Google компанийн судлаачид квант компьютерын салбарт томоохон дэвшил гаргаснаа өчигдөр зарлажээ.
Өчигдрийн “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн тайланд өгүүлснээр тэд өөрийн хөгжүүлсэн квант процессорыг ашиглан өнөөдрийн хамгийн хурдан компьютерын хэдэн мянган жилийн хугацаанд бодож чадах тооцооллыг хэдхэн секундэд гүйцэтгэсэн гэсэн байна.
Квант компьютер нь бидний хэрэглэдэг уламжлалт компьютерээс өөр зарчмаар (квантын онол дээр тулгуурладаг) ажилладаг бөгөөд одоогоор туршилт, судалгааны шатандаа яваа юм.
Квант компьютер амьдралд хэрэгжвэл өнөөдрийн компьютеруудаас олон сая дахин өндөр хурдтайгаар даалгавар гүйцэтгэнэ гэж үздэг.
Тэгвэл Google-ийн мэргэжилтнүүд үүнийг туршилтаар батлан харуулснаа зарлажээ.
Тэд өөрийн бүтээсэн 54 qubit процессорыг ашиглан өнөөдрийн хамгийн хурдан компьютерын 10,000 жилийн хугацаанд гүйцэтгэж чадах тооцооллыг ердөө 200 секундэд гүйцэтгэсэн гэж мэдээлсэн байна.
Өнөөдрийн компьютерын ашигладаг мэдээллийн нэгжийг бит (bit) гэдэг бол квант компьютерт qubit гэж нэрлэдэг.
Квант компьютерын салбарт өнөөдөр Google-ээс гадна IBM компани өрсөлддөг. IBM-ийн мэргэжилтнүүд “квант компьютерын хөгжил ийм түвшинд хүрэх хараахан болоогүй” гэж мэдэгдээд өрсөлдөгчийнхөө гаргасан амжилтад эргэлзэж байгаагаа илэрхийлцгээжээ.
Эх сурвалж: Tech Insider
Сэтгэгдэл бичих