Xaxa.mn

Элон Маск: Би чиний хэнд ч хэрэггүй фэйсбүүкийг чинь сервертэй нь цуг устгана

Элон Маск. Манай гаригийн 40 настнуудыг түүчээлж яваа энэ залууг дэлхийн сая сая хүн андахаа байж, хэвлэлийн хуудаснаас түүний нэр салахаа болилоо.
Марк Зукербергт фэйсбүүкээ 19 тэрбум ам.доллараар зарчих хэмээн санал тавьж, сансарын тээврийг хөгжүүлэх зорилготой Space-X компанийг үүсгэн байгуулж, хүний түүхэн дэх анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг зохион бүтээсэн гээд түүний талаарх мэдээллүүдийг бид аль хэдийнэ мэдэх болсон. Гэвч энэ залуу хаанаас, хэзээ ийнхүү цойлон гарч ирсэн болон түүний бага нас, амжилтанд хүрсэн замналынх нь талаар хүн бүр мэдэхгүй.
Элон Рийв Маск 1971 оны 6 сарын 28-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претория хотод төржээ. Түүний ээж Майяи Маск нь Канадаас Өмнөд Африкт ирсэн загвар өмсөгч мэргэжилтэй нэгэн бол аав Эрол Маск нь Өмнөд Африкийн уугуул, электромеханикийн мэргэжилтэй хүн байдаг аж. Элон дороо Кимбал хэмээх эрэгтэй, Тоска гэдэг эмэгтэй дүүтэй. Дүү нар нь түүнээс ердөө гурав болон нэг насны зөрүүтэй тэрсхэн өссөн юм.
Бага байхдаа Элон яг л номын цагаан солио тусчихсан мэт номыг хойно хойноос нь цувуулан уншдаг хүүхэд байжээ. Тэр номноос гадна компьютерт нэлээн хорхойтой хүүхэд байсан бөгөөд 12 настайдаа анхныхаа компьютерийн жижиг хэмжээний програмыг зохион бүтээсэн байдаг.
Ингээд зогсохгүй өөрийн зохиосон BASIC суурьтай програм дээрээ үндэслэн Blaster нэртэй видео тоглоомыг бүтээж, улмаар үүнийгээ PC and Office Technology хэмээх тухайн үеийн алдартай сэтгүүлд 500 доллараар зарсан түүхтэй.
Элоныг дунд сургуулиа амжилттай төгсч, Өмнөд Африкийн Хөвгүүдийн коллежид суралцаж байх үед гэр бүл нь ээжийнх нь төрсөн нутаг Канад руу нүүсэн байна. 17 нас хүрч, эрийн цээнд хүрсэн Маск Канадын Онтарио мужийн Хатан хааны нэрэмжит их сургуульд орж, амжилттай суралцан төгслөө. Тэр бүр дунд сургуульд байхаасаа л сурлагаараа бусдыгаа хошуучилсан шилдэг сурагч байсан гэдэг.
Авьяас, эрч хүч, мэдлэг боловсрол нь цээжиндээ багтаж ядсан залуухан хөвгүүнд Канадын боловсрол хангалтгүй санагдсан тул хүн бүхний мөрөөдөл болсон АНУ-ын Пенсильванийн их сургуулийг зорилоо. Пенсильванийг тэрээр физикийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгссөн аж. Гэвч энэ нь өөрт нь хангалтгүй санагдсан тул дахиад л сурахаар шийдэж, Уортоны бизнесийн сургуулийг эдийн засагчаар бакалаврын зэрэгтэй суралцаж, төгслөө.
Ингээд ханашгүй их хүсэлтэй залуухан эр 1995 онд өөрийн дүү Кимбалтайгаа нийлж ZIP2 нэртэй програм хангамжийн компанийг үүсгэн байгуулжээ. ZIP2 тухайн үеийн голлох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох өдөр тутмын сонинуудад зориулан City Guide хэмээх интернэт танилцуулгыг зохион бүтээжээ. Тэгээд үүнийгээ Нью-Йорк Таймс, Чикаго Трибюн сонинуудтай хамтран олон нийтэд хүргэж, олсон орлогоо хуваан хүртэх болов.
