Зул сарын баяр нь Христийн шашинтнуудын хамгийн гол баяруудын нэг. Зул сарын баярын шөнө хүсэл биелдэг хэмээн итгэдэг бөгөөд энэ баяртай холбоотой тогтсон уламжлал, итгэл үнэмшил үндэстэн бүрд байдаг. Зул сарын баярын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
- Александрын шашны номлогчид М.Э.Ө. 200 онд Зул сарын баярыг тавдугаар сарын 26-нд тэмдэглэх санал гаргаж байжээ. Энэ нь түүхэнд дэх анхны тохиолдол. 320 оноос эхлэн Зул сарын баярыг арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэх болжээ. Энэ өдөр нарны төрсөн өдөр. Католик сүм арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баярын өдөр хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрдөг.
- Зул сарын баярын өдөр бие биедээ бэлэг өгөх уламжлалтай. Энэ уламжлал эртний Ромд хүүхдүүдэд бэлэг өгснөөр анх тогтжээ.
- Зул сарын баярын ил захидлыг анх Английн иргэн Хэнри Коул 1843 онд санаачилжээ.
- 1810 онд АНУ-д Санта Клаусын одоогийн дүрийг бүтээжээ. Санта Клаусын унаа болох бугыг Адман Роберт Мэй 1939 онд зохиожээ.
- Эхэндээ гацуур модыг Шинэ жил бус Зул сарын баярт зориулан чимэглэдэг байжээ. Гацуур мод нь Христийн мод бөгөөд мөнх ногоон мод нь сэргэн мандахын бэлэг тэмдэг. Хиймэл гацуурыг анх германчууд бүтээжээ. Эхэндээ гацуурыг галууны өдөөр хийдэг байв. Диваажингийн модыг бэлгэддэг гацуурыг эхэндээ жимс, цэцгээр чимэглэдэг байсан байна. Дундаж зууны үеэс эхлэн Зул сарын модыг самар, боргоцой, чихрээр чимэглэх болжээ. Саксоны шил үлээгчид анх шилэн тоглоомыг хийсэн бөгөөд диваажингийн алимны хэлбэртэй байсан гэнэ. Харин XIX зууны дунд үеэс эхлэн өнгө өнгийн бөмбөлөг их хэмжээгээр үйлдвэрлэх болсон байна.
- 2004 оны арванхоёрдугаар сард Их Британийн нийслэлд түүхэн дэх хамгийн том хэмжээтэй буюу 33 метр урт, 15 метр өргөн Зул сарын оймсыг бүтээжээ. Гэгээн Николас нэгэн ядуу гэр бүлийн яндангаар орж, оймснуудад алтан зоос үлдээгээд гарсан тухай домог бий. Үүнээс хойш оймсыг бэлгээр дүүргэх уламжлал тогтжээ.
- АНУ-д жилд гурван сая орчим ил захидал илгээдэг аж.
- Зул сарын модыг чимэглэх уламжлалт өнгө бол ногоон, алтан шар, улаан.
- Гиннесийн номд бичигдсэн хамгийн өндөр гацуур 66 метр байжээ. Түүнийг Сиэттл хотод 1650 онд байрлуулж байсан гэнэ. Зул сарын модыг АНУ-д 1850 оноос хойш худалдаж эхэлжээ. Гацуурыг борлуулахаас өмнө 5-10 жил арчилж ургуулдаг байна.
- Европчууд Зул сарын баярын битүүний өдөр сүнснүүд сэрдэг гэж итгэдэг. Хожим нь тэдгээрийг Санта Клаусын эльф хэмээн үздэг болжээ. Сүнснүүдийг “хооллохын” тулд европчууд битүүний шөнө ширээн дээр үр тарианы зутан үлдээдэг байжээ.
- Дотнын хүмүүстээ бэлэг сонгон дэлгүүрээр хэсэхдээ хүн дунджаар найман км зайг туулдаг аж. Зул сарын баярын битүүний өдөр АНУ-д нэг минутад 5340 бэлэг зарагддаг бөгөөд дэлгүүрүүд Зул сарын өмнөх нэг сарын хугацаанд жилийн орлогын 70 хувийг олдог байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл бичих