Их Британийн “Euromonitor International” судалгааны компанийн мэргэжилтнүүд 2010 оноос эхлэн дэлхийн хэрэглэгчдийн зан байдал, төлөвийг судалсаар иржээ. Тэд илүү ёс зүйтэй, эрүүл амьдралын хэв маяг тренд болно гэж зөгнөж байсан нь батлагдсан. Гэхдээ энгийн худалдан авагчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлд өөрсдөө татагдаж орно гэж таамагласан нь одоогоор нотлогдоогүй байна гэж The Wall Street Journal онцолжээ.
Энэ оны эхээр судалгааны компани уламжлалт ёсоор технологийн болон нийгмийн өөрчлөлтүүд хүмүүсийн худалдан авалтад хэрхэн нөлөөлөх талаар прогноз гаргажээ.
Хүмүүс өдөр тутмын амьдралдаа роботуудыг хүчтэй нэвтрүүлнэ
Гэхдээ “Euromonitor” хиймэл оюун ухаан бүхий ухаалаг төхөөрөмжүүдийг робот гэж нэрлэж байна. Тус компанийн мэдээллээр, өнгөрсөн 2019 онд дэлхийн хэрэглэгчдийн 12 хувь дуут туслах бүхий ухаалаг төхөөрөмж хэрэглэж байжээ. Цаашид энэ тоо улам бүр өсөх бөгөөд бусад төхөөрөмж, хэрэгслийг удирдах төв нь болж буй ухаалаг өсгөгч энэ тал дээр давамгайлсан байр суурийг эзэлсэн хэвээр байна. Өнгөрсөн онд гэхэд ухаалаг өсгөгчийн борлуулалтын хэмжээ 11.9 тэрбум ам.долларт хүрсэн бол 2025 онд 35.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. “Euromonitor”-ын явуулсан судалгаанд хамрагдсан хэрэглэгчдийн 41 хувь нь ухаалаг техникт илүү их мөнгө зарцуулахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Үүний сацуу Siri, Google Assistant, Alexa зэрэг цахим туслахууд хүмүүст дуу болон хөдөлгөөнөөр удирдах шинэ дадал, зуршил суулгаж байна. Хэрэглэгчид ухаалаг хэрэглээ, хэмнэлт, аюулгүй байдалд улам тэмүүлж буй нь эрэлтийг бий болгож байна гэж шинжээчид тайлбарлаж байна. Хүмүүс өдөр тутмынх нь тав тухд нь санаа тавьж буй ухаалаг төхөөрөмжид улам бүр татагдаж болжээ гэсэн дүгнэлтийг судлаачид хийжээ.
Илүү цагийг гэртээ
Эдийн засаг, улс төр болон хувийн тодорхойгүй байдлын үед хэрэглэгчид зөн совингоороо гэртээ хорогдохыг илүүд үздэг. Өндөр хурдны интернетийн үйлчилгээ дэлгэрснээр ихэнх хэрэглэгчдэд алсаас ажил төрлөө хийх боломжийг нээж байна. Ажилдаа очих гэж гэрээс гарах шаардлагагүй болсон тэд бусад зорилгоор тэр тусам гадагш гарах хүсэлгүй болно. Эцэст нь “гэрийн буг” болсон хүмүүс цахим худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, гэрийн фитнес үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийг дэмжсээр байх болно. Ажлаа гэрээсээ хийх горимд шилжсэнээр компанийн соёлд төдийгүй хэрэглэгчдийн хувцас, ресторан, зугаа цэнгэлийг сонгох хандлагад өөрчлөлт орно гэдэгт “Euromonitor” итгэлтэй байна.
Аль болох хурдан хүрэх
Хот суурин газрууд тэлэхийн хэрээр замын ачаалал, чихцэлдсэн тээврийн хэрэгслээс болж тээврийн системд сэтгэл хангалуун бус болж байна. Хотын оршин суугчдын хүсэж буй зүйл бол зорьсон газартаа аль болох хурдан хүрэх. Харин ийм боломжийг унадаг дугуй, скүтер зэрэг хэрэгсэл олгож байгаа тул тэдний борлуулалт нэмэгдэж, түрээсийн үйлчилгээ өргөжиж байна. Үүний сацуу тээврийн эдгээр хэрэгсэл экологийн цэвэр хэрэглээний шаардлагыг хангаж буй. Зорьсон газартаа түргэн бөгөөд тав тухтай хүрэх хүсэл чиглүүлэгч аппликэйшнийг хөгжлийг мөн түргэтгэхэд хүргэж байна.
Тиймээс бүх төрлийн тээврийн хэрэгслийг нэг чиглэлд багтаасан зүйл бүр эрэлттэй болжээ. Хамтын хэрэглээний эдийн засаг хөгжихийн хэрээр машин хамтран эзэмших, түрээслэх зэрэг үйлчилгээ тренд болж автомашины худалдан авалт чухал биш болно. Ингэхдээ зөвхөн машин төдийгүй тавилга, гэр ахуйн хэрэгсэл зэрэг удаан эдэлгээт бараанд энэ хандлага хамаарах юм.
Мэдээллийг хурдан бөгөөд сонирхолтой авах
Мэдээллийн илүүдэл анхаарлыг сарниулдаг тул контент аль болох товч, шуурхай байж байж хүнийг “дэгээдэж” чадна. Тиймээс дуу болон дүрстэй мэдээлэл компаниудын хувьд үйлчлүүлэгчидтэйгээ харьцах чухал суваг болох юм. “Euromonitor” энэ трендийг “Сatch me in seconds /Намайг хормын дотор бариарай/” гэж нэрлэжээ.