Нью-Йорк, Чикаго мэтийн Америкийн томоохон хотуудад ирсэн гаднын хүмүүс хаанаас ямар ресторан хайж олох, ингэхийн тулд ямар автобус, таксинд суухаа мэдэхгүй төөрөлдөх нь хэвийн үзэгдэл тул Элоны дүүгийнхээ хамтаар зохиосон City Guide хэмээх интернэт танилцуулга тухайн үедээ тренд болсон гэдэг. Ингээд мөнгөтэй ч, бас зохих байр суурь, нэр нөлөөтэй ч боллоо.

Гэвч энэ нь түүний амьдралын эргэлтийн гол цэг биш байсан юм. Энэ бол ирээдүйд дэлхийг байлдан дагуулах агуу CEO-ийн амжилтынх нь эхлэл төдий байлаа.

Тухайн үеийн технологийн салбарт хүчтэй тоглогч байсан алдарт Qompac Элон Маскын ZIP2 компанид хөрөнгө оруулалт хийх санал тавилаа. Ингэхдээ Qompac нийт 307 сая ам.доллараар түүний бяцхан компанийг үнэлснээс 22 саяыг нь залуухан програмистын гар дээр бэлнээр тавьсан гэдэг. Энэ бол үсрэнгүй амжилт байсан юм. Учир нь Маск тэр үед дөнгөж 24 настай байлаа.
Нэгэнт их хэмжээний мөнгөтэй болсон залуухан инженер, програмист, бас эдийн засагч маань нэг хэсэгтээ чимээгүй болж, сураг алдарсан байна. Ингээд 1999 онд гэнэт ил гарч ирж, сансарын тээврийг хөгжүүлэх Space-X компаниа үүсгэн байгуулсан юм.
Түүнийг сансарт жуулчин илгээнэ. Хүн төрөлхтөн сансар луу нүсэр том сансарын хөлгөөр биш, харин энгийн нэг онгоц, бүр таксигаар зорчдог болно хэмээн ярихад нь олон хүн “мөрөөдчихсөн пацаан” хэмээн ёжлонгуй дооглон басамжилж, үлдсэн хэсэг нь яаж вэ хэмээн гайхаж хачирхан хүлээн авсан гэдэг.
Гэвч өнөөдөр уйгагүй судалгаа шинжилгээ, асар их ажлын эцэст тус компани олон улсын сансарын станц руу ачаа тээвэрлэдэг болсноос гадна задгай сансар луу онгоцоор хүн тээвэрлэх туршилтыг хийчихээд байна. НАСА Элон Маскыг дэмжиж, хамтран ажиллах болсноор дөч шүргэж яваа энэ залуугийн хөрөнгө улам л нэмэгдэх боллоо.
Харин түүгээр овоглодог өөр нэгэн аварга болох Теслагийн тухайд тус компанийг үүсгэн байгуулагч Мартин Эберхард, Марк Тарпеннинг нар өөрсдөө эхэлж Элонд компаниа удирдаж, авч явах саналыг тавьсан түүхтэй. Ухаалаг, алсын хараатай Маск тэдний саналыг дуртай хүлээн авч, Теслад олон саяын хөрөнгө оруулалт хийж, улмаар Захирлуудын зөвлөлийнх нь дарга болоод авчээ.
