Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэхдээ гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүү бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж хийгдсэн өөрчлөлтүүд юм. Тухайлбал, 2002 онд Иргэний хууль, 2011 онд Нотариатын тухай, 2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай, 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, 2018 онд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Гэр бүлийн тухай хууль гуяа дагасан хүзүү мэт явж ирсэн байна.
Гэвч практикт гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болжээ. Мөн гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэмжээ хугацаандаа бүрэн төлөхгүй, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн зан төлөв сэтгэхүй, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөх болсон.
2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9, 13.6 хувь нь 4-6, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг жил хамт амьдарчээ. “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг ч зарим тохиолдолд төрийн зүгээс эр, эмийн хооронд илжиг шиг жороолохоос өөр аргагүй байгаа нь дээрх үзүүлэлтүүдээс харагдаж байна.
Гэрлэлт цуцлалт нь хөдөлмөр эрхлэлт, санхүүгий шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас болдог байна. Энэ нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгааг харуулж байна. Бүр өмнө нь хуульд багаагүй шинэ харилцааг ч хуульчлах шаардлага тулгарчээ. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны зохицуулалтыг нарийн тусгаагүй байдаг ажээ. Гэтэл практикт гадаадын иргэн, харьяалалгүй этгээдтэй гэрлэх, гэрлэлт цуцлах, гадаадын гэр бүл, иргэнд хүүхэд үрчлэлттэй холбоотой асуудлууд гарах болжээ. Тиймээс нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулахаар Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг төслийн хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийдэхээр төлөвлөөд байна.
Eagle.mn
Сэтгэгдэл бичих