Xaxa.mn

2020 онд бизнест нөлөөлөх технологийн чиг хандлагууд

ВАШИНГТОН. /Mobile App Daily/. Хэрэв та дараагийн үеийн технологийн инновацын талаар сонирхож байвал “Mobile App Daily” цахим хуудасны мэргэжилтнүүдийн сонгосон хамгийн сүүлийн үеийн технологийн чиг хандлагуудыг танилцуулъя.


5G сүлжээ
2020 онд бизнест нөлөөлж чадахуйц шинэ содон технологиудын нэг нь 5G сүлжээ юм. 5G сүлжээг харилцаа холбооны цаашдын ирээдүй хэмээн олон мэргэжилтэн тодорхойлоод байгаа бөгөөд зарим талаас авж үзвэл энэ нь үнэн байж болох юм.

“5G утасгүй сүлжээ нь өмнөх үеийн технологиос 1000 дахин өндөр ачаалал даах чадалтай, хамгийн багадаа 100 тэрбум төхөөрөмжийг нэгэн зэрэг сүлжээнд холбож, хэрэглэгч тус бүрт интернетийн хурдыг өндөр давтамжтайгаар хүргэнэ. 2020 оноос 2030 оны хооронд тус сүлжээг хэрэглээнд нэвтрүүлнэ” гэж “Huawei” компани мэдэгджээ.
Гэсэн хэдий ч энэхүү хурдыг гар утасны тогтмол хэрэглэгчдэд хүргэхийн тулд үүрэн телефоны компаниуд өгөгдөл дамжуулах хүрээгээ нэмэгдүүлж, сүлжээний зардлуудаа бууруулах шаардлагатай. Түүнчлэн “LTE” сүлжээний хэрэглээ ойрын хугацаанд хуучрах төлөвгүй байна.

Автомат жолоодлого
Бидний сайн мэдэх “Tesla”, “Alphabet”, “Waymo” зэрэг компанийн нийтлэг зорилго нь бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл зохион бүтээх юм. Жолоочгүй машин гэж бодоход л хачирхалтай санагдахгүй байна гэж үү?
“Tesla” компанийн захирал Илон Маск автомат жолоодлоготой автомашины ирээдүйн загвараа хэдийн гаргасан бөгөөд тэрбээр уг салбарт байр сууриа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. И.Маск нэгэн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Бид нэг жил эсвэл жил гурван сарын дараа гэхэд нэг сая гаруй робот-такситай болно” гэжээ.
Мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу автомат тоормос, эгнээ солих үйлдэл болон машины бусад системийг автоматжуулан хялбарчилсаар байна. Харин “Gartner” судалгаа, зөвлөгөөний компанийн шинжээч Майк Рамси энэ талаар өөр бодолтой байна. Түүний хувьд бүрэн автомат жолоодлоготой машин зохион бүтээнэ гэсэн санаа үнэмшилгүй санагдаж байгаа ажээ.
Мөн автомат жолоодлогыг хуулиар зохицуулахад ихээхэн хугацаа шаардлагатай юм. Үүнээс гадна автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд одоогийн дэд бүтэц, хууль тогтоомж болон нийгмийн хандлагад томоохон өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Хэдий тийм ч 2020 онд автомат машин зохион бүтээх боломжийг үгүйсгэх аргагүй юм.

Эцсийн хэрэглэгчид хүрч бyй тооцооллын системийн чадамжийг сайжруулах
Өнөөдрийн байдлаар бүх аж үйлдвэрт тулгарч буй үндсэн асуудал нь хоцрогдол бөгөөд энэ нь зарим тохиолдолд үйл ажиллагааны менежментэд хүртэл нөлөөлдөг байна. Иймээс үйлдвэрүүд бүтээмж болон тооцооллын хариу үзүүлэлтэд түлхүү анхаарах болжээ. Ингэснээр хязгаарын тооцооллын (edge computing) үүрэг ихэсжээ.
Хязгаарын тооцоолол нь өгөгдлийн сан, тооцооллын аргыг бизнест ойртуулснаар хариу үйлдэл үзүүлэх хугацааг түргэсгэдэг. Аж үйлдвэрүүд хоцрогдлыг багасгадаг боловсронгуй, сайжруулсан нөөцүүдийг ашиглан хурдацтай хөгжиж байгаа учир уг тооцоолол нь сүүлийн үеийн чиг хандлага болоод байна.
Одоогийн байдлаар хязгаарын тооцоолол нь “Internet of Things” (юмсын интернет буюу хоорондоо холбогдсон техник хэрэгсэл)-ийн хурдацтай хувьслыг даган хөгжиж байна. Жишээ нь, IoT платформтой шууд харьцдаг дронууд бий болжээ. Мэдээллийн сан, мэдрэгч, компьютер, хиймэл оюун ухаант технологийн чадавх сайжирсаар байгаагийн нэг жишээ нь “Amazon” компанийн бараа хүргэлтийн дрон юм. 


