Xaxa.mn

Кобигийн үлдээсэн өв буюу Lakers-ийг аварга болгох төлөвлөгөө


  • Шулуухан хэлэхэд “Лейкерс” одоогийн бүрэлдэхүүнээр аварга авч чадахгүй
  • Леброн төмрөөр хийсэн хүн биш, түүнд амралт хэрэгтэй болохоор сэлгээнд суусан үед нь тоглолтыг найруулж, довтолгоог аваад явчих хүн давын өмнө хэрэгтэй
Коби Брайантын гэнэтийн үхэлд цочирдсон олон нийт одооноос л бага зэрэг тайвширч, бусад зүйлийн талаар бодох сэхээтэй болж байна. Юуны өмнө Кобигийн төрөлх гэр буюу “Лос Анжелес Лейкерс” багийн амжилт хэрхэх бол гэдэгт хүмүүс урьд урьдынхаас илүүтэй анхаарал хандуулах болов. Кобигийн дурсгалд зориулж Lakers энэ жил аварга болох ёстой, Леброн аваргын цом өргөчихөөд “Үүнийг чамд зориуллаа, Коби” гэж хэлбэл хамгийн гоё гэх мэтээр ярьж эхэллээ. Мэдээж ийм төгсгөл олон хүний сэтгэлийн утсыг хөндөх нь гарцаагүй. Гэхдээ лигийн бусад 29 баг нь зүгээр харж зогсож байгаад ямар ч эсэргүүцэлгүйгээр тэднийг аварга болгохгүй. Энэ өндөрлөгт хүрэхийн тулд Леброн ба түүний нөхөд олон бэрхшээлийг давах хэрэгтэй болно. Нөгөө талаар Кобигийн дурсгалыг хүндэтгээд Lakers-т ирж, тэдний аварга болох замд тус хүргэхийг хүсэж буй тоглогч цөөнгүй болсон байх. Хэрэв яг ийм шалтгаанаар сайн тоглогчид Lakers-т ирвэл үүнийг Кобигийн үлдээсэн өв гэж хэлж болох юм. 
Lakers аварга болж чадах уу
Томоохон бооцооны төвүүд дээр иргэдийн мөнгөө даатгасан байдлыг харвал Lakers аварга болох магадлалаар өнгөлж, “Клипперс”, “Милуоки” удаалжээ. Эндээс харвал “Нуурынхан” түрүүлэх магадлал хамгийн өндөр мэт. Гэхдээ бодит нөхцөл байдал арай өөрийг өгүүлнэ. Тэдний хувьд бүс доторх хамгийн гол өрсөлдөгч нь нэг хотын “Клипперс”. Гэтэл улирал эхэлснээс хойш “Клипперс”-ийн эсрэг хоёр тулж, хоёуланд нь хожигдлоо. Өөдрөгөөр төсөөлөөд бүсээсээ гараад ирлээ гэж бодъё. Тэгвэл нөгөө бүсээс “Милуоки”, “Филадельфи”, “Торонто”, “Бостон”-ы аль нэг нь гарч ирэх магадлалтай. Гэвч Lakers-ийнхэн нэр дурдсан дөрвөн багийн эсрэг тус бүр нэг тоглож, бүгдэд нь хожигджээ. Аваргын төлөөх замд нь хөндөлсөх магадлалтай өрсөлдөгчдөө хожиж чадахгүй байгаа багийг цом өргөнө гэж найдахад хэцүүхэн л санагдаж байна. Товч хондоо бол Lakers одоогийн бүрэлдэхүүнээр аварга авч чадахгүй. 
