Xaxa.mn

Аллен Айверсоны түүх бага нас

Аллен Айверсон-ны ээжийг Ethel Ann Iverson гэдэг. Жирэмсэн гэдгийг нь дуулгах үед Анн Айверсон 15-тай байлаа. Бетелийн дунд сургуулийн охидын сагсан бөмбөгийн шигшээ багт дөнгөж багтаад байтал эмчийн үзлэгээр жирэмсэн гэдгээ олж мэдэх нь тэр. Коннектикут мужийн Хартфорд дахь ядуусын хороололд төрж өссөн Анн 4 дүүтэй байлаа. Удалгүй Анн эмээтэйгээ амьдрахаар Виржиниа мужийн Хэмптон-руу нүүв. Анны ээж 30 насандаа буруу эмчилгээ хийлгэсний улмаас нас баржээ. Ээж маань нас барсны дараа би борооноор гүйн гарч Ийм муухай зүйл хийдэг ямар гээч бурхан байдаг байна аа. Та яаж ийм юм хийж чадав аа гэж хашгирснаа сайн санадаг хэмээн Анн хожим дурсчээ. Хараахан төрөөгүй хүүхдийнх нь эцэг хэн бэ гэдгийг Анн мэдэж байлаа. Тэр бол Анн-тай хамт Хартфорд-ын дунд сургуульд сурч байсан Аллен Брутон. Тэрбээр Анн-д хайртай, удахгүй хамтдаа байна гэдэг байв. Гэсэн ч эцэг болох асар их үүрэг өмнө нь гэнэт тулгарсан олон залуу хөвгүүдийн адил хамтын амьдрал гэж юу болохыг Брутон гүйцэд ойлгож ухаараагүй бололтой.
Би Хэмптон-руу нүүх бодолтой байлаа. Гэвч дөнгөж 15 настай байв. Төдөлгүй Анн найз залуутай болж, би ч нэг охинтой учирсан. Бидэнд хамтдаа байх боломж огтхон ч гараагүй ээ гэж Брутон нэгэнтээ Филадельфи Дэйли ньюс сонинд ярьсан байдаг. Харин Анн Айверсон ганц бие, айсан, ядууралд нэрвэгдсэн, ажилгүй, удахгүй төрөх гэж буй жаахан охин байлаа. 1975 оны 6 сарын 7-нд Хэмптон хотноо Аллен Айверсон гэдэг хүн эхээс мэндлэв. Алленийг төрүүлснийхээ дараа Анн Хүү юу, охин уу гэж асуужээ. Найз нөхөд нь түүнд хүү төрүүлэхийг захиж, хэрэв хүү төрвөл амьдралын хүнд хэцүүг туулахад нь тусалж, дэмжих болно гэж байсныг Анн санаж байв. Хүүтэй болсныг нь дуулгах үед Анн Баярлалаа бурхан тэнгэр минь гэж дуу алджээ. Жинхэнэ хүүхэд байсанд нь би үнэхээр гайхширсан. Тоглоомон хүүхэлдэй биш, асарч тойлох үр маань. Бяцхан хүү маань сагс тоглодог болно доо гэж бодсон хэмээн хатагтай Анн дурсчээ.