Технологийн ардчилал 
Ардчилалд хүн бүр тэгш эрх үүрэгтэй байдгийн адилаар технологийн ардчилал нь мэргэжил, байршил харгалзахгүйгээр техник технологи ашиглах эрхийг хүн бүрт олгодог байна. 2020 онд давамгайлах технологийн 4 гол хүчин зүйлийг “Gartner” компаниас тодорхойлжээ. Үүнд: хавсралт хөгжүүлэлт, загвар, мэдлэг, өгөгдөл ба дүн шинжилгээ багтсан байна.
Технологийн ардчиллын хамгийн тод жишээ нь программ хөгжүүлэгчид юм. Тэд өгөгдөл судлаачдын чадваруудыг суралцахгүйгээр өгөгдлийн загваруудыг бий болгох боломжтой байдаг. Гэсэн хэдий ч технологийн ардчилал нь хүмүүсийг хялбар технологиудад дасал болгох боломжтой бөгөөд энэ нь нийгэмд хор уршиг учруулж болзошгүй юм. Иймээс мэдээллийн технологид цаашид үүнийг ашиглах нь зөв эсэх нь эргэлзээтэй байна. 

Хүний чадварыг нэмэгдүүлэх 
Хүний бие махбодын болон танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлэхийг “Human Augmentation” гэнэ. Үүнийг хүний биед суурилуулснаар өмнө нь хийх боломжгүй байсан зүйлийг ч хийж гүйцэтгэх боломж бүрдэнэ. 
Жишээ нь, уурхайчид аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд нэмэлт технологи бүхий хамгаалах хувцас өмсдөг. Цэргүүдийн чадварыг нэмэгдүүлэх нь дэлхий дахины ихэд сонирхож буй сэдэв бөгөөд зарим тайлангаас үзэхэд, хөшигний цаана маш олон улсын зэвсэгт хүчин үүнийг туршдаг байна. 
Хүний чадварыг нэмэгдүүлэх нь бие махбодын тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлээд зогсохгүй бодох, шийдвэр гаргах чадварыг сайжруулна. Энгийнээр хэлбэл, ирээдүйн технологийн салбарт хүний чадварыг нэмэгдүүлэх боломж их байна.  


Үүлэн тооцоолол ба “Distributed cloud system”
Үүлэн сан, үүлэн тооцооллын чиг хандлагыг дэлхий даяарх аж үйлдвэрүүд хэдийн өргөнөөр ашиглах болсон бөгөөд дараагийн томоохон чиг хандлага нь “distributed cloud system” юм. “Distributed Cloud” нь хуваарилсан үүлэн ажиллагааг тодорхой байршлуудтай холбоход тусалдаг.
2020 он гэхэд аж ахуй нэгжүүд өгөгдлийнхөө 75 хувийг өгөгдөл боловсруулах нэгдсэн төвөөс хамааралгүйгээр боловсруулдаг болох төлөвтэй байна. “Distributed Cloud” нь 2020 онд үүлэн дэд бүтцэд цоо шинэ нээлт болох юм. “Distributed Cloud” нь дөнгөж бий болж байгаа бөгөөд хөгжлийн урт зам хүлээж байна. 

Хэрэглэгчийн мэдээлэл 
Хүмүүсийн амьдралд тоон интеграцчлал нэвтэрснээр хэт их мэдээлэл цугларч, өгөгдөл шинжээчид тэдгээрийг одоогийн технологиор боловсруулж чадахгүйд хүрчээ. Хэрэглэгчдийн судалгаа нь бүхий л бизнесийн чухал хэрэглэгдэхүүн болсноор сүүлийн үеийн технологийн чиг хандлага хэрэглэгчдийг технологитой хэрхэн харьцаж буйгаар нь тодорхойлдог болжээ. Үүнд:
  • Нийгмийн сүлжээний ямар хавсралтыг түлхүү ашигладаг
  • Нийгийн сүлжээнд өөрийгөө хэрхэн илэрхийлдэг
  • Ямар зургууд нийтэлдэг
  • Нийгмийн сүлжээндээ ямар газруудад очсоноо тэмдэглэдэг гэх мэтийг шинжилдэг. 
Үүний үр дүнд компаниуд хувь хүний сүүлийн үеийн технологид хандах хандлагыг мэдэх боломжтой болдог. Жишээ нь, “Gillette” компани “3D” хэвлэлийн “Formlabs” компанитай хамтран сахлын хутганы тусгай загваруудыг хэрэглэгчдэд санал болгож байжээ.
Технологийн энэ төрлийн чиг хандлагаас зарим асуулт урган гардаг. Хэрэглэгчдийн мэдээллийг ашиглахад ямар нэгэн зөвшөөрөл бий юу? Нийгмийн зүгээс хүлээн зөвшөөрөх түвшин ямар байх вэ? Уг түвшин хэрэглэгч бүрт өөр байх эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?

