Xaxa.mn

PARASITE: Яаж ч хичээсэн би түүхийг ядуу гэр бүлийн байр суурьнаас хүүрнэдэг

“Шимэгч”. АНУ-ын Кино академийн бүхий л түүхэн дэх “Шилдэг кино” төрөлд Оскар авсан анхны гадаад хэл дээрх кино. Түүгээр үл барам “Гадаад хэл дээрх шилдэг кино”, “Шилдэг кино зохиол” төрөлд “Оскар” шагналын хур буулгасан бол найруулагч Бон Жун Ху шилдэг найруулагчаар шалгарч, “Оскар” гардан авсан. 
Энэ бол Өмнөд Солонгос төдийгүй, Бон Жон Ху найруулагчийн анхны ялалт төдийгүй Алтан бөмбөрцөг, Канн, Их Британийн тайз, дэлгэцийн шилдэг бүтээл шалгаруулах наадам зэрэг нэр хүндтэй бүх шагналуудыг хүртэж Өмнөд Солонгосын кино урлагийн түүхэнд урд хожид байгаагүй түүх бүтээсэн кино. Бон Жун Ху гадаадын шилдэг кино төрөлд “Алтан бөмбөрцөг” шагнал мөн гардан авч байхдаа “Бүх найруулагч нэг л хэлтэй.
Тэр нь киноны хэл” гэж хэлж байв. Кино академийн шүүгчид түүнтэй санал нэг гэдгээ нотолжээ. Дэлхийд хамгийн алдартай Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Ху сонирхолтой хүүрнэгч, шог зохиолын мастер, хошин шогийн өндөр мэдрэмжтэйгээс гадна алдарт Квентин Тарантиногийн хайртай найруулагчдын нэг. Түүний талаар 2006 онд дэлхий дахин ярьж эхэлсэн. “Үлэг гүрвэлийн халдлага” киногоороо Брюсселийн кино наадмын шилдэг шагналыг хүртэв. Хайр найргүй хошигнол, аймшиг, инээдмийн жанрын төгс хослол. Тэр үед л Бон Жун Хугийн шилдэг бүтээлүүдийг өнгө аяс тодорхой болсон юм.
Түүний хэвлэлүүдэд өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэж байна.
-Үнэр чухал үүрэг гүйцэтгэдэг ховор кинонуудын нэг бол “Шимэгч”?
-Үнэр бол чамд үнэхээр ойр хүнтэй хуваалцдаг, бусадтай ярилцдаггүй нэг тийм нандин зүйл. Өнөөгийн нийгмийн өөр өөр түвшинд буй хүмүүс тааралдах нь ховор. Тэд өөр өөр машин унаж, өөр өөр ресторанд хооллож, нисэх онгоцонд хүртэл бизнес болон энгийн гэсэн ангилал байдаг шүү дээ. Харин миний кинонд гардаг шиг өөр орчны хүнийг жолоочоор эсвэл гэрийн багшаар хөлслөх тохиолдол эдгээр хүмүүсийн уулзах ховор боломж. Тиймээс үнэрийг өгүүллийн нэгэн элемент болгон ашиглах санаа толгойд орж ирсэн. Энэ үнэр тийм ч ач холбогдолтой биш санагдаж болох ч маш хүчтэй өдөөгч эсвэл сэтгэл зүйн гэмтлийн эх үүсвэр байж болох талтай.
-Та өөрөө ямар гаралтай вэ?
-Би дундаж гэр бүлээс гаралтай. Киноны баян, ядуу гэр бүлийн яг дунд түвшнийх гэж хэлж болно. Миний аав график дизайны багш байсан.
-Таны санхүүгийн байдал ямар байна?
-Би 51 настай. Надад орон сууц бий. Гэхдээ кинонд гардаг баян айлын гэрийг бодвол 5-6 дахин бага. Надад хонгил ч бас байхгүй.
-Та зүгээр мэдэхгүй байгаа ч юм билүү?
-Үгүй ээ, би шалгасан. Тэнд хөршүүд маань байна лээ.
-Таны киног аль нэгэн жанр, төрөлд хамруулахад маш хэцүү. Та үргэлж л өнгө аясыг өөрчилж, дүрэм зөрчих юм?