Ямар солилцоо хийх ёстой вэ
Тэгвэл солилцооны цонх хаагдах аас өмнө ямар тоглогчийг багтаа элсүүлж, хүчээ зузаатгах вэ гэдэг асуудал яригдах нь ойлгомжтой. Тэдний одоогийн тоглолтыг харахад Леброн сэлгээнд суухад тоглолт эмх замбараагүй болж, довтолгоо нь эрс мууддаг. Леброн төмрөөр хийсэн хүн биш, түүнд амралт хэрэгтэй болохоор сэлгээнд суусан үед нь тоглолтыг найруулж, довтолгоог аваад явчих хүн давын өмнө хэрэгтэй. Нэг хэсэг “Индиана”-гийн Даррен Коллисоны нэр яригдсан. Гэхдээ тэр бол Lakers-ийн хүсээд буй шиг бүтээлч тоглогч биш. Сэлгээнээс үр нөлөө багатай тоглож буй Куин Кукийн сайжруулсан хувилбар гэж болно. Харин "Сакраменто”-гийн Богдан Богданович тэдэнд хамгийн тохиромжтой хувилбар байж мэднэ. Хамгаалалт сайтай, довтолгоо найруулах тал дээр гаргуун, IQ өндөр гээд магтах зүйл олон. Энтони Дэвисийг төв дээр тавьж, жижиг тавтаар тоглох хувилбарт зэгсэн зохицно. Гэвч Богдановичийн үнэ хэтэрхий өндөр, Lakers-ийн өгөх зүйл дэндүү бага байгаа нь ийм наймаа хийх боломжийг эрс багасгажээ. Хэрэв Карусог эс тооцвол Lakers-ийн санал болгож чадах ганц зүйл нь Кайл Кузма. Гэхдээ Кузма шиг тоглогч Богдановичийн үнэ цэнтэй харьцуулахад дэндүү жижигдэнэ. Мөн Кузма маш бага цалинтай болохоор цалинг нь дүйцүүлэхийн тулд бусад тоглогчийг наймаанд хамруулна гээд нүсэр ажил болно. Нэлээд эрчтэй яригдсан өөр нэг хувилбар бол “Детройт”-ын Деррик Рөүз. “Детройт” түүнийг Кузмагаар солиход бэлэн. Рөүз ирснээр сэлгээний багийн довтолгоо сайжирна гээд хэн хэндээ ашигтай байх. “Детройт” шиг сэргээн босголтын замдаа орсон багийн хувьд Кузмаг ирээдүйн төлөвлөгөөндөө багтаахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ Lakers-т Кавай Леонард шиг жижиг довтлогчдыг хамгаалах хүн хамгийн их хэрэгтэй байгаа. Хэрэв хэрэгтэй хүнээ олж чадахгүй бол хамгаалалтын бүх ачаа Леброны нуруун дээр бууж, тэр хэрээр ачаалал их авах болно. Энэ шаардлагад нийцэх нэг тоглогчийн нэр эртнээс яригдаж ирсэн нь Андре Игуодала юм. Одоохондоо “Мемфис”-тэй гэрээтэй ч аль нэг баг руу явах мөчөө хүлээгээд нэг ч тоглолтод оролцоогүй. Хэрэв түүнийг авчихвал айхтар өндөр оноо авахыг нь хүлээх шаардлагагүй. Талбай дээр 15-20 минут байлгаад, гол тоглогчдыг нь хамгаалаад явж байхад л хангалттай. Гэхдээ мөн л өндөр дүнтэй цалин нь (жилийн 17 сая ам.доллар) солилцоо хийхэд тээг болж буй. Тэгээд ч “Мемфис”-ийн сонирхоод буй нэгдүгээр тойргийн драфтын эрх Lakers-т байхгүй. Хүсэхэд хясна гэгчээр багийн амжилтыг шат ахиулах учиртай тоглогчдыг авах оролдлого энэ мэт саадтай тулгарсаар. Тэднээс гадна “Нью-Йорк Никс”-ийн довтлогч Маркус Моррис, “Мемфис”-ийн довтлогч Жэй Краудер нар Lakers-ийн овоо хараанд өртсөн гэх мэдээлэл байна. Ямартай ч Lakers солилцоо наймааны зах дээр ямар нүүдэл хийхээс тэдний аварга авах эсэх нь шийдэгдэх болно. Солилцооны цонх хаагдахад дөрөвхөн хоног үлджээ.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us