Хийж буй зүйлдээ дурлах л юм бол амжилтад амархан хүрнэ гэсэн яриаг байнга л сонсож байсан биз ээ. Ялангуяа хүмүүс нас биед хүрээд хүүхэд насны хүсэл мөрөөдөл нь амьдралын нөхцөлөөр хугачин дарагдахад мөрөөдлөө биелүүлэхээс ч айдаг шүү дээ.
Тэгвэл хүүхэд наснаасаа өөрийн замаа сонгож, айх айдсаа ардаа хийж, амжилтад хүрсэн хүмүүс олон бий. Тэдний түүхийг уншаад гэрт тань ирээдүйн Жон Рокфеллер, Эсте Лаудер өсөн торниж байгаа эсэхийг мэдэж аваарай.
Жон Дэвисон Рокфеллер
Дэлхийн анхны албан ёсны долларын тэрбумтан Жон Рокфеллер 7 насандаа цацагт хяруул зарах зорилгоор тэжээж, хөршүүдийнхээ төмсийг малтаж өгч, чихэр зарж, олсон багахан орлогоо тэмдэглэдэг байжээ. Эхний цалингаараа Рокфеллер нягтлан бодох бүртгэлийн ном худалдан авч, бүхий л орлого, зарлагаа энэ дагуу хөтөлдөг болжээ. Энэ номондоо тэр маш их хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд амжилтад хүрэх эхний алхмыг нь сануулдаг гээд бүхий л амьдралынхаа туршид хадгалсан юм.
Олсон мөнгөө мөнгө хадгалах саванд хийж, 13 насандаа танил фермертээ 50 америк долларыг жилийн 7,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлжээ. Дунд сургуулиа төгссөний дараа Рокфеллер коллежид элссэн ч нягтлангийн гурван сарын дамжаа, дадлага нь түүнд онол үзэж суухаас илүү ашигтай болохыг ойлгосон байна.
Эсте Лаудер
Жозефина Эстер Ментцер буюу Эсте Лаудер ядуу гэр бүлд төрсөн, найман хүүхэдтэй айлын хамгийн отгон нь байв. Гэвч Жозефина багаасаа л саятан болохыг мөрөөддөг байжээ. Ингээд зургаан насандаа түүний гэрт химич, арьсны өвчин судлаач, гоо сайхны үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг авга ах нь ирснээр боломжоо олж харсан байна.
Жозефина хамаатныхаа ажлыг ихэд сонирхож, дурлаж, бизнест нь идэвхтэй оролцон суралцаж байв. Тэрээр авгынхаа удирдлаган дор арьсны дөрвөн төрлийн тос гаргаж, түүнийг гоо сайхны салонууд болон танилууддаа зарж байв. Estée Lauder брэнд нь гоо сайхны зах зээл дээр тэргүүлж, түүний талаарх дэлхий дахин мэддэг болсон ч тэр энэ төрлийн тоснуудаа худалдаанаас татаагүй юм.
Ральф Лорен
Алдарт дизайнер, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Ральф Лорен АНУ-д Оросын эзэнт гүрнээс ирсэн еврейн цагаачдын гэр бүлд төрсөн юм. Ам бүл 6-уулаа Нью-Йоркийн ядуусын хороололд ганц өрөө байранд амьдардаг байжээ.
Тэдний хөршүүдийн дунд алдарт загвар зохион бүтээгч Келвин Клайн ч байсан гэдэг. Ральф багадаа сагсан бөмбөгчин, эсвэл жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч танилынхаа зочилж очоод л хүсэл мөрөөдөл нь эрс өөрчлөгджээ. Лорены гэр бүлд бүх гишүүн нь дундаа ганц л шүүгээтэй байтал танилынх нь хүн бүр тусдаа шүүгээтэй.
Лорены гэр бүл томчуудынхаа багадсаныг өмсдөг байхад тэднийх тийм биш. Энэ үед л Ральф гоё сайхан эд зүйлст дурладаг болж, хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн эд зүйлс, хувцасны шүүгээтэй болно оо гэж өөртөө амлажээ. Тухайн үед тансаг эдлэл авах хамгийн эхний алхам нь гурван хос сонгодог англи костюм худалдан авах байлаа. 12 настай Ральф удаан хугацааны турш шөнө дөлөөр ажиллаж, илүү гарсан цент ийм костюмтэй болоход хадгалдаг байжээ.
Жорж Мартин
Жорж Мартинд “Мөс, галын туульс” уран зөгнөлт зохиол алдар нэрийг авчирсан юм. Энэ зохиолыг НВО “Хаан ширээний тоглоом” нэртэйгээр дүрсжүүлж, алдар нэр авчирсан түүхтэй. Энэ номынхоо ачаар Мартиныг шүүмжлэгчид “Америкийн Толкин” хэмээн нэрлэж, 2011 онд Time сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ.
Түүний амжилт бага наснаас нь эхтэй. Мартин ном унших сонирхолтой, уйтгартай хоног өдрүүдэд өнгө нэмэхийн тулд юм зохиож ярих дуртай нэгэн байжээ. Жорж ангийнхандаа болон хөршүүддээ өөрийнхөө зохиосон янз бүрийн түүхийг худалддаг байв.
Тэр ч бүү яст мэлхийнүүд амьдардаг домгийн вант улсын тухай тусгай цоморлигтой болсон байлаа. Залуу зохиолч энэ амьтанд дуртай төдийгүй ойлгомжгүй шалтгаанаар түүний яст мэлхийнүүд тоглоомон ордонд нь үхдэг байжээ. Эндээс л тэр аймшигт хуйвалдаан, вант улсын төлөөх тэмцлийн түүхээ бодож олсон гэдэг.
Эх сурвалж: adme.ru
Сэтгэгдэл бичих