“Эргэлтийн цэг” 2020 онд хүн төрөлхтний амьдралд өөрчлөлт авчрах шинэ технологиудыг Nesta байгууллагын шинжээчдийн тодорхойлсноор танилцуулахаар бэлтгэлээ.
“Дотор хүн”-тэйгээ зөвлөх боломж
Аливаа шийдвэрийг гаргахдаа огт эргэлздэггүй хүн ховор. Ялангуяа хэн хүнд мэдэгдэхийг хүсээгүй асуудал тулгарахад хүнээс зөвлөгөө авч чадахгүй “Яах вэ?” гэж эргэлзэх хэцүү байдаг. Ийм тохиолдолд ихэнх нь найз гэж бодсон нэгэндээ, эс бол сэтгэлзүйчид ханддаг шүү дээ. Гэвч энэ нь нууц задруулах эрсдэлтэйгээс гадна төлбөр төлөх шаардлагатай болдог. Тэгвэл энэ асуудал ирэх онд шийдэгдэх нь.
Таны өнгөрсөн амьдралын түүх, гаргасан шийдвэрүүд, тэдгээр шийдвэрүүдийнхээ талаар хожим гаргасан дүгнэлтүүд гэх мэт мэдээлэл дээр суурилан бүтээгдсэн хиймэл оюун ухаан буюу таны “дотор хүн”-ийг ирэх онд багтаан гаргана гэвэл итгэх үү?
Зөвхөн таны онцлогоос гадна орчин үеийн шинжлэх ухаан, хууль эрх зүй, бусад салбарын мэдлэгийг “суулгасан” таны супер хувилбар байна гээд бод доо.
Шинжээч Алекс Бердичевская, Жек Орлик, Оливер Кансдел нарын урьдчилсан таамаглалаар, хүн төрөлхтөн өөрсдийн дижитал хуулбаруудыг бодит амьдрал дээр шийдвэр гаргахад ашиглах боломж ирэх оноос бүрдэх юм байна. Энэ “Дотор хүн” буюу ихэр чинь таны өмнөөс ирээдүйд тань санаа зовж, хамгийн зөв шийдлүүдийг санал болгох гэнэ. Таны онцлогоос гадна бүхий л салбарын мэдлэгээр “цэнэглэгдсэн” байх тул ажлаа солих эсэх, сүүлийн үед идсэн хоол унд эрүүл мэндэд чинь яаж нөлөөлсөн, эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг ч асууж зөвлөж болно гээд бод. Тэд таныг мөнгөө хэрхэн зарцуулах, ер нь юуг хэрхэн хийвэл ирээдүйд илүү дээд түвшинд очих вэ гэдгийг маш сайн мэднэ.
Ардчиллыг аврах санал хураалтын шинэ систем нэвтэрнэ
Ардчиллыг хүн төрөлхтний бодож олсон хамгийн сонгодог нийгмийн байгуулал гэж саяхныг болтол үздэг байлаа. Гэтэл баян хоосны ялгаа ихсэх тусам олонхийн саналаар асуудлыг шийдэх гол зарчим нь дэлхийн эдийн засаг, улс төрийг тогтворгүй байдалд оруулах хэмжээнд хүрч байгаа сул тал сүүлийн жилүүдэд тодоор ажиглагдах болсон билээ. Энэ сул тал нь дэлхийн улс орнуудад популист удирдагчид төрийн эрхэнд гарч байгаагаар илэрч буй. Тэд баялгийн хуваарилалтыг дахин хийхийг оролдож, энэ нь тогтсон механизмыг эвдсэнээр улс орноо сүйрэлд хөтөлж байна. Нийгмийг цөөнх элитүүд чирч явдаг нь жам. Гэтэл ардчилсан нийгмийн байгуулалтай, Парламентын засаглалтай улсад төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тул цөөнхүүд хүчгүйднэ. Эрдэмтний санал гуйлгачны саналтай дүйнэ. Яг энэ шалтгааны улмаас ертөнцийн өнцөг булан бүрт популистууд хүчээ авч байгаа билээ. 100 сонгогчийн 51 нь гуйлгачин, 49 нь баян, сэхээтэн байгаа нөхцөлд гуйлгачдын эрх ашгийг хамгаалсан улстөрч л хожих нь тодорхой. Популист амлалтууд бусад намуудыг гарцаагүй байдалд оруулж, амлалтын эргүүлэгт оруулсан байдал олон улсад ажиглагдаж байна. Мөн сонгогчдын санал тооцогдохгүй байх явдал олон гарч буй. Сонгогчдын 57 хувь нь өөр хүнд санал өгсөн байтал Т.Мэй Ерөнхий сайд болсон байх жишээтэй.