Гэвч ид хийж бүтээх хүсэл эрмэлзлээр бялхсан гүйцэтгэх захирлыг 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал хэмээх айхтар хар шуурга нөмрөн авах нь тэр. Энэ шуургыг даван гарч чадалгүй олон ч бизнесийн байгууллагууд хаалгаа барьж, дампуурлаа зарлаж байсан тэр хэцүү цаг үед залуухан СЕО бусад шиг шантарч, няцсангүй. Тэр хүний түүхэн дэх анхны зуун хувь цахилгаан автомашины төслийг боловсруулж, улмаар үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Тесла эдийн засгийн томоохон хямралыг амжилттай даваад зогсохгүй дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болж чадсан юм.
Ердөө гуравхан хоногийн өмнө Элон Маск Тесла компаниа хувьд шилжүүлэх болсноо зарласан нь дэлхийн санхүүгийн ертөнцийг “хөөрхөн” бужигнаанд оруулаад байна. Хувьцааны нийт үнэлгээ нь бараг 50 тэрбум ам.долларт хүрчихээд байсан компаниа яагаад ийнхүү хувийн компани болгохоор шийдсэнийг мэргэжилтнүүд Тесла сүүлийн жилүүдэд ашиг муутай, зардал ихтэй ажилласантай холбон тайлбарлаж байгаа юм.
Ингээд гэнэтийн цочмог шийдвэр гаргаж, дэлхий дахины анхаарлыг дахин нэг удаа өөртөө татаад байгаа манай гаригийн хамгийн баян залуугийн Big Think вэб сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагын хэсгээс хүргэе.
Та өрсөлдөгч автомашины компаниудаас гарч байгаа шинэлэг санал санаачлага бүрийг алдалгүй ажиглаж байдаг биз?
Бусад компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн машины агаар мандалд ялгаруулж буй утаа буюу нүүрсхүчлийн хийг багасгахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж эхэлж байна. Энэ нь мэдээж сайшаалтай хэрэг. Би талархалтай хандаж байгаа.
Тэгвэл засгийн газар энэ тал дээр ямар санал бодолтой байдаг юм бэ. Цаашид шатахуунаар ажилладаг автомашинуудыг үйлдвэрлэсээр байх уу?
Засгийн газар шатахуунд өндөр татвар оноох хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол дараагийн арван жилд шатахууны үнэ эрс өсөх болно. Ийм тохиолдолд манайх шиг цахилгаан автомашиныг хүмүүс олноор нь худалдан авч эхлэх юм л даа. Гэхдээ энэ бол миний ганцаараа шийдэх асуудал биш.
Цахилгаан автомашины зах зээл дээр танайхаас гадна Хятадын машин үйлдвэрлэгчид хүч түрэн орж ирж байна. Энэ таны санааг зовоохгүй байна гэж үү?
Хэдийгээр өнөөдөр хятадуудын үйлдвэрлэж байгаа цахилгаан автомашинууд чанар, аюулгүй байдлын хувьд манайхыг гүйцэхгүй байгаа ч цаашдаа яван чангарч, бидэнтэй эн тэнцүү өрсөлдөхүйц чанарлаг машинуудыг зах ззээлд нийлүүлж эхлэх нь дамжиггүй. Одоогийн байдлаар хурд, аюулгүй байдлын баталгаа гээд нэг бус зүйлээрээ хятад цахилгаан машинууд тийм ч сайн биш байна. Үнэнийг хэлэхэд би тэдгээр хятад машинуудыг нэг ч удаа тест хийж, судалж үзээгүй л дээ.
Та Теслаг тохь тух, чанараараа Хенри Фордын бий болгосон шиг амжилтыг давтаж чадна гэж бодож байна уу?
Үгүй дээ. Цахилгаан машин бол орчин цагийн эд. Харин Хенри Форд, түүний үйлдвэрлэсэн алдарт Модель-Т загвар бол хүний түүхийн шилдэг автомашин. Тесла заавал Модель-Т-ийн амжилтыг давж гарах албагүй.
Space-X шинээр ашигтай гэрээ хэлцэл хийхээр бэлдэж байгаа юу. НАСА-тай хамтарч байгаа байх аа?
