Ж.ЦОГЗОЛМАА
Хүн төрөлхтөнийг сансар огторгуйн аялалд хөтөлсөн, бас тархинд суулгах чипээр дамжуулан оюун санаагаараа аливааг удирдах боломжийг эрэлхийлэгч энэ цагийн агуу сэтгэгчдийн нэг бол яах аргагүй Элон Маск. Түүний энэ их өндөрлөгт хүрсэн нууц буюу амьдралынх нь алтан зарчмуудаас “Форбес” нийтэлжээ.
Түрүүлж унш
Сургууль амарч болно. Харин өөрөө бие даан суралцах боломжид хязгаар гэж байдаггүй. “Чи юу мэдэхгүй гэдгээ мэдэхгүй. Тиймээс чиний мэдэхгүй байгаа зүйл юу вэ гэдгийг мэдэх нь чухал” гэж хүүхэд байхдаа л Британика нэвтэрхий толь бичгийг уншиж дуусгасан Элон Маск хэлжээ.
Өөрөөр хэлбэл, таныг бас намайг хүүхэд байхдаа сарны тухай үлгэр уншиж суухад Маск нэвтэрхий толь бичигт шимтэж суусан байна. Нийгмийн сүлжээ, Facebook-т хамаг цагаа өнгөрөөх нь үүнээс тэс ондоо зүйл гэдгийг сануулъя. Үүний оронд мэдэхгүй зүйлээ судлахад анхаар. Агуу сэтгэгчид агуу уншигчдаас төрөн гардаг.
Бүх мөнгөө сурталчилгаанд үрэх хэрэггүй
Маск сурталчилгаа хийлгэхийн тулд мөнгөө үрдэггүй. Харин үүний оронд тэрээр өөрөөсөө “Миний хийж байгаа зүйл хамгийн сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож чадаж байна уу. Хэрэв үгүй бол би үүнийг хийхээ зогсоох ёстой” гэж асуудаг байна. Гэвч энэ үг маркетерүүдийн хувьд сонсоход бэрх л байх болов уу. Гэсэн ч Маскын хэлэх гэсэн гол санаанд төвлөрвөл асуудлыг өөрөөр харах болно. Хамгийн сайн чанартай бүтээгдэхүүн хамгийн сайн сурталчилгааг өөрөө бүтээдэг шүү дээ.
Аян замд гарахдаа эрсдэлээ ч бас хамтад нь үүрч сур
Сайн бизнесмэн болох боломж залуу насанд л тохиодог. “Нас ахих тусам хүний үүрэх ёстой үүрэг хариуцлага улам нэмэгддэг. Тиймээс хариуцлага хүлээх цаг эхлэхээс өмнө өөртөө эрсдэлээ үүрүүлээд бизнесээ, зорилгоо эхлүүл. Тэгвэл чи үүнээс залхахгүй. Харин чи нас ахисан хойноо бизнесээ эхлүүлбэл чиний эрсдэл чиний гэр бүл, хүүхдүүдэд чинь цохилт болно. Иймээс гэр бүл зохиохоосоо өмнө эрсдэлээ үүрээд өөрийнхөө замаар алхвал илүү цаг хожино” гэж тэр хэлжээ.
Шөнийн боломжуудыг бүү алд
Элон Маск бол засаршгүй хэв маягтай нэгэн. Тэр компаниудаа ажиллуулахын тулд долоо хоногт 100 цаг ажиллах нь энгийн л зүйл. Яг түүн шиг ажиллах нь амархан гэж та хэлэх байх. Гэхдээ л та хэдхэн цаг ажиллаад л залхах болно. Харин Элон Маск юуны төлөө ажиллаж байгаагаа мэддэг, тэр зорилгынхоо төлөө өөрийгөө зориулж байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж, бүрэн итгэсэн учраас энэ ажлаасаа залхаж байгаагүй юм.
Гомдоллохын оронд шинийг бүтээ
Ихэнх хүмүүс замын түгжрэл их байгаа талаар гомдоллодог. Гэхдээ Элон Маск л лав биш. Тулгарсан бэрхшээлийн талаар гаслахын оронд Маск шийдлийг хайдаг. Үр дүнд нь 2017 онд Элон Маскын санаачилсан The Boring Company компани үүдээ нээжээ. Энэ компани нь нүхэн гарц болон гүүрэн замын шийдлээр замын түгжрэлийг шийдэх зорилготой аж. “Гомдол гарч байгаа бол шийдэл байгаа гэсэн үг. Тиймээс гомдлуудад анхаарлаа хандуулах нь шинэ санаачлага бүхий санаа олж нээх агуу боломж болдог” гэж Маск хэлдэг.