Алленийг төрүүлснийхээ дараа Аллен Брутон-той уулзахаар Анн Хартфорд-д иржээ. Гэсэн ч орчин тойрныг нь хараад энэ бол хүүгээ өсгөх газар биш юм гэдгийг тэрбээр ойлгосон байна. Энэ тухай Анн Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг, худалдаалж буй хар тамхийг хараад би өөртөө Энд хэзээ ч эргэж ирэхгүй юм шүү гэж өөртөө хэлсэн гэжээ. Бяцхан хүүг 3 нас хүрэх үед Анн, Аллен Айверсон хоёрын амьдралаас Аллен Брутон бүр мөсөн алга болсон байлаа. Анны эмэг эх төдөлгүй нас барснаар тэрбээр хүүгээ ганцаараа өсгөх шаардлагатай болов. Залуу ээжийг 17 нас хүрэх үед тэд Майкл Фримэн хэмээх Анны найз залуутай хамт амьдрах боллоо. Хэдий төрсөн эцэг нь биш ч гэлээ Аллений хувьд Фримэн эцгийг нь орлох хүн мөн байсан юм. Бид ямар амьдралаар холбогдсоноо сайн ойлгож байлаа. Би түүнийг хэзээ ч, огтхон ч зэмлэж байгаагүй. Алленийг ч хойд эцгээ бүү зэмлэ гэдэг байсан. Брутоны өмнөөс би харамсдаг. Тэр бидэнд хэзээ ч тус болж байгаагүй. Аллен яаж байна гэж ганц ч удаа утасдаагүй. Аллен өнөөдөр түүнийг гудамжинд зөрж өнгөрөх олон хүний нэг л гэж үзэх болно хэмээн Анн өгүүлжээ.
Аллен Анн хоёрыг дундаршгүй хайр, үл тасрах шижим холбодог юм. Аллен энэ тухай Ээж маань миний үргэлж шүтэж, хүндэлдэг хүн. Би хэзээ ч хэн нэг тамирчныг шүтэж байгаагүй, зөвхөн ээжийгээ шүтдэг байсан. Амьдралдаа ямар нэг том үйлс бүтээнэ шүү гэж хэлэхэд нь би түүнд итгэдэг байлаа. Хэрэв хүсвэл хэн ч болж чадна гэдэгсэн. Зарим эх түүний оронд байсан бол бууж өгөх байсан ч ээж маань тэгээгүй юм. Намайг сайн өсгөж хүмүүжүүлсэн гэж боддог. Өөр хэн нэг нь, хаа нэгтээ намайг өсгөөсэй гэж би огт хүсээгүй гэжээ. Ээжийнхээ нэрний эхний үсгийг Айверсон цээжнийхээ зүүн хэсэгт шивүүлсэн байдаг.
Хэмптон дахь амьдрал тийм ч амар байсангүй. Виржиниагийн Ньюпорт Ньюсийн баруун үзүүрт орших Стюарт Гардений орон сууцнууд хүн цөөнтэй, найдваргүй газар байлаа. Хатагтай Анны хүүгээсээ хол байлгах гэсэн Хартфорд дахь хар тамхи, хүчирхийлэл, янханчлал Стюарт Гарденд ч мөн бугшжээ. Хар тамхины наймаа, буудалцаан үд дунд болдог тийм л ертөнцөд Аллен Айверсон өсч торнисон юм. Эхэд нь буруу эмчилгээ хийж, амь насыг нь залгисан эмнэлгийн захиргаа нөхөн төлбөр болгож 3818 доллар өгөх үед Анн Айверсон 18-тай байлаа. Гэвч энэ мөнгө удаан хүрэлцсэнгүй. Удалгүй өвчтэй охиноо асрах хэрэгтэй болов. Тэрбээр Фримэний охин болох Брэндиг 1979 онд, Лиешаг 1991 онд төрүүлжээ. Лиеша байнга хүндээр өвддөг байсан нь хожим Аллен Айверсоныг амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргахад буюу NBA-гийн 1996 оны драфтад элсэхэд нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Лиешагаас өвчтэйгээс гадна мөнгө тун хомс байв. Лэнглигийн агаарын хүчний баазад Анн нарийн бичгээр, хожим “Нью