Барууны эрдэмтэд популизмыг зөв зам биш гэдэг үзэлдээ бат зогсож, популистуудыг шүүмжилсэн хэвээр байгаа ч нөлөө нь яалт ч үгүй нэмэгдэж, газар авч байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөрийг хийж чадахгүй байна. Тэд энэ байдлаас гарах ганц зам нь орчин үеийн, олон нийтийн-улс төрийн тогтолцоо, сонгуулийн арга хэлбэрийг бий болгох явдал гэж үзэж байгаа ч санаа оноо уралдуулахаас хэтрэлгүй хэдэн жилийг үдсэн. Тэгвэл энэ сул талыг нь бага ч гэсэн нөхөж, ардчилалд итгэх итгэлийг сэргээх бодит оролдлогууд ирэх жилээс хийгдэж эхэлнэ гэж шинжээч Жонатан Боун таамагласан байна. Түүнийхээр бол Засгийн газрууд 2020 оноос квадрат санал хураалт зэрэг шинэ арга механизмыг илүүтэй ашиглаж эхлэх гэнэ.
Санал хураалтын одоогийн тогтолцооноос дээр, сонгогчдын санал хүслийг илүүтэй тусгаж чадах тогтолцоонууд байдаг бөгөөд тэдний нэг нь квадрат санал хураалтын тогтолцоо юм. Гол зарчим нь сонгогчид нэг биш, нэлээд хэдэн нэр дэвшигчид зэрэг санал өгөх боломжийг олгодгоороо онцлог.
Та дэмжиж байгаа 2-3 хүндээ саналаа хувааж өгч болно. Эсвэл нэг л нэр дэвшигчид бүх саналаа өгч болно. Гэхдээ, үр дүнг тооцохдоо нэг хүнд бүх саналаа өгөх нь тарааж өгснөөс арай илүү үнэ цэнэтэй байх зарчим баримталдаг.
Нэг сонгогч 10 эрхтэй байлаа гэхэд 10 хүнээс бүх 10 саналыг нь авсан нэр дэвшигч 100 хүнээс нэг, нэг санал цуглуулсан нэр дэвшигчээс илүү үнэлэгдэнэ гэж ойлгож болох юм. Сонгуулийн энэ систем нь олон нэр дэвшигчтэй нөхцөлд сонгогчийн саналыг хүртээмжтэй тусгах боломжтой, сонгогчийн санал бодлыг илүү нарийн тусгадгаараа сайн талтай юм.
Санал хураалтын ийм хэлбэрийг 2019 оноос зарим нэг улсад ашиглаж туршсан тохиолдол гарсан. Колорадо мужийн Төлөөлөгчдийн танхимд олонхийг бүрдүүлдэг Ардчилсан нам төсвийн санхүүжилтийг эрэмбэлэхдээ квадрат санал хураалтыг ашигласан байна.
Мөн Тайванийн Засгийн газар квадрат санал хураалтаар иргэдийг “Ерөнхийлөгчийн Хакатон”-ы ялагчаар сонгох боломжийг олгов. Есдүгээр сард Герман Европын “Вольт” нам квадрат санал хураалтаар намын манифестын аль сэдвийг хамгийн их үнэлдэг вэ гэж гишүүдээс асуусан бол Тайванийн Засгийн газар нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх оновчтой санал уралдуулдаг “Ерөнхийлөгчийн Хакатон” хэмээх дата төвөөс сонголт хийхдээ мөн энэ аргыг ашиглажээ.
Энэ системийг ашигласнаар сонгогчийн саналыг худалдаж авах гэх мэт эрсдэл хэвээр үлдэх ч сонгогчийн санал илүү сайн туссанаар ардчиллыг аварч үлдэх боломж гарна гэж найдаж байгаа аж.
Бэлэн мөнгөгүй дэлхийн сайн, муу тал илүү тод ажиглагдана
Технологийн дэвшлийн ачаар бид бэлэн мөнгө хэрэглэхээ бараг л больж байгаа билээ. Тэгвэл энэ нөхцөл байдлын сайн, муу талыг бид ирэх онд илүү тодоор амсч мэдрэх гэнэ. Судлаач Оливье Ашер ингэж таамаглажээ.
