Ирландын тулаанч Конор МакГрегор өнгөрсөн жил Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш анхныхаа тулааныг хийх гэж байна. UFC 246 тэмцээнд Дональд Серронетой гар зөрүүлэхээсээ өмнө Конор Канадын спортын сэтгүүлч Ариэль Хельванитай уулзаж, илэн далангүй ярилцжээ.
Түүний ярилцлагаас сонирхолтой хэсгүүдийг түүвэрлэн толилуулъя.
“Би сүүлийн хэдэн сар архи уугаагүй байгаа. Архинаас гарахаасаа өмнө хэдэн долоо хоног тасралтгүй ууж байлаа. Хабибтай тулалдахаасаа өмнө ч би уусан. Бэлтгэл хийж байхдаа л уудаг байлаа. Яагаад гэдгээ мэдэхгүй юм. Уг нь би тулааны өмнө уудаггүй. Харин тэр үед архины хамааралтай болсон байлаа. Зүгээр л энэ хорыг уумаар санагдаж байсан”
“2020 оны сүүлээр Москвад Хабибтай тулалдах зорилготой байгаа. Би үнэхээр хариугаа авахыг хүсэж байна. Би Москвад байсан, үнэхээр сайхан хот. Ер нь Орос орон тэр чигээрээ сайхан. Оросууд ч таалагдсан. Хабиб, чи надаас зугтаж болно, гэхдээ нуугдаж чадахгүй шүү. Намайг 10 дараалан ялсан цагт тулалдана гэж чи хэлсэн. Энэ чинь чамайг айж байгааг харуулж байгаа юм”
“Нурмагомедов, Фергюсоны тулаан болохгүй байх. Би Фергюсоны оронд торонд гарахад бэлэн байна. Серронетой тулалдаад би 80 орчим сая ам.доллар авна. Гэхдээ энэ тулаан миний сонирхлыг татахгүй байгаа. Мөнгө надад хангалттай бий. Би хүссэнээрээ амьдарч чадаж байна. Харьцуулж эхлэхэд Хабибтай зодолдоод 50 сая ам.доллар авч байлаа. 35 настайдаа би долларын тэрбумтан болно”
“Би бокст маш их дуртай, бас үзэлцэж ч чадна. Боксоор аварга болмоор байна. Гэхдээ эхлээд Флойдтой хариу тоглолт хийх шаардлагатай. Би хариугаа авах хэрэгтэй байна. Эхний тоглолтод ч би түүнийг зодсон, одоо ч зодно. Мэнни Пакьяотой боксын тулаан хийх гэрээ байгуулах гэж байсан ч саад гараад бүтээгүй. Мэннитэй тулалдмаар байна. Дараа нь Малиньяжи”
Zindaa.mn
Сэтгэгдэл бичих