Дээд боловсролын диплом гардсан хамгийн залуу хүнээр Нидерландын есөн настай хүү тодорно гэж ВВС мэдээллээ.
Есөн настай Лоран Симонс хүү хэдэн сарын дараа Эйндховены Техникийн их сургуулийг төгсөх юм байна. Харин одоогоор дээд боловсролын дипломтой хамгийн залуу хүн нь Алабамагийн их сургуулийг дүүргэсэн, Америкийн 10 настай Майкл Карни хүү юм байна.
Удахгүй хамгийн залуу дээд боловсролтой хүнээр тодрох Лоран Симонс цахилгаан техникийн факультетэд суралцдаг бөгөөд ердөө жилийн өмнө Техникийн их сургуульд элсэн оржээ. Тэрбээр дунд болон ахлах ангиудын зургаан жилийн хөтөлбөрийг ердөө 1,5 жилийн дотор эзэмшиж, өнгөрсөн оны зун найман настайдаа дунд боловсролын гэрчилгээтэй болсон байна.
Зуны амралтын дараагаас вундеркинд /"гайхалтай хүүхэд" гэсэн герман үгнээс гаралтай/ Лоран Симонс их сургуульд элсэн орсны дээр нэг ангийнхнаасаа ч хурдан хөтөлбөрийг эзэмшсэн аж.
Лораны IQ 145 бөгөөд статистик, геометр, алгебрийг өөртөө багтаадаг тул математикийн хичээлд илүү дуртай гэж тэрбээр ВВС агентлагийн сэтгүүлчид ярьжээ.
Ирээдүйд зүрхний мэс засалч болох хүсэлтэй Лоран дунд сургуульд сурч байхдаа Амстердамын их сургуулийн анагаахын факультетын дамжааг дүүргэсэн байна.
Лораны ээж Бельги, аав нь Голландын уугуул, хүү Бельгид төрсний дараахан тэд Нидерланд руу нүүжээ. Гэр бүлд нь вундеркинд өсөн торниж байгааг эцэг эх нь харьцангуй эрт ойлгосон гэх бөгөөд хүү нь үеийнхнээсээ өөр, тоглоом нэг их сонирхдоггүй байсан гэж аав нь ярьжээ.
"Гэнэт тэр мужаан болохоор шийдвэр бид шийдвэрийг нь тайвнаар хүлээн авна. Түүний сонгосон зам аз жаргалтай амьдралынх нь эхлэл болвол бид дэмжинэ" хэмээн Лораны аав ярьжээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
Сэтгэгдэл бичих