Эдүгээ дэлхий дээр бэлэн мөнгөний эргэлт буурч, цахим буюу тоон мөнгө хаанчилж байна. Энэ том үсрэлтийг бид хэдхэн жилийн дотор хийж чаджээ. Өнөөдөр Их Британийн жижиглэн худалдааны 3/4-ийг дебет болон кредит картаар хийж байна. Шведэд мөн ийм нөхцөл байдал үүсч банкууд нь мөнгөн тэмдэгт зоос хэвлэхээ болиод багагүй хугацаа өнгөрчээ. Ийм байдал зөвхөн баруун Европоор хязгаарлагдахгүй. Энэтхэгт ч, Африкийн орнуудад хүртэл бэлэн мөнгөний хэрэглээ эрчимтэй багасч байна.
Хэрэглээнд анх нэвтэрсэн гэдгээр нь харвал төлбөрийн бэлэн бус хэлбэр нь шинэ зүйл биш. Анхны автомат теллер машинууд 1960-аад онд хэрэглээнд нэвтэрсэн бол кредит карт 1990-ээд оноос бий болсон. Нууц үгтэй байснаа зайнаас уншдаг болсон. Хөгжил энэ мэтээр цаашаа явах нь тодорхой. Гэхдээ Оливье Ашерын бодож олсноор бол бид яг одоо бэлэн мөнгө, цахим мөнгөний хөгжлийн эргэлтийн цэг дээр ирээд байгаа аж.
Мэдээж, бэлэн мөнгөний хэрэглээ бүрмөсөн устталаа өдий. Италид бүх худалдан авалтын 80 хувь, Германд 25 хувь нь л бэлэн мөнгөөр хийгдэж байна. Гэвч 2024 он гэхэд бүх төлбөрийн 95 хувь нь бэлэн бусаар хийгддэг газрууд бий болж, сөрөг нөлөө нь жинхэнээсээ мэдрэгдэх цаг ирнэ.
2020 онд бид энэ өөрчлөлтийн талыг нь ч болтугай мэдэрнэ гэсэн үг юм. Үр дүн нь ямар ч байж болох ч иргэнд лав ашиггүй байх нь тодорхой гэнэ. Жишээ нь, Австрали улс нийгмийн халамжийн тэтгэврээ 100 хувь картаар олгодог болохоор ажиллаж байгаа. Энэ нь зүйн хэрэг мэт. Гэвч энэ цахим мөнгөөрөө архи, тамхи худалдаж авах, мөрийтэй тоглохыг хориглодог нь ирээдүйг ноцтойгоор төсөөлөхөд хүргэж байгаа аж. Австралийн жишээ нь, бэлэн мөнгө байхгүй болсны дараа эрх баригчид иргэдийнхээ хэрэглээг хянаж, худалдаж авч болох, болохгүй зүйлсийг нь зааж өгнө гэдгийг харуулах жишээ байж болох уу. Үүнийг одоо урьдчилж хэлэх боломжгүй ч тэр үед бүх эрх мэдэл эрх баригчдын гарт очсон байх нь л тодорхой юм. Тэгэхээр, цахим мөнгө иргэдийг хянах хэрэгсэл болж хувирах магадлал өндөр ажээ.
XXI зууны холбоо
2020 онд орчин үеийн шинэ ажлын байранд ажилладаг ажилчдын эрхийг хамгаалах зорилготой Үйлдвэрчний эвлэлийн шинэ төрлүүд олноороо байгуулагдах гэнэ. Шинжээч Жек Орлигк энэ таамгийг дэвшүүлжээ.
Одоо дэлхий дээр ажиллаж байгаа Үйлдвэрчний эвлэлүүд нь XIX зууны үед бий болсон анхны хэлбэрээсээ нэг их өөрчлөгдөөгүй бөгөөд өдгөө шинэ зуунд үйл ажиллагааныхаа нөөц боломжийг бараг шавхаж, шинэ эринд үүргээ гүйцэтгэх боломж нь хомсдсоор байгаа аж. Даяаршил, эдийн засгийн өсөлт, үндэстэн дамнасан корпорациудын өсөлт зэргийн нөлөөгөөр үйлдвэрчний эвлэлийн ажиллах боломж жилээс жилд хумигдаж байна. Хүн ам, ажлын байрны тоо үлэмж өссөн атал эдүгээ Үйлдвэрчний эвлэлд бүртгэлтэй ажилчдын тоо 1970-аад оны үеэс хоёр дахин багассан гэнэ.