Хиймэл оюун ухаант бүтээгдэхүүнүүд
Хиймэл оюун ухаан буюу “AI” нь мэдээллийн технологийн салбарт шинэ нэр томьёо биш бөгөөд энэ нь дэлхий даяарх аж үйлдвэрүүдийг өөрчилж байна.
Бодол уншдаг “AlterEgo” өмсдөг төхөөрөмж, “Sophia” хэмээх хүн робот зэрэг хиймэл оюун ухаант бүтээлүүд нь 2020 онд уг технологи хэрхэн хөгжихийн эхлэл төдий зүйлс юм. “Dominos”, “Doordash” зэрэг компани дрон болон хүргэгч роботыг хэдийн туршиж эхэлжээ. 
Одоогийн байдлаар уг шинэ технологиуд нь хүн төрөлхтний аюулгүй байдалд аюул учруулах эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа хэдий ч хиймэл оюун ухаан 2020 онд технологийн чиг хандлага болох нь тодорхой байна. 


Мэдээллийн хяналт
Европын Холбооны Мэдээлэл хамгаалах ерөнхий дүрмээр хувийн болон бусад мэдээллийг хамгаалах хуулиудыг чангатгаснаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчид мэдээлэл алдагдахаас өгсүүлээд цахим халдлагад өртөх талаар илүү өргөн мэдлэгтэй болжээ. 
“Gartner”-ийн судалгаанаас үзэхэд, 2020 он гэхэд байгууллагуудын 70 орчим хувийнх нь хувийн мэдээллийн архив илчлэгдэж болзошгүй аж. 2018 онд 10 хувь байсан уг үзүүлэлт нь 60 хувиеар өсөх төлөвтэй байна. 

Автоматжуулалт 
Автоматжуулалт нь хэрэглэгчдийг нэмэгдүүлэх, бизнесийг урагшлуулах зорилготой. Цогц програм хангамж, автомат хэрэгслийн тусламжтайгаар үр дүнд хүрдэг. Ирэх хоёр жилийн хугацаанд мэдээллийн шинжлэх ухаан эрдэмтдийг мэргэжлийн шинжээчид болгоно гэж үзэж байна. 
Жишээлбэл, жижиглэн худалдаа эрхлэгчид “AMAZON GO” зэрэг худалдагчгүй дэлгүүрүүдтэй өрсөлдөхийн тулд автоматжуулалт ашиглах шаардлага үүснэ. АНУ даяар “AMAZON GO”  худалдагчгүй дэлгүүрүүд хэдийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд “CNBC” сувгийн мэдээлж буйгаар, 2021 он гэхэд уг дэлгүүрийн тоо 3000 хүрэх ажээ.
“PWC” фирмийн мэдээлснээр, автоматжуулалт нь 3 үе шатыг дамжина.
2020 оны эхэн үеэс дунд үе хүртэл ажлын байрны 3-аас 30 хувь автоматжина.
Технологи хөгжихийн хэрээр дээрх тоо нэмэгдэнэ.
2030 оны дунд үе гэхэд бүрэн автоматжсан байна.


Эрүүл мэндийн салбарын шинэчлэл
2020 онд хамгийн ихээр хүлээлт үүсгээд буй технологийн чиг хандлага бол эрүүл мэндийн салбар дахь технологийн шинэчлэл юм. "3D" принтерийг олон их сургуулийн мэргэжилтнүүд хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Принстоны их сургуулийн судлаачид радиогийн давтамжийг сонсож чадах чихийг "3D" принтерээр хэвлэсэн байна.


Цахим гүйлгээ
“Facebook” компанийн “Libra” нэртэй криптовалютын төсөл нь 2020 онд хэрэгжиж эхлэх төлөвтэй байна. Криповалют хөгжиж, “Google Pay”, “Amazon Pay” зэрэг цахим төлбөрийн системийн хэрэглээ өргөжсөнөөр уламжлалт банкны системийг байр сууриа алдахад хүргэж болзошгүй юм.
2020 онд банк чухал байр суурь эзэлсэн хэвээр байх хэдий ч дижитал гүйлгээний эх үүсвэрүүд хөгжихөд бэлтгэлтэй байх нь зүйтэй. “Bank of America” зэрэг томоохон банкууд блокчэйний патент авж эхэлсэн нь тохиолдлын зүйл биш юм.
Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us