Xaxa.mn

Муур амьдралынхаа 70 хувийг унтаж өнгөрүүлдэг

Муур дэлхий дээр хамгийн түгээмэл гэрийн тэжээмэл амьтны тоонд зүй ёсоор багтана. Муурыг шүтээнээ болгосон Эртний Египетэд муурыг анх гэршүүлсэн гэж үздэг байсан ч 2007 оны судалгаагаар МЭӨ 8000 жилийн өмнө Ойрхи Дорнодод гэршсэн тав хүртэл тооны Африкийн цоохондойгоос гаралтайг тогтоожээ. 
Муур маш уян хатан тул толгойнхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чадвар сайн бөгөөд биеийн өндрөөсөө 5 дахин илүү буюу 1.5 метр орчим үсэрч чаддаг. Цагт 60 км орчим хурдлах чадвартай хэмээгдэх ба эгшин зуур богино зайд өндөр хурд гаргах боловч хол давхихгүй. 
Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй. Харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм ч сайн биш. 2-6 метр доторхийг тод сайн харна. Түүнээс ойр, эсвэл хол зүйлийг харахдаа тааруухан.
Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэснээр сайн хардаг. Муур хэдийгээр хөх, улаан, ногоон өнгийг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар харна. 
Бусад амьтадтай харьцуулахад хамар нь гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч үнэрлэх чадвар хүнээс хэдэн арван мянга дахин өндөр. Мууранд "хамрын хээ" гэж байдаг. Энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. Нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийх нь бараг үгүй. Муур нь хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн, бишийг ялгахад ашигладаг. 
Муурын таван мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол гэж болно. 60 герц-65 килогерц хүртэл гэж тооцогддог. (Нохой 40гц-47кгц, Хүн 20гц-20кгц) Энэ нь хулгана зэрэг жижиг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан юм. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг ажээ. Тэр ч бүү хэл, чимээг хаана, яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар нь юм. 
Муурын урд хөл нь тав, хойд хөл нь дөрвөн хуруутай байдаг. Гэвч урд хөл нь 6, хойд хөл нь 5 хуруутай муур цөөнгүй байдаг аж. "Гиннесийн ном"-д хойд, урд хөлөндөө тус бүр 7 хуруутай, нийт 28 хуруутай муур тэмдэглэгдсэн байдаг ажээ. 
Сүүл нь биеийн урттайгаа бараг ойролцоо. Зарим үүлдрийн муур маш богино, эсвэл сүүлгүй байх нь бий. Гүйх, харайх, үсрэх зэрэгт хөдөлгөөний тэнцвэрээ олоход хэрэглэгдэнэ. Түүнчлэн юу илэрхийлж байгааг нь сүүлээр нь мэдэж болно.
  • Сүүлээ босгох- Харьцангуй сайхан ааштай үед. Алхаж байх үед босгосон байх нь элбэг.
  • Хажуу тийш хөдөлгөх- Тааламжгүй үед. Эзэн нь дуудахад мөн хоёр тийш хэд хэд даллан хариулах үе бий. Бас ав хийх, тоглож байх зэрэг үед ажиглагдана.
  • Хойд хөлийн завсар сүүлээ хавчих- Айсан үед.
  • Үсийг нь арзайлган томсгосон- Гайхаж цочсон.
  • Өөр муур болон эзнийгээ ороох- Энэ нь дотно, нөхөрсөг байдлаа илэрхийлж буй хэрэг аж. 
Мууранд энгийн команд сургаж болно. Муур хаалганы бариул доош дарж онгойлгох, хаалга түлхэж нээх зэрэг энгийн механизмыг өөрөө эзэмшиж сурдаг юм. Муур хамгийн залхуу амьтан гэдгийг та мэдэх үү. Өдөрт 16 цаг унтдаг, нэг ёсондоо амьдралынхаа 70 хувийг унтаж өнгөрүүлнэ. 
Таны муур 3 настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур 8 настай бол хүнийхээр 50. 14 настай бол хүнийхээр 72 настайд тооцогдоно. Муурын насыг хүний настай харьцуулсан үзүүлэлтийг танд сонирхуулъя. 

MNB.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us