Google мэдээллээр, алдартай брэндүүд аль хэдийн дүрст контентийг сурталчилгаандаа ашиглаад эхэлсэн. Судалгаанаас үзвэл хэрэглэгчдийн 55 хувь нь сонирхож буй барааг эхлээд хайлтын системд хайж, дараа нь YouTube дээр барааны талаар илүү дэлгэрэнгүйг олж үздэг байна. Энэ тал дээр олон нийтийн сүлжээнүүд дажгүй амжилт олж байгаа. Үүнтэй зэрэгцэн найз нөхөд, гэр бүл, хараат бус борлуулагчид сурталчилгааны найдвар эх үүсвэр болж байна. Учир нь хэрэглэгчид асар их хэмжээний мэдээллийн урсгалаас хамгийн чухлыг асар богино хугацаанд олж авахыг эрмэлздэг.
Нууц мэдээллийн оронд бараа
Хэрэглэгчид хувийн мэдээллийн хамгаалалтаас татгалзаж оронд нь онцгой бараа авахад бэлэн болов уу? Энэ бол корпорацуудын хариултыг нь эрж буй чухал асуултуудын нэг. 2019 онд явуулсан судалгаанд оролцогчдын 40 орчим хувь зорилгот сурталчилгааг хувийн амьдралд нь хөндлөнгөөс орж буй явдал гэжээ. Мэдээлэл алдагдсан эсвэл хууль бусаар мэдээлэл цуглуулсан гэх дуулиант хэргүүд ар араасаа гарч, хэрэглэгчдийн компаниудад итгэх итгэлийг сулруулж байна. Гэхдээ хэрэв хувийн мэдээллийг ашиглах үйл явц нээлттэй болбол залуус хувийн мэдээллээ дуртай хуваалцахад бэлэн аж. Харин одоогийн байдлаар энэ бүгд тунгалаг бус байна. Бидний хувийн мэдээллийг компаниас авахад хялбар эсэхийг шалгах туршилт явуулахад тийм ч хялбар бус аж. Харин олон нийт өөр бодолтой байна. Судлаачдын таамаглаж буйгаар, ирээдүйд хэрэглэгчид хувийн мэдээллээ өөрсдөө хянах илүү боломжтой болно. Тухайлбал, тэд хувийн мэдээллийг нь ямар компани, хэрхэн ашиглаж буйг тандах боломжтой болж, мэдээллийг нь ашиглах эрхийг тэднээс буцаан авах эсвэл зарахаа өөрсдөө шийдэх гэнэ. Үүний тулд хэрэглэгч, компаниудыг холбох тусгай талбар бий болно. Танил санагдаж байна уу? 2019 оны эхээр Интернет санаачилгыг хөгжүүлэх сан мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг санал болгож байсан. Энэхүү өөрчлөлт нь дээрх талбарыг бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилготой байв. Гэвч энэ санаа санал болгохоос цааш яваагүй.
Бараа бүх хүнд хүртээмжтэй байх ёстой
Компаниуд өөрийн бүтээгдэхүүнийг биеийн болон сэтгэцийн хязгаарлагдмал боломжтой зэрэг бүхий л хүмүүст хүртээмжтэй болгоход илүү их анхаарал хандуулах болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, манай гараг дээр нэг тэрбум орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байна. Загвараас авахуулаад тоглоом, нийтийн хоол, интерьер загвар хүртэл өөрчлөгдөхийг хүсэж буй нийгмийн эрэлтийг брэндүүд соргог тусгаж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Дотоодод үйлдвэрлэсэн бөгөөд эко
Хэрэглэгчид дотоодын брэндүүдийг илүү сонгох болно. Учир нь тэдний бодлоор энэ бол экологийн цэвэр бүтээгдэхүүн. Өдгөө хэрэглэгчдийн 27 хувь дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг байнга худалдан авдаг аж. Тэд томоохон корпорацуудаас ч мөн адил дотоодын зах зээлийн онцлог, экологийн асуудалд илүү их анхаарал хандуулна гэж хүлээж байна.
Ер нь экологийн асуудал сүүлийн нэг жилд нэгдүгээр зэргийн асуудал болоод байгаа. “Euromonitor”-н явуулсан судалгаанд оролцогчдын 60 хувь уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол 54 хувь нь илүү ёс зүйтэй, хэмнэлттэй худалдан авалт хийх замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гаргаж буй бүх нийтийн хүчин чармайлтад өөрийн хувь нэмэр оруулна гэж үздэг байна. Ингэхдээ хэрэгцээгүй зүйлээ дахин боловсруулалтад явуулах нь хангалттай биш болжээ. Эл зүйлээ дахин ашиглах нь хамаагүй дээр гэж үзэх болсон байна. Харин компаниудын хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүн болон үнэ хоёрыг зохицуулах асуудал үлдэж байна. Учир нь хэрэглэгч бүр экологийн цэвэр бүтээгдэхүүний төлөө илүү их мөнгө төлж чадахгүй. Тэдний хувьд тав тух, хүртээмж чухал хэвээр байгаа.
Zindaa.mn
Сэтгэгдэл бичих