хэрнээ цаазын тавцны ард тухайн хүн нь нуугдаж буйг, хиймэл хөлнөөс цус гоожиж байгааг харахад бүх зүйл бодит биш санагдана” гэжээ.
“Харин секс үзэгдлийн хувьд энэ талаар ээж маань надад дуусаж төгсөшгүй их лекц тавихад их эвгүй санагдаж билээ. “За хүү минь ах дүү хоёр секс хийнэ гэдэг буруу зүйл” гэсэн утгатай юм тайлбарлаж өгч байсан” хэмээн ярьсан байна.
ОЛНЫ ХАРААНД ӨРТӨХӨӨС АЙДАГ БОЛСОН
2017 онд Бирминхэмийн их сургуульд элсэн ороод найман долоо хоногийн дараа тэрбээр матемик болон хөгжмийн хичээлээ түр хойш тавихаар шийджээ.
“Би олны анхааралд байхыг хүссэн ч арай ч тийм байна гэж бодоогүй. Байнга л олны хараанд өртөж, хүмүүстэй селфи хийдэг болсон. Надад гадагшаа гарч юм уух хүртэл аймшигтай санагддаг байлаа. Учир нь хүн болгон над руу харж миний зургийг дардаг байлаа” хэмээн Хэмпстед-Райт ярьсан байна.
НЕД СТАРК БУЮУ ШОН БИН ҮХНЭ ГЭДГЭЭ МЭДЭЭГҮЙ БАЙЖЭЭ
Алдарт жүжигчин Шон Бин түүний тоглох Нед Старкийн дүрийн хувь заяа тийм богино байсныг мэдээгүй байжээ. “Кэйтлин Старкийн дүрд тоглосон Женнифер Эль түүнд “Чи эхний бүлгийн төгсгөлд үхнэ” гэхэд нь “Юу? Нээрэн үү???” гэж гайхаж байсан Түүнийг тийм хурдан ална гэдгийг тэр мэдээгүй хэмээн дурссан байна.
“БАГШ МААНЬ “GAME OF THRONES”-ИЙН ШҮТЭН БИШРЭГЧ БАЙЛАА”
Айзек кино зураг авалтын дараа сургуульдаа явахад ангийнх нь хүүхдүүд балчир байсан учраас төдийлөн сайн мэддэггүй, харин багш нар нь Айзекаар их бахархаж байжээ.
“Багш нар маань их баяртай байсан. Манай англи хэлний багш “Game of Thrones”-ийн жинхэнэ шүтэн бишрэгч байлаа. Үнэхээр эелдэг багш байж билээ. Магадгүй энэ нь намайг тэдэнтэй том хүн шиг харьцахад дөхөм болж байсан юм болов уу гэж боддог” хэмээн Айзек Хэмпстед-Райт дурсжээ.
Эх сурвалж: BBC
А.Мишээл |GoGo.mn
Сэтгэгдэл бичих