Хэмптон Инк” компанид өргүүрийн жолоочоор, дараа нь ойролцоох усан онгоцны засварын газарт төмөрчнөөр ажиллаж байлаа. Ээжийнхээ тухай Аллен “Хүүхдүүдээ өсгөх мөнгө олох гэж ээж маань өөрт олдсон бүх ажлыг хийдэг байлаа” гэжээ. Төлбөрөө хийж чаддаггүй байсан учир Аллений гэрт ус, цахилгаан байнга тасарна. Дээр нь тэдний байшингийн дор бохир усны шугам байдаг байв. Өнөөх төмөр хоолой нь байнга хагарч, өмхий ус, ялгадас гэрт нь орж ирнэ. “Гэртээ ирэхэд цахилгаан ч үгүй, хоол ч байхгүй, заримдаа усгүй” байдаг байлаа. Бас дээр нь өнөөх муухай ус. Бохир ус нэлийсэн байшинд амьдарч, шал нойтон учир дүү нараа өдөржин гэртээ гуталтай гүйхийг нь харах хэцүү байсан. Зөвхөн үнэрээс нь болоод л дүү нар маань өвчилж байлаа” гэж бага насны хэцүү амьдралаа Аллен дурссан байдаг. Майкл Фримэн Ньюпорт Ньюсийн усан онгоцны үйлдвэрт ажиллаж байсан ч 1988 оны нэгдүгээр сард авто машины осолд орсноор ажлаасаа халагджээ. Гэр бүл нь хэцүү байдалд байсан ч тэрбээр хийх ажил олж чадсангүй. Эцэст нь гэр бүлдээ ямар ч аргаар хамаагүй туслахаас өөр арга чарга үлдсэнгүй. Тэрбээр өмнө нь шоронд чамгүй олон удаа орж, гарч байсан учир гэр бүлээ тэжээхийн тулд гэмт хэрэг хийх нь тийм ч муу биш гэдгийг ойлгож цөхсөнгүй. 1991 онд Фримэн цагдаа нарт баригдаж, хар тамхи хадгалсан, худалдахыг оролдсон хэрэгт буруутгагдав. “Би Кадиллак машин, алмаазан бөгж худалдаж аваагүй. Зөвхөн өр төлбөрөө л төлж байсан” гэж тэрбээр хууль бус ажиллагаагаа тайлбарлажээ. Фримэн шоронд 22 сар хоригдсон ч чөлөөгөө хэтрүүлсэн учир дахин 23 сарыг шоронд өнгөрүүлэв. М.Фримэн шоронд орсонд Аллен Айверсон ихэд уурлаж байсан ч удалгүй сагсан бөмбөг тоглохыг зааж, заримдаа тэмцээнд дагуулж очиж байсан хүнийхээ талаарх бодлоо өөрчилжээ. Тэрбээр Фримэний тухай “Тэр зөвхөн гэрийнхнээ тэжээхийг хүсч байсан. Тэр хэзээ ч хэнийг ч дээрэмдэж байгаагүй. Шоронгоос гараад гэртээ ирэхэд ямар хэцүү байсныг нь би ойлгож байна. Тэр нэг удаа гэртээ ирээд сандал дээр суунгуутаа уйлж билээ” гэсэн байдаг. Аллен Айверсон 15 нас хүрлээ. Тэрбээр есдүгээр ангидаа орсонгүй. Төрсөн эцэг нь
түүнийг орхиж, эцгээ гэж үздэг хүн нь шоронд сууж байлаа. Гэр бүл нь тун ядуу, аймшигтай орчинд амьдарч байв. Харин тэр энэ айлын цор ганц эр хүн нь. Аллен нэгэн ярилцлагадаа “Ээжийнх нь ээж нас барсан, ээж чинь чиний зарим найз нөхдөөс хэдхэн насаар эгч, дүү нь хүнд өвчинд шаналж, өөрийгөө яагаад ийм харанхуй, өмхий нүхэнд амьдарч байна вэ гэж гутран гаслах айлын ууган хүүд их юм бодогддог юм билээ” гэж ярьсан удаатай. Аллений хувьд гэр орноос гаднах амьдрал нь ч амар хялбар байсангүй. Ядуусын амьдрал өөрийн гэсэн дэг журам, дүрэмтэй, үүнийг нийгмийн дийлэнх хэсэг тэр бүр ойлгодоггүй байлаа. Хүүхдийн огт үзэх ёсгүй олон