Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай- Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг
Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя.
Хямдхан цаг таны имижийг гутаадаг
Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой.
Цагныхаа хэмжээг тохируул
Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй.
Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг
Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг.
Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай
Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг.
Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой
Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна.
Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй
Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог.
Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл
Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Жеймс Бондыг дуурайх хэрэггүй
Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй.
Сэтгэгдэл бичих