Гэвч энэ нь урт хугацаандаа ингэж харагдаж байгаа бөгөөд нарийвчилбал сүүлийн хоёр жилд харин ч өсч байгаа нь харагдана. Технологийн дэвшлийн ачаар эдүгээ ажил олгогч, ажилтан хоорондоо орон зайнаас үл хамааран харилцаа үүсгэх боломжтой болсон. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийг технологийн дэвшлийг ашигласан, олон улсыг хамарсан шинэ хэв маягтай болгон өөрчилж байна. Үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөлөх хүч нь ч нэмэгдэж иржээ. “Google inc” компанийн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа ажилчид компаниа Пентагонтой хамтран ажилласан, эмэгтэй ажилчдад хандах хандлага зэргээр гомдол гаргаж нэгдсэн зохион байгуулалтад орсныхоо ачаар үр дүнд хүрсэн жишээг энд дурдаж болно.
Шинэ зууны хэв шинжийг хадгалсан Үйлдвэрчний эвлэлийн холбоод урьд өмнөхөөс илүү нэгдэн нягтарч, эв нэгдэлтэй байхад хүргэсэн гол шалтгаан нь технологийн дэвшилтэй холбоотойгоор ажлын байр багасч байгаа явдал юм.
Өмнө нь, робот гэж байдаггүй байхад ажилтнуудад айдас бага байж. Одоо бол хэзээ мөдгүй ажлын байраа автоматуудад алдах эрсдэл бодитой болсон тул тэмцэхээс өөр аргагүй болжээ.
АНУ-д ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Ардчилсан намаас нэр дэвшигч Элизабет Уоррен, Берни Сандерс, Пит Буттигиг нар ажилчдын эвлэлдэн нэгдэх, үйлдвэрчний эвлэлүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг дэмжинэ гэж зарлаад байна.
Галын шоуг дрон орлоно
Салют буюу ёслолын буудлага үйлдвэрлэгчид дампуурах эхлэл ирэх жилээс тавигдах гэнэ.
Баяр наадмын салшгүй нэг хэсэг болсон энэ сүрт ёслолыг ирэх жилээс гэрэлт дроноор (dazzling drone) гүйцэтгэх илүү сүржин ёслол орлох магадлал өндөр байгаа талаар Крис Хейли таамаг дэвшүүлжээ.
Бүх нийтээр тэмдэглэх баяр ёслолыг галын наадмаар чимэглэх ёс тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Англичууд анхдугаар Елизавета хатны үеэс ийм заншил тогтоосон бөгөөд улмаар дэлхий даяар тархсан гэдэг. Одоо бол Хятадын шинэ жил болсон ч тэсэлж л байдаг, Оросын шинэ жил болсон ч тэсэлж л байдаг, баярын салшгүй нэг хэсэг, уламжлал болсон байна. Тэгвэл хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэдэг энэ аргыг сүүлийн жилүүдэд хэтэрхий их зардалтай, байгаль орчинд хор хөнөөлтэй гэж шүүмжлэх болжээ. Дэлхийн хэмжээнд галын наадам худалдаж авахын тулд жилд хоёр тэрбум фунт стерлингийн зарлага гаргадаг байна. Түүнчлэн галын наадмыг буруу хэрэглэснээс болж жил бүр цөөнгүй хүн нас бардаг байна. Зөвхөн Их Британид гэхэд л ийм шалтгаанаар жилд 5000 гаруй хүн эмнэлгийн тусламж авдаг ажээ.
Тиймээс л үүнийг орлох өөр аргыг хайж, энэ жилээс эхлэн Dazzling drone буюу гэрэлт дроныг ашиглан агаарын сүртэй шоуг зохион байгуулах болсон байна. Тухайлбал, 2019 онд БНХАУ ийм шоу зохион байгуулсныг энд дурдаж болно. Гагцхүү өртөг нь өндөр байсан учраас л өргөн тархаагүй байсан аж. Харин son et lumiere хэмээх дисплей ашиглах болсноор өртөг нь эрс буурсан тул ирэх жилээс өргөнөөр хэрэглэгдэх юм байна. Улмаар өртөг зардал нь үргэлжлэн буурсаар салютын хэрэглээг бүрмөсөн үгүй болгох ажээ.
