АНУ-ын Хавай дахь Дэниэл К. Иноугийн нэрэмжит нарны дуран авай /DKIST/ нарны гадаргууг 30 км нарийвчлалтай харуулсан гэрэл зургийн нийтэлжээ. Дэлхийгээс 194 сая км зайд орших од 1.4 сая км диаметр гэж үзвэл энэ нь маш онцгой ололт юм. Гэрэл зураг дээрх нарны гадаргуун үүр хэлбэртэй бүтэц бүр АНУ-ын Техас мужийн газар нутагтай тэнцэхүйц хэмжээтэй аж. DKIST дуран авайг саяхан Мауи арал дахь Халеакала галт уулын орой /3 км/ дээр байрлуулж, ажиллагаанд оруулжээ. Эл дуран дэлхий дээрх хамгийн том нарны дуран авай бөгөөд диаметр нь дөрвөн метр гэнэ. Үүний тусламжтайгаар одон орон судлаачид нар судлалын түүхэнд шинэ хуудас нээнэ гэж найдаж байна. Тухайлбал, эрдэмтэд нарны гадаргуун бүрэн зураглал, нарны агаар мандлын соронзон орон болон титмийн зураглалыг авч, нарны гадаргуу дээрх дэлбэрэлтийг тайлбарлахыг зорьж байна. Нарны идэвхжлийн хэлбэлзэл дэлхийн ион давхаргад хүчтэй нөлөөлж, радио холбоо болон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах сүлжээнд гэмтэл учруулдаг байна. Түүнчлэн, нарны хэт ягаан туяаны түвшин огцом нэмэгдэх нь Олон улсын сансрын станц дээр ажиллаж буй сансрын нисэгчдэд аюултай аж.
Нарны дуран авай ирэх долоо хоногт Флорида муж дахь Канаверал хошуунаас хөөргөх “Solar Orbiter” сансрын одон орон судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих юм. Эл төвийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг, Европын сансар судлалын агентлагтай хамтран бүтээсэн бөгөөд хожим нь нарны тойрог замд гаргахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл тус төв нарнаас 42 сая км зайд байрлах юм. Энэ нь нар, Буд гараг хоёрын хоорондын зайнаас ойр гэсэн үг юм.
Сэтгэгдэл бичих