Xaxa.mn

Х.Түшиг: Ээж минь залгаад “Миний хүү наад зургаа устгахгүй бол арай л дэндчихлээ” гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр хоёр хоногийн өмнө /2019.09.02/ Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм. Түүний ирсэн энэ үеэс утсаар ярингаа В.Путинтэй гар барьж байгаа залуугийн зураг сошиал орчинд олны анхаарлын төвд байв. Зарим нэг нь зургийн эзэн залууг сошиал орчинд нэлээд шүүмжилж харагдсан. Тэгвэл тус зургийн эзэн Х.Түшигтэй цөөн хором ярилцлаа.
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй гар барьж буй зураг тань сошиалд багагүй шуугиан тариад байна. Яагаад ийм эвлүүлэг хийх санаа төрсөн юм бэ?
-Би гэрэл зурагчин хүн л дээ. Зурагчин хүмүүс авсан зургаа фотошоп дээр засч янзлаад л үйлчлүүлэгчиддээ өгдөг. Өчигдөр зураг янзалж сууж байгаад В.Путиныг ирэхийг хүлээж байгаа сэтгүүлчдийг харсан юм. Тэднийг харж байгаад л эхлээд хамт зураг авахуулсан байдлаар эвлүүлье гэж бодсон л доо. Тэгээд зураг хайж байхад тэр зураг таараад хөгжилтэй байдлаар судлаж үзээд тэр зургыг нь сонгоод эвлүүлчихсэн юм.
Хэрэв зүгээр хамт зогсож байгаагаар эвлүүлсэн бол хэн ч эвлүүлж чадна. Хамгийн гол учир нь утсаар ярьж байгаад л байгаа юм. Энэ нь илүү сонирхолтой юм гэж бодоод л хийсэн юм. Тэгээд түүнийгээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинийг дөнгөж ирмэгц нь яг тэр цагт “Чингис хаан нисэх онгоцны буудал” гэж тэмдэглээд маазарсан тайлбартай пост хийчихээд унтчихсан юм. Гэтэл өглөө нь гэхэд тэр зураг сошиалд хэзээ ч зогсоох боломжгүйгээр тарчихсан байсан. Постоо устгаад ч нэмэргүй юм болжээ гэдгийг ойлгосон.
-Тэр зургийг хүмүүс янз бүрээр л хүлээж авсан байсан?
-Монголын масс аймаар юм байна аа. Би өнөөдөр /өчигдөр/ зүгээр л амиа хорломоор санагдлаа. Өнөөдөр би ямар нийгэмд амьдраад байгаагаа харлаа. Асар олон фэйсбүүк группд нийтлэгдсэн байна лээ. Хамгийн гол нь комментууд нь дандаа хар муу, муухай зүйлийг бичсэн байсан. Ийм юмыг цаазал, ал, бууд гээд л хямартал бичсэн байсан. Юм мэддэг хэсэг нь хараад маазрал байна, эвлүүлэг байна гээд л хэлээд байхад, ойлгохгүй хэсэг нь асар их юм аа. Юмыг яг анх харснаараа дүгнэж байна шүү дээ. Залуучууд үүнийг маазрал гэж ойлгоод байгаа юм. 40-өөс дээш насныхан бол аймаар хүлээж авсан. “Үл хүндэтгэж байна. Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгалаа” гээд л аймаар бичсэн байна лээ.
-Энэ зурагнаас болоод хийж үзээгүй, ажилдаггүй ажлаасаа халагдчихлаа гэсэн байсан. Юу гэсэн үг юм бэ?