зүйлийг Аллен бүр эрт үзэж харсан байна. Түүний найз нөхөд танилууд нь хамт өссөн хөршийнхөн нь байлаа. Тэдний зарим нь хар тамхи наймаалдаг, зарим нь гэмт хэрэг үйлддэг эс бөгөөс дээрмийн бүлгийн гишүүд байжээ. Найз нөхдийнхөө тарьдаг уршигтай хэрэг явдалаас Аллен ихэвчлэн зай барьдаг ч, тэд түүний найз нөхөд хэвээр л байв. Магадгүй тэд өөрсдийгөө ямархуу хэцүү, ширүүн орчинд аж төрж буйгаа, маргааш өглөө амьд сэрвэл өөрийгөө азтайд тооцдог тийм газар буйгаа сайн ойлгодог байсан байх. Нэгэн зуны буудалцааны үеэр Аллен найман найзаа нэг дор алдсаны дотор ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон үргэлж дэргэд нь байсан хамгийн сайн найз Тони Кларк нь багтжээ. Тухайн үед хүү нь юу ярьсныг Анн Айверсон ийн дурсаж байна. “Ээжээ би ядуу хүн болж болохгүй, огтхон ч болохгүй”. Төрөхөөс нь авхуулаад сүүдэр мэт дагаж буй ядуурлаас хэрхэн гарах, гэр бүлийнх нь үзэж туулсан бүхий л зовлон, бэрхшээлээс яаж ангижрах вэ гэсэн төлөвлөгөө Аллен Айверсонд байлаа. Тэр бол сагсан бөмбөг. Аллен нэгэн ярилцлагадаа “Гэр бүлийнхээ төлөө амжилт гаргахаас өөр аргагүй гэдгээ би мэдэж байсан. NBA-д тоглоно гэдэг саяд нэг л тохиолдох аз завшаан гэж хүмүүс хэлж болох боловч би хариуд нь –Үгүй ээ, тийм боломж бий. Гэрийнхэн маань хангалттай зовсон учраас би заавал амжилт олохгүй бол болохгүй гэж хэлнэ. Тэд маань амьдралдаа ганц ч болов баярлаж үзэг л дээ. Би амьдралаа маш сайханаар төсөөлж байлаа. Дахин өмхий угаадастай холилдох хүсэл надад байхгүй” гэсэн байдаг.

Сагсан бөмбөгт дуртай болсон түүх

Анн Айверсон сагсан бөмбөг тоглох дуртай байсан бол хүү Аллен нь эсрэгээр дургүй байв. “Аллен-ийг анх сагсан бөмбөг тоглуулахаар явуулж байснаа санаж байна. Тэр естэй л байсан байх. Гэсэн ч тэр явахыг хүсээгүй. Би түүнээс шаардсан учир тэр уйлж эхэлсэн” гэж Анн өгүүлжээ. Аллен анх хэрхэн сагсан бөмбөг тоглох болсон тухайгаа “Ес, эсвэл арван настай л байсан болов уу. Гэвч би тоглохыг хүсээгүй. Би сагсан бөмбөгийг зөөлөн спорт гэж боддог байсан. Ээж маань надад хэдэн Jordan пүүз хүртэл авч өгсөн. Гэртээ ирэхэд ээж –Энэ чиний гутал. Чи өнөөдөр сагсан бөмбөг тоглоно” гэдэг байлаа. Би хариуд нь “Сагсан бөмбөг тоглохгүй ээ. Сагс бол зөөлөн спорт. Би огтхон ч сагсан бөмбөг тоглохгүй. Энэ тоглоомонд дургүй” гэдэг байлаа. Би уйлсаар байсан ч ээж намайг дагуулж явсаар, гэрийн үүдээр түлхээд гаргачихав. Гараад хартал хөлбөмбөг хамт тоглодог хүүхдүүд маань сагсан бөмбөг тоглож байлаа. Орой нь би гэртээ ирээд ээждээ баярласнаа хэлсэн. Түүнээс хойш би сагсан бөмбөгийг орхиогүй юм гэж Аллен дурсчээ. Зарим тамирчид эв дүйгээ хялбархан олдог бол зарим нь нэлээд хугацаа зарцуулдаг. Аллений хувьд хэдий жижиг биетэй ч сагсан бөмбөгийг маш хурдан тоглож сурав.
