Технологийн салбарт бүтээгдэхүүн нийлүүлэгч олон компани өөрсдийн брэндийн ухаалаг цагийг зах зээлд танилцуулсаар байна. Хятадын “Huawei” брэнд ч тэдний нэг агаад ухаалаг цаг үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн жагсаалтад хэдийн багтжээ. Ухаалаг гар утас, таблеттай хослон ажиллах “wearable technology” буюу зүүдэг төхөөрөмжүүд болон ухаалаг цагны зах зээлийн чамгүй хувийг “Apple” компани эзэлж, “Samsung”, “Google” (Fitbit) болон “Huawei” брэнд удаалж байна. Хэрэглэгчийн алхалтын тоо, зүрхний цохилт, шатаасан калори, нойрны хэмнэл зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянаж, дата цуглуулах, байршил тогтоох, хуанли, цаг агаарын мэдээлэл харах, утсанд ирэх дуудлага, мессэж хүлээн авах зэрэг олон төрлийн үйлдэлтэй, загвар хийцийн хувьд хэний ч сонголтод нийцэхүйц ухаалаг цагнуудыг онцолж байна.
“Apple Watch 5”
“Apple” брэндийн хэрэглэгчдийн хувьд төгс сонголт. Үйлдлийн “iOS” систем бүхий гар утас, таблеттай хослон ажиллах энэхүү цаг өмнөх загваруудаасаа төдий л өөрчлөгдөөгүй мэт боловч дэлгэц нь байнгын асаалттай горимд ажиллаж болохоороо онцлог. Өөрөөр хэлбэл, шаардлагатай зүйлээ харахын тулд цагаа байнга өргөх шаардлагагүй болж байна. Өмнөх “Apple Watch 4” загвартай адил дизайнтай ч дэлгэц нь арай том бөгөөд фитнесийн олон үйлдлийг багтаажээ.
“FOSSIL Sport”
Ухаалаг төхөөрөмж, инновацын зах зээлд сүүлийн хэдэн жилийн турш чамгүй туршлага хуримтлуулсан “Fossil” ухаалаг цагнуудаа хэрэглэгчдэд хүргэж байна. “Apple” болон “Samsung” брэндийн цагнуудаас хямд, GPS төхөөрөмжтэй, хөнгөн, илүү загварлаг “Fossil Sport” нэг удаа цэнэглээд хоёр өдөр ажиллах хүчин чадал бүхий батерейтэй. Ус чийгний хамгаалалттай, хөнгөн цагаан корпустай, үйлдлийн “Android” болон “iOS” системтэй хослон ажиллах энэхүү цаг “Snapdragon Wear 3100” загварын чипсеттэй.
“Samsung Galaxy Watch”
Мөнгөлөг гадар, элдэв чимэглэлгүй хар оосортой “Samsung Galaxy Watch” эрчүүдэд тохирох чамин сонголт. “Super AMOLED” технологийн дагуу хийсэн 1.3 инчийн дэлгэцтэй, хямд үнэтэйгээрээ онцлог. “Samsung” болон “Tizen”-ий ухаалаг төхөөрөмжүүдтэй хослон ажилладаг, 4 Гб багтаамжтай санах ойтой бөгөөд алхах, амарч зугаалах үедээ хөгжим сонсох зэрэг олон боломжийг танд олгоно.
“Huawei Watch GT 2”
Сонгодог болон футуристик загварыг хослуулсан өвөрмөц дизайнтай, өнгөний ялгарлаараа онцлог “amoled” дэлгэцтэй, GPS болон хиймэл дагуулын байршил тогтоох систем болох GLONASS-г дэмждэг энэ цаг танд үнэн зөв, хурдан байршил тогтоох үйлчилгээг санал болгож буй. Мэдээж, фитнесийн олон төрлийн үйлдлийг багтаасан бөгөөд бараг л “бугуйн дахь хувийн дасгалжуулагч” гэж ажиглагчид онцолж байна. 455 миллиампер/цагийн хүчин чадалтай батерей нь нэг удаа цэнэглээд ердийн горимд, өөрөөр хэлбэл олон үйлдэл ажиллаагүй тохиолдолд 7-10 хоног цэнэгээ барих боломжтой.
“Fitbit Versa 2”
Google компанийн “Fitbit Versa 2” нь “Android”, “iOS” болон “Windows”- тэй хосолж ажиллах боломжтой бөгөөд зургаан өдөр цэнэгээ барих батерейтэй, хөнгөн цагааны хайлшин гадаргатай бөгөөд цохилт, доргилтоос хамгаалагдсан. Усны хамгаалалттай учир шүршүүрт орохдоо цагаа заавал тайлах хэрэггүй. Дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ санаа тавихад шаардлагатай бүхий л датаг цуглуулах боломжтой бөгөөд мөн төлбөр тооцоо хийх үйлдлийг багтааснаараа онцлог.
“Samsung Galaxy Watch Active”
Илүү хөнгөн, нимгэн, спортоор хичээллэх үед ашиглахад тохиромжтой энэ загварын ухаалаг цаг фитнес үйлдлүүдийг түлхүү багтаасан. Хамгийн хямд хувилбар биш ч “Galaxy Watch”-аас илүү төсөр, дизайнаараа таны анхаарлыг татаж чадна.
Үндэсний шуудан
Сэтгэгдэл бичих