-Би ч төрөл жанрын агуу мэргэжилтэн болоод ямар нэгэн зүйлийг албаар зөрчөөд байгаа ч юм биш л дээ. Манай Солонгост “тохиолдлын бүжиг” гэсэн хэллэг бий. Замбараагүй хэрнээ хөгжмийн хэмнэлээр хөдлөхийг хэлж байгаа юм. Ингэж бүжиглэхийн тулд бүжгийн түүх, янз бүрийн стилийг мэдэх шаардлагагүй. Зүгээр л бие, сэтгэлээ сонсоно гэсэн үг. Би яг ингэж л зураг авдаг юм шиг санагддаг. Харин бэлэн болсон киногоо үзэж суухдаа маркетингийн залууст юу гэх хэлнэ дээ гэж боддог. Юу хэлэхээ мэддэггүй учир тэд надаас ямар нэг юм асуухад би зугтаад явчихдаг.
-Та бүр аймшгийн киногоор хүртэл тоглодог?
-Кинонд харгислалын хэсэг гардаг л даа. Гэхдээ бид их хэмжээний цус, тасарсан эд эрхтэн гэм мэт зүйлсийг гаргадаггүй. Миний бодлоор, дэлгэцээр цустай хэсэг их гарах тусам үзэгчдийн үнэмшил буурдаг. “Сайн буджээ, цус ч жинхэнэ юм шиг харагдаж” байна гэж үзэгч бодож эхэлдэг. Жинхэнэ айдас нь харин бага. Оргил үеийн хамгийн цуст хэсэгт үйл явдал маш хурдан өрнөдөг тул үзэгч баргийн зүйлийг сайтар олж харахгүй байхаар би монтажилчихсан.
-Таны өмнөх “Цас зүсэгч”, “Окжа” кинонуудад олон улсын жүжигчид тогло­сон. Харин Солонгост та “Шимэгч” кинотой буцаж ирсэн?
-Тэгж л таарлаа. Гэхдээ би олон улсын төслөөс залхсан юм биш шүү. “Шимэгч”-ийг би аль 2013 онд, “Окжа”-гийн тухай санаа төрөхөөс ч өмнө зохиосон. Солонгосоос гарах шаардлагагүй, камерын шийдэл л шаардсан түүх төрсөн. Энэ бүх хугацаанд эл түүх миний санаанаас гараагүй, дэлгэцээр гаргахыг шаардаж байсан.
-Киноны дунд үед гэнэтийн бэлэг барих санаа анхнаасаа төрсөн үү. Эсвэл эхэндээ зүгээр л хоёр гэр бүлийн тухай инээдмийн кино байсан уу?
-Эхлээд би баян, ядуу хоёр гэр бүлийг санаандаа ургуулсан. Сэдэв нь эдгээр гэр бүлийн хэв маяг, орлогын ялгааны тухай байлаа. Хожим нь ядуус ямар нэг байдлаар баячуудын гэрт нэвтрэх тухай бодол орж ирсэн. Харин дараа нь гэнэтийн бэлэг гарч ирсэн. Гэхдээ энэ бэлгийг үзэгчид өөрсдөө задлаг гэж үлдээсэн.
-Тэгээд энэ кинонд хэн нь шимэгч юм бэ. Ядуус  уу эсвэл баячууд уу. Эсвэл бүгдээрээ юу?
-Нээрээ, солонгос хэлэнд энэ үг нэмэлт утгатай байдаг. Эхэндээ ядуус шимэгч мэт санагддаг. Гэхдээ мэдээж хэрэг баячууд ч дутуугүй шимэгчид. Тэд өөрсдөө мэдэлгүйгээр бусдын хөдөлмөрөөр амьдардаг. Тэд өөрсдийнхөө хүүхдэд хичээлийг нь зааж чаддаггүй, бүр машинаа ч барьж чаддаггүй. Хэрэв нэг хэсэг нь шимэгч, нөгөө хэсэг нь бас л шимэгч бол тэднийг хэрхэн эвлэрүүлж, найрсгаар зэрэгцэн орших нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Энэ асуултыг л би энд тавихыг хичээсэн.
-Тэгэхээр нийгмийн энэ амьдралд шимэгч болохгүй байх боломжгүй гэж үү. Бид бүгд шимэгч үү?
