Дэлгэцэнд гарч буй кино бүрийн ард өөр өөр санаа, зорилт, бодлого, хүсэл байдгаас үл хамааран дэлхийн улс орнуудад зохиогдож буй наадмууд нэг л чиг өөд, өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд гарахад нь тусалж байдаг нь хэнд ч нууц биш. Кино наадмуудыг зохион байгуулах эрхийг 1977 оноос хойш олгож буй Олон улсын кино продюсеруудын ассоциаци (FIAPF) 50 гаруй кино наадам бий хэмээн барагцаалсан бол Холливудын “Variety”, Их Британийн “Screen International” сэтгүүлд нийтэлснээр дэлхий даяар 900 гаруй кино наадам зохиогддог гэнэ. Дуугүй, шинэ, эротик, “ногоон”, хүний эрхийн төлөөх, шашны сэдэвт, феминист, баримтат, зөгнөлт, аймшгийн, адал явдлын, андерграунд, инээдмийн, гар утсаар авсан гээд төрөл бүрийн чиглэлийн, Роттердам, Берлин, Юта зэрэг олон хотод кино наадам болж байна. Энэ олон наадмын шилдэг тав гэж эрэмбэлэгддэг фестивалийг нэрлэж байна.
Канн
Жил бүрийн тавдугаар сарын дундуур, 12 өдрийн турш үргэлжлэх Каннын кино наадам анх 1939 оны есдүгээр сарын 1 буюу дэлхийн II дайн эхэлсэн өдөр зохион байгуулагдаж байсан ч албан ёсоор төрсөн өдрийг нь 1946-ны есдүгээр сарын 20 хэмээн тооцдог. Алтан дал модны төлөөх өрсөлдөөнийг хүссэнээ борлуулж болох кино зах хэмээн шүүмжлэх нь бий ч нэр хүнд, хүрэлцэн ирэх зочид, далайц, хамрах хүрээгээрээ дэлхийн кино урлагийн аварга шалгаруулах тэмцээн. Наадамд толилуулж буй бүтээлүүдийг тасалбараар үзэж болохгүй цорын ганц наадам бол Канн. Өөрөөр хэлбэл, наадам нийтийнх бус, гагцхүү сонгогдсон хүрээнийхний, цөөнхийн арга хэмжээ. Каннын кино наадмыг сурвалжлэх хэвлэл, мэдээллийн ажилтнуудын тоо зөвхөн Олимпын наадмын дараа орно. Каннын уур амьсгал “хөрөнгөтөн” шинжтэй, эрвээхэй зангиа, ёслолын хүрэм, Люмьер танхимын улаан шат, хивс, гэрэл зургийн аппаратны гялбаа бол байх ёстой “хөтөлбөр”. Мөн дуулиан тарьж буй бүтээлүүдийг үзэх, өөрсдийгөө сурталчлах, киногоо олонд хүргэх зорилготой уран бүтээлчдийн уулзах газар нь уг наадам. Барууны хэвлэлүүдийн тооцоолсноор, хамгийн нэр хүндтэй найруулагч, продюсер, уран бүтээлчдийг цуглуулдаг наадам нь Канн аж.
Мэдээж, Каннын кино наадам Францын кино урлагийн ашиг сонирхлыг бусдаас арай дээгүүрт тавина. Наадмын уралдааны хөтөлбөрт багтсан кинонуудын дийлэнхэд “франц мөнгө” зарцуулагдсан байхыг төвөггүйхэн ажиглаж болно. Гэвч кино урлагийн шинэ чиг хандлагыг тогтоох үндсэн зорилгод эл үзэгдэл нөлөөлдөггүй. Ямар кино гаргах, алийг нь гаргахгүй байхыг наадмын удирдлага Жиле Жакобе, Тьерри Фремо нар шийдэх бөгөөд тэдний удирдлага дор хэдэн арван шилдэг мэргэжилтэн ажилладаг.
Берлин
Берлинал буюу Берлиний кино наадам хоёрдугаар сарын эхээр 11 өдөр үргэлжилдэг, гол шагнал нь Алтан баавгай. 1951 онд их Британи, Франц, АНУ-ын офицерууд Баруун Германд анх зохион байгуулсан уг наадам мэргэжлийн уран бүтээлчид болон энгийн үзэгчдийн аль алинд зориулагдсан. Наадмын үеэр кино гаргадаг танхимууд пиг дүүрч, тасалбар худалдах кассанд урт дараалал үүсэх нь энгийн үзэгдэл. Каннын кино наадмын хувьд урлаг тэргүүн байранд тавигддаг бол Берлинд улс төр ба нийгмийн сэдэвт илүү анхаарал хандуулдаг. Хамгийн флегматик хэмээн шүүмжлүүлдэг Берлинал хэзээ ч, хэнтэй андуурахын аргагүй өөрийн гэсэн өнгө төрх, үзэгчтэйгээрээ онцлог. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Берлиналын “диктатор” Мориц де Хадельн албан тушаалаас буусны дараа түүний залгамжлагч Дитер Коссликаас илүү дорвитой, уран бүтээлч өөрчлөлт хүлээсэн ч талаар өнгөрч, мөнөөх наадмын уур амьсгал мөнөөх л улстөржсөн хэвээр үлдсэн билээ. Гэлээ ч, үндсэн “хоол”-ыг амттан, хачираар чимэглэхийн үлгэрээр бэлгийн цөөнхийн эрх ашгийг хөндсөн зэрэг өвөрмөц шийдэлтэй кинонуудыг уг наадмын үеэр “амтархаж” болно. Коссликийн хийсэн дорвитой шинэчлэл нь залуу уран бүтээлчдийн кампус. Улс орнуудын залуу уран бүтээлчид, шүүмжлэгчдэд зориулсан энэхүү уралдааны зорилго кино зах зээлд шинэ орон зайг бий болгохоор зорьсных, нөгөө талаас герман кино, найруулагч, продюсеруудыг дэмжих бодлого хэмээн үзэх нь бий.
