Xaxa.mn

Амжилтын түүх: Анхны номоо 35 доллараар зарсан аймшиг, шинжлэх ухаан, зөгнөлт зохиолын хаан Стивен Кинг

Х.ОЮУНБОЛД
АНУ-ын зохиолч  Стивен Кинг. Орчин үеийн алдарт зохиолчдын нэг тэрээр аймшиг, аллага, шинжлэх ухаан, уран зөгнөлт зохиолын төрлөөр дагнан бичдэг. Гэхдээ Стивен Кингийг бичсэн зохиолоо хэвлүүлэх санал олон удаа татгалзсан хариу авч байсан гэдэг. Тухайлбал, түүний анхны ном “Шилэн шал” хэмээх зохиолыг 35 ам.доллараар зарагдаж эхлэхээс өмнө 60 удаа хэвлэхээс татгалзаж байжээ. Мөн тэр үедээ эхнэртэйгээ  амьдарч эхэлсэн эхний жилүүдэд машины чиргүүлд амьдарч,  ядуу байсан учраас хуримаа хувцас зээлэн өмсч хийж байсан байна.Тэрээр 1947 оны есдүгээр сарын 21-нд АНУ-ын Портланд Мэн хотод  Доналд Кинг, Нелли Рут Пиллсбуригийг хоёр дахь хүү болон мэндэлжээ. Харин түүнийг хоёр настай байхад нь аав нь гэр бүлээ орхиж явсан байна. Тиймээс ээж нь заримдаа мөнгө санхүүгийн асуудалтай тулгардаг байсан ч ах Давидтай нь цуг өсгөсөн байна. Тэдний гэр бүлийнхэн Индиана мужийн Форт Уэйн, Коннектикут мужийн Стратфорд хотод  амьдарсныхаа дараа ээжийнх нь төрсөн хот Дурхам хот руу нүүжээ. Тэнд Стивен Кинг бага сургуульд, дунд ангидаа Лиссабон валлс дахь сургуульд суралцсан байна. Түүнийг хүүхэд байхдаа ангийнх нь нэг найз  төмөр зам дээр галт тэргэнд дайруулсныг харсан нь аймшгийн төрлийн зохиол бичихэд нөлөөлсөн байж болно гэдэг аж. Харин Стивен Кинг энэ санааг нь үгүйсгэдэг байна.Тэрээр ахынхаа сонин хэвлэхэд ашигладаг байсан хэвлэх төхөөрөмжийг ашиглаж олшруулсан номоо коллежид зарж эхэлжээ. Гэвч энэ нь сургуулийнх нь багш нарт таалагдаагүй учраас түүнийг номоо худалдаж олсон мөнгийг  эздэд нь буцааж өгөхийг шаардсан байна. Дараа нь ойролцоогоор 13 настай байхдаа нагац эгчийнхээ гэрээс аавынхаа ихэнх нь аймшиг, зөгнөлт номтой хайрцгийг  олжээ. Энэ номон дотор түүнийг зохиолч болоход их нөлөөлсөн Говард Филиппс Лакрафтийн “Хөндлөнгийн айдас” нэртэй номноос гадна 1961 онд Эдгар Алан Погийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн Пит ба дүүжлүүр кино залуу Стивен Кингэд их сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэр үеэс Кинг сэтгүүлүүдэд бичсэн уран бүтээлээ илгээж эхэлсэн ч нэгнээс ч нааштай хариу авсангүй.  Харин түүний анхны өгүүллэг 1965 онд “Майк Гарреттийн комикс” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Хэдийгээр ээж нь санхүүгийн бэрхшээлтэй байсан ч Стивен Кинг 1966-1971 онд Ороно хотын Маний их сургуульд англи хэлний ангид сурчээ. Тэр үеэр сургуулийнхаа сэтгүүлд “Хааны хогны машин” нэртэй өгүүллэгээ бичсэн байна. Мөн их сургуулийнхаа номын санд ирээдүйн эхнэр Табита Кингтэй танилцаж 1971 онд гэрлэжээ.Стивен Кинг их сургуулийнхаа төлбөрийг төлөхийн тулд угаалгын газарт тал өдрөөр ажилладаг байсан байна. Тэрээр энэ үеэр үзэж хуримтлуулсан туршлагаа “Бутлуур”,”Новшийн зам” өгүүллэгээ бичихэд ашиглажээ. Англи хэлний ангид суралцаж их сургуулиа төгссөний дараа дунд сургуульд багшлах эрхтэй болохын тулд Стивен Кинг Хампдений академид англи хэл заасан байна. Энэ академид багшилж байх үед тэр болон түүний гэр бүл машины чиргүүлэнд амьдарч байсан аж. Тиймээс тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд богинохон өгүүллэг бичжээ. Мөн энэ үеэр Стивен Кинг архинд орж 10 жил уусан байна. Энэ үеийн амьдрал нь түүний гол дүрийн баатар архичин зохиолч Жак Торрансийн тухай гардаг хоёр дахь роман болох “Гялбаа” зохиолд гардаг аж.
 