Мэдээж НАСА бол манай номер нэг хамтрагч. Дээр нь бид Малайз, Швед улсуудтай хиймэл дагуул хөөргөх чиглэлээр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жил Малайзын хиймэл дагуулыг тойрог замд амжилттай зөөвөрлөн оруулж өгсөн.
Програмист хүнээс Цахиурын хөндийд өрнөж буй үйл явдлуудын талаар асуухгүй өнгөрч болохгүй. Та Google, Twitter-ийг худалдан авч магадгүй талаарх олон нийтийн дунд тарсан яриаг юу гэж бодож байна?
Хэрвээ би Google-ийн СЕО байсан бол ямар ч эргэлзээгүй Twitter-ийг мөнгөөр цохиж худалдан авах байсан. Энэ бол Google-ийн хувьд хамгийн зөв алхам болох учиртай.
Тэгвэл нарны эрчим хүчээс зуун хувь хараат мөрөөдлийн хотын талаар та юу хэлэх вэ?
Энэ бол хоосон мөрөөдөл биш, биелэх боломжтой төсөл. Өнөөдөртөө нарны эрчим хүчний хэрэглээ нэлээн зардал өндөртэйд тооцогдож байна. Гэвч яваандаа нарны эрчим хүчийг чулуужсан түлшний эрчим хүчтэй хослуулах замаар илүү хямд өртөгтэй байгалийн эрчим хүчийг бий болгох бүрэн боломжтой. Би өөрийнхөө санаачилсан энэ төслийг амжилтанд хүртэл нь явах болно.
Таны толгойд хамгийн сүүлд ямар шинэлэг санаа төрсөн бэ?
Шинэлэг санаа гэснээс хэн ч юм бэ дээ. Бас нэг авьяаслаг залуугийн удирдлага доор Калифорни мужид лазерын туяаны хамгийн сүүлийн үеийн маш хүчирхэг хувилбарыг амжилттай туршиж үзсэн гэсэн мэдээлэл би саяхан авлаа. Гэвч энэ талаар одоогоор олон нийтэд хандаж ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байх шиг байна.
Дөч шүргэж яваа энэ мундаг залуу хувьдаа Формула-1-ийн уралдааны зориулалттай Мерседес Мкларен хэмээх осолд орсон тохиолдолд эвдэрдэггүй автомашин, мөн Aero-L 39 загварын сүүлийн үеийн нисэх онгоцыг эзэмшдэг. Хэдийгээр анхны эхнэр болох зохиолч эмэгтэй Жастин Вилсоноос төрсөн бяцхан хүү нь мэдрэлийн хүнд өвчнөөс болж нас барсан ч өдгөө тэрээр таван хүүхэд, тэр дундаа хоёр ихэр хүүхдийн аав болсон аж.
Гурван удаа гэрлэсэн Элоныг гэр бүлийн хувьд аргаа олохгүй яваа нэгэн хэмээн шүүмжлэгсэд цөөнгүй бий. Гэвч дөч байтугай тавин насандаа амьдрах аргаа олох нь бүү хэл өөрийгөө олохгүй яваа эрчүүд гудамжаар дүүрэн болсон энэ цаг үед 20 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй, гурав, дөрвөн ч компанийн эзэн, нэг бус шинэлэг бүтээлийн оюуны өмчийг албан ёсоор эзэмшигч түүнийг манай гаригийн залуусын сор нь гэж хэлэхээс өөр аргагүй.
Эцэст нь сонирхуулахад Марк Зукерберг “Чи надаас ийм өндөр үнээр фэйсбүүкийг маань худалдан авч яах гэж байгаа юм” хэмээн асуухад хариуд нь Элон Маск “Би чамаас авангуутаа маргааш нь чиний зохиосон хэнд ч хэрэггүй энэ платформыг чинь сервертэй нь цуг шууд устгаж, хүн төрөлхтөнд буян үйлдэх болно” хэмээн хариулсан гэдэг.
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us