Венец
2010 оноос хойш есдүгээр сарын 1-11-ний хооронд зохиогддог болсон Венецийн кино наадам хамгийн “ахмад” фестивалиудын нэг. 1932 оноос хойш зохиогдсон наадмын гол шагнал Алтан арсланг Лукино Висконти хамгийн олон буюу таван удаа хүртсэн юм. Фестивалийн хөтөлбөрт хамрагдсан өглөөний үзвэрүүд ихэвчлэн мэргэжлийнхэнд зориулагдсан байдаг ч оройн үзвэрүүдийг дунджаар 10 еврогийн үнээр энгийн иргэд үзэж болно. Канн шиг оддын бус энгийн, тайван уур амьсгалд сайхан бүтээлүүдтэй танилцах боломжийг Венецийн наадам олгодгоороо онцлог. Венецээс холгүй орших Лидод болдог энэ наадмыг киночид төдийгүй жуулчид зорин очдог. Муссолинигийн таалдаг байсан энэ фестиваль Берлинийхээс илүү улс төржсөн хэмээн шүүмжилж, Лени Рифеншталийн хоёр ч бүтээл тус наадмын гол шагнал хүртсэнээр жишээ татагч олон. 1979 оноос Венецийн кино наадам “дахин төрж”, Францынхтай өрсөлдөх зорилгыг өмнөө тавьсан гэдэг. Берлиний кино наадмыг герман, Канныхыг франц хүн удирдаж байхад Венецийн кино наадмыг герман, швейцарь хүмүүс даргалаад амжсан. Нөгөө талаас Венецийн кино наадмын удирдлага алдаа гаргасан даруйд суудлаас нь авах хэмжээний хатуу шийтгэл хүлээдэг халгаатай албан тушаал. Тиймдээ ч сүүлийн 15 жилийн хугацаанд Жилло Понтекорво, Альберто Барбера, Мориц де Хадельн нар тус фестивалийн удирдлагаар ажиллаж байлаа.
Санденс
Нэгдүгээр сарын сүүлчээр 11 хоног үргэлжилдэг Санденс кино наадам бол Америкийн андерграунд киноны толь билээ. Америкт болдог хамгийн нэр хүндтэй наадмын нэг Санденсыг жүжигчин Роберт Редфорд 1981 онд санаачилсан бөгөөд “Холливудийн бус” тодотголт бүтээлүүдийг толилуулдагаараа онцлог. Андерграунд кино хувийн брэнд болж буй чиг хандлага уг наадмын үеэр тод ажиглагдана. Хараат бус бүтээлүүдийг олон улсын зах зээлд гаргах, аз таарвал олон саяын гэрээ хийж чадах, эс бөгөөс нийтээр үзэж заншсан кинонуудаас түр холдох боломжийг олгодог хэмээн найруулагч Жим Жармуш нэгэнтээ Санденсыг дүгнэжээ.
Торонто
Есдүгээр сарын дундуур 11 хоног үргэлжлэх Торонтогийн кино наадмыг 1970-аад онд үндэслэсэн. Умард Америктаа хамгийн нэр хүндтэйд тооцогдох энэ наадмыг Пирс Хендлинг удирддаг. Торонтогийн наадам киноны зах зээлд гарч буй шинэ бүхнийг үзэгчдэд санал болгож, Холливудаас эхлэн хоррор, эротик хүртэлх төрлийн бүтээлээр зочид хийгээд үзэгчдийг “дайлдаг. Уг наадамд тэмцээний хөтөлбөр байдаггүй. Өөрөөр хэлбэр, гол шагнал бол үзэгчдийн таашаал. Гэлээ ч Торонтогийн наадмын үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл Оскар, дор хаяж уг шагналд нэр дэвших алтан боломжийг дагуулдаг болсоор 20-иод жил өнгөрчээ.Торонтогийн кино наадмын гол шагналыг хүртсэн бүтээл Оскарын шагнал хүртсэн жишээг “Америк гоо үзэсгэлэн ”, “Гэтэж буй бар, нуугдаж буй луу”, “Эрдэнэс” зэргээс харж болно. Кинонд дурлагчид, жуулчид, жүжигчид, найруулагчид, шүүмжлэгчид, сэтгүүлчид гээд үхрийн бөөр мэт зочдыг нэрт дор цуглуулдагаараа фестиваль онцлог.
Сэтгэгдэл бичих