Зохиолчийн замнал

 
 
Стивен Кинг 1970 оны эхээр олон роман бичиж эхэлжээ. Энэ олон романы нэг нь сэтгэцийн хүчтэй залуугийн тухай байсан ч урам нь хугарч зохиолоо хогийн сав руу шиджээ. Эхнэр  хогийн савнаас нь буцаан авч, түүнийг зохиолоо бичиж дуусгахыг дэмжсэн байна.  Бичиж дууссаныхаа дараа зохиолоо Карри гэж нэрлээд  “Доувледэй” хэвлэлийн компанид илгээсэн ч цаг хугацаа өнгөрч энэ тухай мартжээ. Харин нилээн хойно худалдаж авахын тулд урьдчилгаа болох 2500 ам долларыг өгөх саналыг хүлээж авсан байна. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа энэ романыхаа гар бичмэлийг 400 мянган ам. доллараар заржээ. Харамсалтай нь Стивен Кингийн ээж уушигны хорт хавдраар нас барсан учраас романыг хэвлэгдэхийг харж чадсангүй. Зохиол бичихээр шийдсэн Стивен Кинг гэр бүлийнхэнтэйгээ Бангор хот руу нүүсэн байна. Тэнд  “Салем Лотын нууц” хэмээх цус сорогч Брам Стокерийн Дракула, зохиолч Грейс Металлиусын
Грейс Металлиусын “Пейтон газар” зохиолоос санаа авч бичжээ Энэ үеэр Карри роман нь халаасанд авч болохоор хэвлэснээр сая гаруй хувийг  жил хүрэхгүй хугацаанд борлуулсан байна. Харин Салемс Лотын нууц роман нь 1975 оны аравдугаар сарын 17-нд зургаан сар хүрэхгүй хугацаанд хоёр сая хувь зарагджээ. Ийнхүү уран бүтээлийн хувьд амжилтанд хүрсэн Стивен Кинг  1980 онд   тэр жилийнхээ наймдугаар сард хэвлэгдсэн “Галын нүд” романаа бичжээ. Энэ романыг бичсэнээр тэрээр  Нью Йорк Таймс сонины шилдэг зохиолын жагсаалын нэгд дахин бичигдсэн байна. Мөн тэр жилээ зохиолч Бангор хотод  23 өрөөтэй байшин худалдаж авчээ. Түүнээс гадна Харанхуйн цайз цуврал зохиолынхоо эхний хэсэг “Буутай хүн”номоо бичсэн байна.  Харин 1990 онд  “Дойбледэй” хэвлэлийн компанитай удаан хэлэлцээр хийсний дараа “Үхлийн бүжиг” хэмээх романаа чөлөөтэй хэвлүүлэхээр болжээ.Ойролцоогоор 150 мянга гаруй үгтэй энэ роман нь одоог хүртэл түүний бичсэн хамгийн урт зохиолын нэг юм байна. Мөн  шилдэг өгүүллэгийн эмхэтгэл ангилалд шагнал олгодог Брам Стокерийн шагналыг дөрвөн өгүүллэгээс бүтсэн “Шөнө дундын дараа дөрвөн цаг” номоороо авчээ Түүнээс гадна “Харанхуйн цайз” романыхаа гуравдугаар дэвтрийг бичсэн байна.  Аймшиг, шинжлэх ухаан зөгнөлт сэдвээр бичдэг Стивен Кинг Ричард Бачман гэдэг нууц нэрээр номоо гаргасан байна. Энэ нь нэг зохиолчид тухайн үед жилд нэг ном гаргахыг зөвшөөрдөг байсантай холбоотой ажээ. Тэрээр “Хар хувцастай эрэгтэй”, “Ногоон бээр” өгүүллэгээрээ Дэлхийн уран зөгнөлт зохиолд  олгодог шагналыг  1996 онд хүртсэн нь түүнийг авьяастай зохиолч болохыг харуулсан байна.  Харин 200 он гарснаар Стивен Кинг цахим хэлбэрээр номоо тараах талаар судалсан анхны зохиолч болжээ. Тухайлбал, 2000 оны гуравдугаар сард богино хэмжээний нэг өгүүллэгээ цахим хэлбэрээр оруулсан эхний өдөр 400 мянган удаа татаж авсан байна. Ингэснээр анхны шилдэг цахим роман болжээ. Үүнд урамшсан зохиолч интернэт дэх хуудаснаас нь “Ургамал” бүтээлийнх нь эхний дэвтрийг доллараа татаж авах боломжтой болгосон байна.
 

Хувийн амьдрал

 
Одоо нэрт зохиолч Стивен Кинг эхнэр Табита Кингтэйгээ Бангор хотод амьдардаг. Тэрээр өвлийг далай харагддаг Флорида мужид байдаг Сарасота хотод өнгөрүүлдэг байна. Тэрээр саяхан Коннектикут хотод нэг байшин бариулжээ. Түүний гурван хүүхэд Рачель, Жой Хилл, Овен Филипп том болсон учраас тусдаа амьдардаг байна. Стивен Кинг бейсбол тоглодог бөгөөд “Бостон Ред Сокс” багийн шүтэн бишрэгч ажээ.Түүний Том Гордонд дурлаж байсан бүсгүй зохиол энэ багийн шидэгч Том Гордонд хамаатай юм байна. Түүнээс гадна “Харлей Дэвидсон” мотоциклд дуртай ажээ. Тэрээр 1994 онд Харлей Дэвидсон мотоциклоо унаж АНУ-ын олон хотоор орж номын дэлгүүрүүдэд сурталчилгаа хийсэн байна. Мөн рок дуунд дуртай бөгөөд Рок Боттом Ремайндерс хамтлагийг бусад зохиолчидтой нийлж байгуулжээ. Түүний дуугийг нь сонсох дуртай хамтлаг нь “The Ramones”, “AC/DC” аж. “The Ramones” хамтлаг Стивен Кингийн “Амьтдын оршуулгын газар” зохиолоос сэдэвлэн  1989 онд бүтээсэн адилхан нэртэй киноны дууг дуулсан байдаг байна.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us