Эко түгшүүр нэмэгдэж, иргэд байгаль орчны төлөө нэгдэнэ
Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс айх айдас шинэ түвшинд гарах нэгэн он айсуй талаар Кейт Саттон, Лори Смит нар таамаглал дэвшүүлжээ.
Цаг уурын өөрчлөлтийн нөлөө ирэх жил урьдын адил хурцаар мэдрэгдсэн хэвээр байснаар ирэх онд хүмүүсийн сэтгэл зовинол үлэмж нэмэгдэх магадлал байна. Энэ нь хүмүүсийг байгаль дэлхийгээ хайрлах, амьдралын эгэл хэв маягийг сонгож хэмнэлттэй амьдрах дадал хэвшүүлэхэд хүргэх гэнэ.
Үүнийг олон жил үргэлжилж байгаа байгаль орчноо хамгаалах, дэлхийн дулаарлыг бууруулах гэх мэт улиг болсон уриалга 2020 онд л хүмүүсийн орой руу нь орж, бодит хувь нэмрээ оруулахыг хичээж эхэлнэ гэж хэлж ч болох юм. Олон улсын байгаль судлаач эрдэмтдийн баг нөхцөл байдлыг өөрчлөхөд бидэнд 12 жил л үлдсэн, түүнээс хойш сүйрлийг зогсоох ямар ч боломжгүй гэсэн анхааруулга өгсөн Грета Тунбергийн хөдөлгөөн, түүнээс ч илүү нөлөөтэй хүчин зүйл болох байгалийн гамшиг, аюулт үзэгдлүүд зэрэг нь эцэстээ нэг юм үр дүнд хүрэх ажээ. Хүмүүс эхэндээ “Онгоцоор битгий нис”, “Мах бүү ид”, “Машинаар битгий зорч” гэх мэт зөвлөмжүүдийг сонсоод цочирдож, биелүүлэхийг хүсэхгүй байснаа одоо аажмаар ухаарч, амьдралдаа хэвшүүлэхээр хичээж эхлэх гэнэ.
Монти Питон алхагчид буюу хяналтаас зугтахын төлөөх тэмцэл
Хүмүүсийг нүүр царайнаас гадна хийж буй хөдөлгөөн, явдал, алхаа гишгээгээр нь таних программ олноор бичигдэж, өдөр ирэх тусам боловсронгуй болсоор байна. Энэ нь иргэдэд бусдын хараанд байгаа мэт айдас болгоомжлол үүсгэж, ирэх жилээс эхлэн гудамжинд гэнэт Монти Питон (Monty Python) маягийн эвгүй алхалт хийх хүмүүс эрс олшрох гэнэ. Лоури Смит, Ханна Пиктон нар энэ талаар таамаглажээ.
Гэмт хэрэгтнийг эрэн хайх ажлыг хөнгөвчлөх хэрэгцээ нь хүнийг нүүр царай, дуу хоолой, хөдөлгөөний хэв шинжээр нь таних технологийг хөгжүүлж байгаа билээ. Чамлахааргүй үр дүнд ч хүрээд байгаа. БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудалд оргон зайлж болзошгүй гэмт хэрэгтнийг нүүр царайгаар нь илрүүлж барьдаг робот цагдаа ажиллаж эхэлсэн нь үүний гэрч. Гэтэл сайхан зорилгоор эхлүүлсэн энэ ажил иргэдийн эсрэг чиглэж байгаа бодит үнэнтэй нүүр тулах цаг нь ирсэн байна. Гэтэл хүн гэдэг бусдын хяналтад байх дургүй. Тиймээс л хяналтад өртөхгүй, танигдахгүй бултахын тулд хэвшмэл хөдөлгөөнөө үе, үе өөрчилж, Монти Питон маягийн инээдтэй алхалтаар алхахад хүрнэ гэж шинжээчид хөгжилтэйгөөр төсөөлсөн байна.
Хятадад робот цагдаа ажиллаж байгаа, Хонконгийн босогчдыг гудамжны камеруудад суурилуулсан нүүр царай таних технологийн ачаар цагдаа нар дор нь илрүүлэн барьж байгаа зэрэг нь хүмүүст дохио өгч, түгшүүр төрүүлэх болж байна.
