Xaxa.mn

Шинжлэх ухааны хамгийн хачирхалтай туршилтууд

“Хачирхалтай” гэж тодорхойлж болох туршилт шинжлэх ухааны түүхэнд олон. Хүн төрөлхтний амьдрал, байгаль орчин, дэлхий ертөнцийг судлахад түлхэц болсон туршилтуудаас хамгийн жигтэй, зарим тохиолдолд хэнд ч ашиг тусаа өгөөгүй, магадгүй шинжлэх ухааны шинэ салбарын суурь болсон, олон жилийн өмнө эхлээд өнөөг хүртэл дуусаагүй зэрэг сонирхолтой туршилтуудын тухай уншигч танд хүргье.
 
НЬЮТОНЫ ҮСРЭЛТ
Ирээдүйн их эрдэмтэн Исаак Ньютон (1643–1727) багадаа сул дорой, өвчинд ороогдсон хүүхэд байсан гэдэг. Английн хувьсгалч Оливер Кромвелийн таалал төгссөн өдөр буюу 1658 оны есдүгээр сарын гурванд дэгдсэн хүчтэй салхины үеэр Исаак хүүхдүүтэй хамт уртад харайн тогложээ.
Салхины эсрэг биш, урсгалыг нь даган үсэрснээр тэрбээр уг тэмцээнд түрүүлсэн аж. Хожим салхины эсрэг ба дагуу үсэрвэл хэр зайд харайхыг туршиж үзсэнээ тэмдэглэн үлдээсэн юм. Нэрт физикч “Мэдээж тэр туршилт шинжлэх ухаанд ямар нэгэн ашиг тус өгөөгүй. Гэхдээ тэр үеэс л хойш физикт татагдаж эхэлсэн” гэжээ.
 
ЗАМ ДЭЭРХ КОНЦЕРТ
Австрийн физикч Христиан Доплер гэрэл болон дууны долгионыг үүсгэгч ажиглаж буй хүнээс холдох, ойртохоос хамааран давтамж нь өөрчлөгдөнө гэдгийг онолын хувьд баталжээ. 1845 онд Голландын цаг уурч Христофор Бейс-Баллот уг онолыг туршилтаар батлахын тулд ачааны чиргүүл бүхий уурын тэрэг, хоёр бүрээчин хөлсөлжээ.
Хоёр бүрээчин соль нотыг тоглож, харин холгүйхэн зогсоо хөгжимчид дууны долгион өөрчлөгдөж буй эсэхийг чагнасан аж. Уурын тэрэг эхлээд алгуурхан урагшилж, дараа нь хурдлахад дууны долгион өөрчлөгдөж байгааг нотолсон байна. Хэдийгээр Бейс-Баллот уг туршилтыг сонирхолдоо хөтлөгдөн хийсэн ч цаг уурч физикийн шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулсан нь энэ.
 
АЯГА ЦАЙНААС ҮҮССЭН АРГА
Биологийн туршилтуудын үр дүнг математик стастистикаар тооцох арга буюу биометрийг үндэслэгч Роберт Фишер 1910–1914 онд Лондоноос холгүй агробиологийн станцад ажилладаг байж. Станцад ажилд орсон бүсгүй хамт ажиллагсдаа цайгаар дайлж, англичуудын хувьд “мөнхийн” сэдэв болсон “Сүүн дээр цай хийх үү, цайн дээр сүү хийх үү” гэдгээр мэтгэлцжээ.
Маргаанд цэг тавихын тулд тэд туршилт хийсэн бөгөөд Фишер хэд хэдэн туршилтын дүнг тооцон гаргасны дүнд “Эрдэмтдэд зориулсан статистик арга” хэмээн ном гаргав.
 
ГЭРИЙН МАУГЛИ
Америкийн биологч Уинтроп Келлог гэргий Люэллагийн хамт 1931 онд нэгэн хачирхалтай туршилт хийжээ. Амьтдын дунд өссөн хүүхдүүдийн эмгэнэлт хувь заяаны тухай сонссон тэд моншийг хүний дунд, гэр бүлд өсгөж үзэхээр шийдэв. Хүн төст сармагчин судлах төвөөс долоон сартай монш түр хугацаагаар “зээлж” арван настай хүү Дональдтайгаа хамт байлгаж эхэллээ.
Гурван жилийн хугацаанд сармагчинд хүний дадал зуршил, амьдрах хэв маягийг дуурайсан үйлдэл бараг илрээгүй агаад биологчид туршилт амжилтгүй болсон гэж үзсэн юм. Харин монштой хамт байсан хүү сармагчны гаргаж буй үйлдэл, дуу авиаг дуурайх болсон тул сармагчныг судалгааны төвд буцаахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг.
 