Хөрөнгө оруулагчдаа гэр бүл шигээ хайрла
Хамгийн шилдэг удирдагчид хэрэглэгч нараа бас хамт ажиллагсдаа яг л гэр бүл шигээ хайрладаг. Жишээ нь, Маск өөрийн твиттертээ хэрэглэгчдэдээ хүргэх талархлын үгсийг байнга шахам бичдэг. Үүнээс жижиг бизнес эрхлэгчид суралцаж чадвал ирээдүйн том зорилгод нь ач холбогдолтой билээ. “Бидний хамгийн үнэтэй хөрөнгө бол миний хүмүүс. Бид тэднийг халамжилбал тэд бизнесээ хайрлана. Хамтрагчдадаа хийж буй бүх зүйл минь хэрэглэгчдийнхээ төлөө хийж буй ажил хэрэг юм. Ажилчдад минь ургасан даль жигүүр хэрэглэгчдийг маань ч тэнгэрт дүүлэх боломж олгоно” гэж Маск хэлжээ.
Амжилтын төлөө төлөвлө. Гэхдээ бүтэлгүйтэлд ч бэлэн бай
Амжилтад хүргэдэг шилэн бөмбөг гэж үгүй. Бүр Элон Маск ч гэсэн “Тесла Моторс” компанийг хэрхэн дахин “асаах”-аа ингэж төлөвлөж байгаагүй биз. Гэвч тэрээр энэ тухайгаа “Ямар нэг чухал зүйлийг хангалттай төлөвлөе гэвэл бүтэлгүйтэл, эрсдэлээ ч хамтад нь харах ёстой. Зорилгодоо хүрэхийн тулд алхам бүрээ төлөвлөх учиртай. Магадгүй зорилго чинь бүтэхгүй байх тэр хувилбарт ч чи өөрөө бэлэн байх ёстой. Буцах төлөвлөгөөгөө хэдийнэ гаргачихсан хүнд бүтэлгүйтлээс дахин хөл дээрээ босох нь хамаагүй хялбар байх болно” гэж Маск хэлжээ.
Трендийг бүү дага. Харин түүнийг бүтээ
“Трендийг сохроор дагах хэрэггүй” гэж Маск хэлдэг. Харин ч хамгийн бүтээлч, амжилттай компаниуд шинэ санаачлагыг бүтээдэг билээ. Тэд өрсөлдөх гэж ингэдэггүй. “Бусадтай өрсөлдөх гэж цаг алдахын оронд зөвхөн цорын ганц өөрийн дахин давтагдашгүй санаачлагыг бий болгох хэрэгтэй” гэж Маск хэлжээ.
Зорилгоо том зургаар нь зур
Сайжруулах, дэвжихэд боломж үргэлж байдаг. Энэ талаар Маск тайлбарлахдаа “Юу хийж чадах, юу хийх ёстой вэ гэдгээ төлөвлөж том зургаар нь харж, зурж чаддаг байх нь маш чухал зүйл. Тухайн зүйлийг яавал хамгийн сайн хэмжээнд хийж чадах вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Сөрөг шүүмжлэлүүдээс айх хэрэггүй. Харин ч эдгээр нь өөрийнхөө дотор байгаа асуултуудыг нээж олж харахад тусалдаг” гэжээ.
Өөрийнхөө сайн чаддаг зүйлээ ол
Чи дэлхийг өөрчлөхийн төлөө сайн байх албагүй. Харин өөрийнхөө үнэ цэнийг байнга өсгөх тухай бодох ёстой. Энэ талаар Маск “Чиний дотоод ертөнцөд эерэг үзэл бодлыг төрүүлдэг тэр зүйлээ олж хийх хэрэгтэй. Тэр нь жижиг, том байх нь хэнд ч хамаагүй. Харин тэр зүйл чиний хамгийн сайн чаддаг зүйл байх ёстой. Бас энэ нь чамайг юуны төлөө амьдарч байгааг сануулдаг, өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгоход тусалдаг байх ёстой” гэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичих