Лос-Анжелес хотын “Долби” театрт Америкийн Кино академиас жил бүр зохион байгуулдаг, энэ салбарт гаргасан амжилтыг үнэлэх зорилготой 92 дахь удаагийн “Оскар-2020” ёслол болж өнгөрлөө. 1927, 1928 онд кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх "Оскар"-ын шагнал гардуулах анхны ёслол 1929 оны тавдугаар сарын 16-нд Холливудын “Рузвельт” зочид буудалд болж байсан юм.
Өдгөө 24 төрөлд шилдэг уран бүтээл, бүтээлчдийг шалгаруулж буй энэ наадам кино сонирхогчид, уран бүтээлчдийн хувьд хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болсон. Энэ жилийн Академийн шагналын шилдгүүдийг онцолж байна.
Шилдэг эрэгтэй жүжигчин - Хоакин Феникс
“Амьдралдаа хувиа хичээж байсан, муу зүйл хийсэн үе надад бий. Гэхдээ л та бүхний олонх нь надад дахин боломж олгож байсан. Бие биедээ өсөж өндийх, сурч боловсроход нь дэм болно гэдэг хүн төрөлхтний хамгийн сайхан чанар” гэж энэ жилийн шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Хоакин Феникс онцолжээ. Байгаль орчны төлөө тэмцэгч “Жокер” мөн эх дэлхий, байгальдаа ээлтэй байж, энэ асуудалд анхаарахыг уриаллаа.
Шилдэг эмэгтэй жүжигчин - Рене Зеллвегер
“Жуди” киноны дүрээр энэ жил “Оскар” хүртсэн нь Рене Зеллвегерийн хувьд гэнэтийн зүйл биш байв. Өмнө нь “Алтан бөмбөрцөг”, Гильдийн шагнал ч энэхүү бүтээлийг онцолж байлаа.
Дөрвөн шагналт “Шимэгч“
Шилдэг кино- “Шимэгч”
Шилдэг найруулагч- Бон Жун У
Гадаад хэл дээрх шилдэг кино- “Шимэгч”
Шилдэг эх зохиол – “Шимэгч”
БНСУ-ын найруулагч Бон Жун Угийн хувьд ч, түүний бүтээл “Шимэгч”-ийн хувьд ч энэ жил онцгой байлаа. “Би Мартин Скорсезегийн бүтээлүүдийг үзэж, кино сурсан. Хэрэв “Оскар” журмаа өөрчилбөл би Квентин Тарантино, Сэм Мендес, Тод Филлипс, та бүхэнтэй энэ шагналаа хуваалцах байлаа” гэж энэ шилдэг найруулагч онцоллоо.
Туслах эрэгтэй жүжигчин –Брэд Питт
“Холливудад нэгэн удаа” киноны Клифф Бутын дүрээр академийн шагналын эзэн болсон Брэд Питт шагналаа найруулагч, хамтрагч Квентин Тарантино болон хүүхдүүддээ зориулж байгаагаа онцолсон.
Туслах эмэгтэй жүжигчин- Лора Дерн
Өмнө нь гурван удаа энэ шагналд нэр дэвшсэн жүжигчин Лора Дерн энэ удаа “Гэрлэлтийн түүх” кинонд өмгөөлөгч Нора Фэншоугийн дүрийг бүтээснээр “Оскар”-ын эзэн боллоо.
Шилдэг зохицуулсан буюу сэдэвлэсэн зохиол- “Жожо туулай”
Кристина Лёненсын зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Жожо туулай” киногоороо Тайка Вайтити шилдэг зохицуулсан буюу сэдэвлэсэн зохиолын шагналыг хүртлээ. Нацист Германы үед амьдарч байсан 10 настай, мөрөөдөмтгий хүүгийн түүх мөн өнгөрсөн онд Торонтогийн кино наадмын шагнал хүртсэн юм.
Шилдэг анимейшн- “Тоглоомын түүх-4”
Энэ онд шилдэг анимейшн болох ”Пиксар”, “Уолт Дисней Пикчерс”-ын хамтын бүтээл “Тоглоомын түүх-4” эзэддээ нэг тэрбум ам.долларын ашиг, “Оскар” авчирлаа.
Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино- “Америкийн үйлдвэр”
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нарын продюсерын компанийн (Higher Ground Productions) бүтээл. Америкийн Морейне хот дахь хятад үйлдвэрийн тухай өгүүлэх энэ кино “Санденс” кино наадмаар нээлтээ хийжээ.
Шилдэг богино хэмжээний баримтат кино – “Дайны бүсэд скэйтээр гулгаж сурахуй: Охидод зөвлөх нь”
Богино хэмжээний баримтат кинонд дайнд эзлэгдсэн Афганистанд охидыг скэйтээр гулгаж сургахад ямар бэрхшээл тохиолддог талаар өгүүлнэ.
Бусад төрөл:
Шилдэг продакшн дизайн: Барбара Линг, Нэнси Хэй
Шилдэг хувцас дизайн: Жаклин Дюрран
Шилдэг зураглаач: Рожер Дикинс
Шилдэг дууны эвлүүлэг: Дональд Сильвестр
Шилдэг кино эвлүүлэг: Эндрю Бакленд, Майкл Маккаскер
Шилдэг эффект: Гийом Рошрон, Грег Батлер, Доминик Туи
Шилдэг нүүр хувиргалт, үс засалт: Казу Хиро, Энн Морган, Вивиан Бейкер
Шилдэг хөгжмийн зохиол: Хильдур Гуднадоуттир
Шилдэг дуу: “I’m Gonna Love Me Again”
Үндэсний шуудан
Сэтгэгдэл бичих