ДАЛЬТОНЫ НҮД
Британийн эрдэмтэн Жон Дальтон (1766–1844) хими, физикийн салбарт чамгүй амжилт гаргаад зогсохгүй өнгө ялгах чадахгүй гажиг буюу дальтонизмыг анх тодорхойлон бичсэн нэгэн. Дальтон өөрөө өнгө ялгадаггүй байснаа 1790 оноос ургамал судлалд татагдаж эхэлснээр мэдсэн аж.
Тэрбээр үзмэн ягаан, ягаан, эсвэл бараан улаан өнгийг цэнхэрээс ялгаж чадахгүй байлаа. Тэгээд нас барсных нь дараа нүдийг нь ухан ямар гажиг байгааг шинжилж үзэхийг туслахдаа гэрээсэлсэн бөгөөд шавь нь ч үүнийг ёсчлон биелүүлэв. Дальтоны нүдийг спирттэй шилэнд хийн хадгалж, 1995 онд ДНХ-ийн шинжилгээ хийн, дальтонизмын гентэй болохыг нь тогтоосон.
 
ХАМГИЙН УРТ ТУРШИЛТ
Дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн туршилт одоогоос 130-аад жилийн өмнө эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй. Америкийн ургамал судлаач У. Бил 1879 хамгийн өргөн тархсан хогийн ургамлуудын үр бүхий 20 шилийг газарт булжээ.
Түүнээс хойш хэсэг хугацааны давтамжтай үр бүхий шилнүүдийг булж, өмнөх булсныг нь гарган ирж харьцуулдаг. Хамгийн сүүлчийн шилийг 2020 онд гаргаж дотор байгаа ургамлыг судлах юм.
 
ХАМГИЙН НҮСЭР ТУРШИЛТ
Газрын биосферийн загвар гаргах туршилтыг хамгийн нүсэр гэж хэлж болно. 1985 онд Америкийн 200 гаруй эрдэмтэн, судлаач нэгдэж Аризона мужийн цөлд биосферийн загвар гаргаж эхэлжээ. Асар том шилэн барилга дотор ургамал, амьтан байдаг. Тэд обьектийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, найман хүнийг хоёр жилийн хугацаатайгаар дотор нь байлгахаар төлөвлөж байлаа. 1.3 га талбайтай уг барилга дотор жижиг хэмжээний ой, нуур, цөл, намаг ч бий.
1991 оны есдүгээр сарын сүүлчээр туршилтад сайн дураараа оролцохыг хүссэн найман хүнийг шилэнд барилга руу оруулсан ч төдөлгүй үүлэрхэг өдөр таарч фотосинтез муудан, хөрсөнд нян үржиж, хүмүүс хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлсэн байна. Төлөвлөснөөр хүмүүс тэнд хоёр жил болоогүй ч биосфер эмзэг бүтэцтэйг тогтоож чадсан аж.
 
ОЧИР ЭРДЭНЭ ШАТААСАН НЬ
250 жилийн тэртээ Францын химич Антуан Лоран Лавуазьегийн хийсэн нэгэн туршилт олныг гайхашруулж байв. Бодис өндөр температурт ямар урвалд орох, ямар төлөвт шилждэгийг судалж асан тэрбээр нарны гэрлийг цуглуулагч хоёр линз бүхий төхөөрөмж бүтээжээ.
Тусгай хавтан дээр тавьсан хоёр линзний цуглуулсан хурц гэрэл дор цайр, кварц, чулуу, очир эрдэнэ, алт зэргийг аргаагүй орчинд удаан хугацаагаар байлгахад очир эрдэнэ халж, харин агаарт гаргасан даруйд шатаж үгүй болжээ. Уг туршилтад эрдэмтэн 3000 алтан ливр төлсөн гэдэг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us