-Шимэгч болохгүй байх боломж бий. Гэхдээ энэ бол үнэхээр хэцүү. Би энэ хүнд хэцүү байдлын талаар л өгүүлж байгаа юм шүү дээ. Орчин үеийн нийгэмд бүх нийтийн шимэгчлэлээс салахад тэр тусмаа бүр хэцүү. Баячууд улам баяжиж, ядуус улам ядуурч байна. Ялгаа улам бүр нэмэгдсээр.
-“Цас зүсэгч” кинонд мөн л баян, ядуу хүмүүс галт тэрэгнээс гарч чадахгүй байгаа тухай өгүүлдэг?
-Тийм ээ. Энд л эмгэнэл нь оршиж байгаа юм. Галт тэрэг аймшигтай хүйтнийг сөрнө. Бид бүгд нөхцөл байдлын олзлогсод, хоригдлууд. Тиймээс сайхан төгсөх найдвар тун бага. Шинжлэх ухааны уран зөгнөлийн төрөл надад үйл явдлыг туйлд нь хүргэж, утга учиргүй зүйл болтол нь хурцатгах боломж олгосон. Гэхдээ энэ киноны төгсгөл найдвар төрүүлэм. Хүүхдүүд галт тэрэгнээс бууж, эрх чөлөөтэй болох боломж гарч ирсэн. Харин “Шимэгч”-д бол бодит байдал, энд уран зөгнөлд зай үгүй. Тиймээс төгсгөл нь ч гэсэн гутранги, гашуун. Надад ер нь хоёрдмол төгсгөл таалагддаг. “Окжа”-д хүртэл охин гахайгаа аварч, буцаад л ууландаа амар сайхан жаргадаг. Гэхдээ тэр бүх зүйл болсны дараа бүх зүйл байсан хивэндээ үлдэхгүй гэдгийг бүгд ойлгодог.
-Зураач, уран бүтээлч байх нь шимэгч­лэлийн тойргоос гарах боломжит зам гэж хэлж болох уу?
-Үгүйсгэх аргагүй л юм. Гэсэн хэдий ч би энэ тогтолцооны хоригдол, түүний оролцогч. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь тэнэг шүү дээ. Кино зохиолчийн хувьд би аль нэг талыг баримтлахгүй байхыг хичээдэг. Магадгүй энэ шийдвэрт ердийн хулчгар зан харагдах байх. Гэхдээ сонголт хийхээс өөр арга байхгүй. Яаж ч хичээсэн би түүхийг ядуу гэр бүлийн байр суурьнаас хүүрнэдэг. Үзэгч өөрийн эрхгүй өөрийгөө тэдэнтэй зүйрлэдэг.
-Өдгөө энэ дэлхий дээр таны кинотой төстэй зүйл хийдэг, санаа нэгдэх кино зохиолч, найруулагч бий юу?
-Хамгийн түрүүнд Японы Киёши Куросава санаанд орж байна. Бидэнд стиль, хандлагын хувьд нэг тийм төстэй зүйл бий. Тэр аймшгийн киногоор мэргэшсэн хэрнээ нийгмийн эмгэнэлт кино хийдэг. Түүний бүтээлийг үзэхэд эхний кадраас л зөн совингоороо түүний уран бүтээлийн шийдэл бүрийг ойлгодог.
-Гаднынхан таныг киног бүрэн ойлгох болов уу?
-“Шимэгч”-ийг Каннын “Люмьер” танхимд үзүүлэхэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс хэрэгтэй хэсэг дээр инээж, сэтгэл нь хөдөлж байхыг хараад миний санаа амарсан. Гэхдээ л солонгосчууд 10 хувиар илүү инээсэн байх. Энэ зүгээр л нарийн ялгаа. Харамсалтай нь, орчуулгын явцад солонгос хэлний зарим нэг нарийн зүйлс яаж ч хичээгээд алдагддаг юм байна лээ. Ялангуяа Соны дүр дээр. Сон гайхалтай биеийн хэл, царайны хувиралтай. Дээрээс нь тэр үг бүрд өөрийнхөөрөө хандаж, төгс байдлаар илэрхийлдэг ид шидтэн. Үүнийг хадмал орчуулгаар гаргах боломжгүй л дээ.
-Та гар дээрээ юу гэсэн үг шивүүлсэн юм бэ?
-“Эхнэр”, “Хүү”. Уйтгартай санагдаж байвал уучлаарай.
Zindaa.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us