sХүмүүс ч түүний ур чадварыг анзаарч эхэллээ. Аллен өөрийгөө анх Виржиниагийн Ньюпорт Ньюс дахь Андерсен Паркт сагсан бөмбөг тоглож эхэлсэн гэж үздэг бөгөөд нутгийн дэвжээ нь Хэмптон дахь Абердиний бага сургуулийн талбай ажээ. “Би тэнд авга ахыгаа, түүний найз нарыг хэрхэн тоглохыг нь хардаг байлаа. Би тэднийг сайн хүмүүс, сагсан бөмбөг маш сайн тоглодог улс гэж боддогсон. Би хичээлээ тараад шууд л тоглодог байсан. Энэ үед маш халуун, бараг +30, 40 хэм хүрдэг байлаа. Харин авга ах найзуудтайгаа нар хэвийсэн хойно, тав зургаан цагийн үед ирж тоглодог байсан юм” гэж Айверсон өгүүлжээ. Бяцхан Аллен хамт тоглохыг хүсдэг ч тэд зөвшөөрдөггүй байлаа. “Тэд намайг муу тоглодог, эсвэл хэтэрхий жаахан гэж боддог байсан байх” хэмээн Аллен өгүүлж байна. Энэхүү үзэл Алленийг 9-р ангид орохын өмнөхөн өөрчлөгдөв. Тэр үед Виржиниагийн Тайдуотер даяар бөмбөгийг асар хурдан залдаг, оноо авахыг нь хэн ч хааж, зогсоож чаддаггүй шидэт сагсан бөмбөгчийн тухай яриа тархаад байв. Удалгүй Аллен Айверсон гэж хэн болохыг бүгд мэддэг боллоо. “Тэр үед хүн бүхэн л намайг багтаа оруулахыг хүсдэг болсон. Хамгийн түрүүнд намайг л авахыг хүсдэг байлаа. Энэ бол маш гайхалтай хэрэг. Өмнө намайг хамт тоглохыг хүсэхэд тэд хөөж, загнадаг байсан. Гэтэл удалгүй би тэдний эсрэг тоглож, ёстой будаа болгодог болсон юм” хэмээн Аллен өгүүлжээ. Айверсон удалгүй өөрийн шилдэг тоглолтоо гудамжинд бус, ээжийнх нь тоглож байсан Бетелийн дунд сургуулийн спорт танхимд үзүүлэх болов. Бетелд тэрбээр хөлбөмбөг, сагсан бөмбөгийн од болж, хөлбөмбөгийн багтаа довтлогчоор тоглодог боллоо. Хэдий Аллен хөлбөмбөгийг мэргэжлийн түвшинд маш сайн амжилттай тоглож байсан ч түүнийг сайн сагсан бөмбөгч болно гэдэгт эргэлзэх хэрэг байсангүй. 1991 оны зун Аллен тун гайхалтай тоглож, Хэмптон Роудсын бүх оддоос бүрдсэн Boo Williams багаа авсан оноогоор тэргүүлж, 17-гоос доош насныхны AAU үндэсний тэмцээний хагас шигшээ тоглолтод шалгаруулав. Бетелийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Майкл Бэйли “Аллен-д мэргэжлийн сагсан бөмбөгч болох мөрөөдөл байсан.