-“Улс төрд мэдлэггүй боловсролгүй ёс зүйгүй, наад захын соёлгүй хүн авч ажиллуулж байна. Үүнийг зүгээр л хал, ажлаас нь хөө” гэх коммент их байсан. Тэгэхээр нь би түүнийг сөрж дахин хошигнол хийсэн юм. Хийж үзээгүй, ажилдаггүй ажлаасаа халагдчихлаа гээд албаар сөрж явуулсан юм. Тэрнээс биш би ямар нэг төрийн албанд ажилдаггүй. Бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй. Энд тэнд төрийн алба, ямар нэг компанид харьяалагддаггүй. Гэрэл зурагчин Түшиг гэдгээрээ уран бүтээлээ хийдэг. Хувиараа татвар төлөгч иргэн.
-Тэгээд В.Путинтэй эвлүүлсэн өөрийн чинь зураг хэзээний ямар учиртай зураг байсан бэ?
-Би "Single ladys" 3 кинонд ажилласан юм. Тэр киноны нээлтэд хүн тосч байхдаа утсаар ярингаа гар барьж байгаа зураг юм. Надтай гар барьсан хүн өөр залуу байгаа. Түүний оронд л В.Путин Ерөнхийлөгчийн адилхан позтой зургийг олоод л эвлүүлчихсэн юм.  
 -Өөрөө ингэж олны танил хүмүүстэй хошин байдлаар эвлүүлэг хийх хоббитой юм уу?
-Хошигнол, хөгжилтэй байдлаар зөндөө эвлүүлдэг л дээ. Барок Обама, 14 дүгээр Далай лам зэрэг том том хүмүүстэй эвлүүлж байсан. Тэгээд л маазраад л өнгөрдөг байсан энэ удаад бүр сэтгэлээр унаж, хямартлаа ингэж тархаж байсангүй.
-Өөрийн чинь энэ зураг бүтэн өдөржин олны анхааралд байлаа. Нэлээд шүүмжлэлд өртлөө. Гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авч байна вэ?
-Намайг таньж мэддэг найз, нөхөд өмөөрөөд “энэ бол эвлүүлэг байсан, харин энэ жинхэнэ байсан” гэдэг зураг хүртэл харьцуулж тавьсан. Бас тэр олон группийн тэр их пост дор намайг өмөөрөөд тайлбар хийгээд л байсан. Гэсэн ч хүмүүс анх хүлээж авснаараа чичрээд л хэлэх хэлэхгүй үгээр их хэлсэн байсан даа. Алс холын хөдөөнөөс ээж минь хүртэл залгаад “Миний хүү наад зургаа устгахгүй бол арай л дэндчихлээ” гээд л санаа нь зовсон байдалтай байсан.
-Энэ зураг Хятад болон Өвөрмонголын вичатаар бас их тархсан гэсэн. Тэнд хэрхэн хүлээж авсан байна вэ?
- Өвөрмонголд байдаг нэг дүү маань надад энэ талаар хэлсэн юм. Ахаа wechat-аар таны энэ зураг яваад байна. Тайлбар нь ямар ч үед хайр нь залгахад утсаа авахгүй бол болохгүй. Бусад хүн бол хэн ч биш гэсэн утгатай пост их тархаж байна гэсэн. Гэтэл манайхан харин улс төржүүлээд, тэнэг, эргүү гээд л хэлээд явчихсан байсан.
Энэ бол Монголын массыг ямар байгаа түвшнийг  харуулчихлаа. Зургаа хийгээд л Монголчууд ямар ч мэдээллийг үнэн зөвийг нягтлаагүй анх харснаараа дүгнэдэг гэдгийг өөрөөрөө харлаа. Ямар ч судалгаа, шүүлтүүр, үнэн зөвийг тунгаах цаг хугацаа зарцуулаад ч болов үнэн зөвийг олох ухаан байдаггүй юм байна гэдгийг ойлголоо.
Энэ мэт meme буюу хөгжөөнтэй байдлаар эвлүүлсэн зураг маш их байдаг. Путин meme гээд л Google-ээс хайх юм бол үүнээс ч илүү эвлүүлэгтэй зургууд зөндөө байгаа.
Х.Соёл
 
Zaluu.com

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us