Хиймэл оюун ухаан (AI) программ хангамжийг хослуулан ашигласнаар ердийн хяналтын камераас 50 метрийн зайд байгаа хүмүүсийг нүүр царайгаар нь таних, нүүрээ нуусан ч хөдөлгөөний хэв маягаар нь таних боломжтой юм.
Кибер аллага ба даатгалын зах зээл цэцэглэнэ
Кибер аллагаас хамгаалдаг кибер даатгалын зах зээл 2020 оноос хөгжин цэцэглэнэ гэж шинжээч Билли Беккетт таамаглажээ.
Кибер аллага гэхээр хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Мэдээж интернэтээс нэг хүн гарч ирээд халдлага хийх боломжгүй. Гэсэн ч кибер аллага гэж байна. Тэр нь та бидний интернэт орчинд хадгалсан мэдээллүүдийг устгахыг хэлж байгаа юм. Бидний авахуулсан зураг бүр автоматаар Гүүгл рүү хуулагдаж, бидний мэдэхгүй хаана нэг газар хадгалагдаж байгаа. Энэ мэтээр бидний амьдралын олон чухал мэдээлэл интернэт орчинд байршдаг. Тэгвэл энэ мэдээлэл рүү халдаж, мэдээллийг устгах, данснаас чинь мөнгө авах ч юм уу ямар нэг байдлаар дуулиан шуугиан үүсгэсэн хэрэг ирэх 2020 онд нэг бус удаа гарч, улмаар энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийг даатгах шинэ үйлчилгээ гарч ирж, түргэн зуур хүчээ авах ажээ.
Их Британид нэгэн эмэгтэй кибер аллагын золиос болсон хэрэг энэ онд гарсан. “Алуурчин” бүсгүйн хувийн мэдээлэл рүү орж нүцгэнээр авахуулсан бүх зургийг нь хуулаад интернэт орчин дэлгэсэн төдийгүй тэнд байсан бүх мэдээллээ дахиж хэзээ ч олж авч чадахааргүй болгожээ. Ингэснээр эмэгтэй сэтгэл санааны асар их хохирол амссан аж.
Энэ бол кибер аллагын зөвхөн нэгээхэн жишээ юм. Дэлхийн улс орнууд ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой байгууллагыг бий болгоод эхэлчихсэн. Харин иргэдийг хамгаалах, хохирсон тохиолдолд нөхөн төлбөр өгөх тогтолцоо байхгүй байсан нь ийнхүү ирэх жилээс бий болох ажээ.
Эмэгтэйчүүдийн аз жаргалын эхлэл
Сарын тэмдэг, гормон буюу дааврын өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эмзэг сэдвийн нэг байсаар ирсэн билээ. Дээрх хүчин зүйлс нь эмэгтэйчүүдийн сэтгэлийг хямрааж, уур уцаарыг төрүүлж, идэх дуршлыг бууруулж, улмаар өвчлүүлэх ч тохиолдол гардаг. Эмэгтэйчүүдийн таван хувьд тохиолддог premenstrual dysoricic эмгэгийг ДЭМБ 2013 онд албан ёсоор өвчин хэмээн баталгаажуулсан бөгөөд энэ эмгэг нь дааврын өөрчлөлттэй холбоотой үүсдэг юм. Тэгвэл бүсгүйчүүдэд таагүй нөлөө үзүүлж, хүндрэл учруулдаг энэ асуудлыг одоо хялбараар шийдэх боломж нээгджээ.
Одоо ч гэсэн дэлхий дээр 100 сая гаруй эмэгтэй сарын тэмдгийн мөчлөг, түүнээс болж биед нь гарч байгаа өөрчлөлт зэргийг хянаж, мэдээлэл өгдөг үнэгүй аппликейшнийг ашиглаж байна.
Энэхүү технологийг улам сайжруулснаар дэлхий дээр амьдарч байгаа хэдэн тэрбум эмэгтэйчүүд амьдралаа илүү хялбар болгож чадах юм.
Аппликейшнд суусан мэдээллийн ачаар эмэгтэйчүүд ажил амралтаа зохицуулах, тамирчид бол дасгал хийхэд үр дүнтэй байх цаг хугацаагаа тодорхойлох боломж бүрдэж байна.
Eagle.mn
Сэтгэгдэл бичих