Саран дээр хүн хөл тавьж болсон юм чинь Алленд NBA-д тоглох боломж бий гэсэн үг. Би хувьдаа ямар ч мөрөөдөл биелэх боломжтой гэж үздэг. Түүнд ямар нэгэн онцгой учрал тохиолдоно гэдгийг хэлэхгүй бол алдас болох байлаа” гэсэн удаатай. Аллен 1992 оны улиралд хөлбөмбөгийн “Бетел Брюинз” багтайгаа мужийн аварга болсноос 3 өдөр, 1 бэлтгэлийн дараа Аллен улирлын анхны сагсан бөмбөгийн тоглолтод оролцож, 37 оноо авснаар тэд Кекутаны багийг 73:68-аар буулгаж авав. Энэ бол Аллений дунджаар 31.6 онооавч, 8.7 удаа самбараас бөмбөг авч, 9.2 дамжуулалт хийх гайхалтай улирлын эхлэл байлаа. Тэрбээр энэ улиралд 948 оноо авснаар 20 жил эвдэгдээгүй байсан Петерсбургийн Мозес Мэлоуны амжилтыг эвдсэн юм. Дунд сургуулиа төгсөөд шууд мэргэжлийн тамирчин болсон М.Мэлоун хожим NBA-гийн түүхэн 50 шилдэг тоглогчийн нэг болсон билээ. “Сагсан бөмбөгийн талбайд Аллен юу хийж чадахыг би гадарладаг байсан ч, түүнийг нь биширч амждаггүй байлаа. Учир нь тэрбээр дараагийн бэлтгэл, дараагийн тоглолтдоо улам сайн тоглодог байсан” гэж Бэйли хуучилжээ. Хөлбөмбөгийн, сагсан бөмбөгийн талбайд Аллен хэдий агуу зүйлийг амжуулж байсан ч амьдрал нь улам муудсаар л байлаа. Анн Айверсон гэр бүлээ авч явахын төлөө чадах бүхнээ хийж байсан ч Майкл Фримэн /Аллены хойд эцэг/ хар тамхи наймаалсан хэргээр шоронд хоригдож байгаа болохоор санхүүгийн байдал нь улам л муудаж байв. Аллен ч заримдаа дүү Лиешагаа асрахаар гэртээ үлддэг байсан учир хичээл таслах нь ихэсчээ. Алленийг хичээлд нь суулгахын тулд дасгалжуулагч Бэйли өглөө бүр гэрт нь ирж, Алленийг авч явдаг байлаа.
Бэйли заримдаа түүнийг хайж хэд хэдэн айл хэсдэг байв. Гэрийнх нь орчин нөхцөл таалагддаггүй байсан учир Аллен гэртээ хоноогүй тохиолдол олон бий. Тэрбээр нэгэнтээ надад “Амьдрал маань уг нь ийм байх ёсгүй ч ийм л байх ёстой юм байлгүй гэж хэлж билээ” хэмээн Бэйли өгүүлжээ. Дасгалжуулагч, багш, хөршүүд нь Алленийг өлсгөхгүйн тулд байнга мөнгө өгдөг байлаа. Хэдий амьдрал нь хэцүү байсан ч сайхан сэтгэлтэй хүмүүс цөөнгүй байв. Алленийг NBA-гийн од болсны дараа багад нь тусалж дэмжиж байсан тэдгээр хүмүүсээсээ салах хэрэгтэй гэж шүүмжлэгчид нь бурж байв. Аллен хожим “Найз нөхөд маань намайг хүн болгосон юм. NBA-д элсэхээс өмнө намайг гудамжинд үхчихэлгүй, амьд явахад тэд нэлээдгүй үүрэг гүйцэтгэсэн. Тэд бол төрсөн өдрөөс минь хойш надтай хамт байгаа улс. Би тэдэнд л итгэдэг. Үнэнийг хэлэхэд одоо хүнд итгэхэд хэцүү болсон, тийм учраас би зөвхөн тэдэндээ л итгэсээр байгаа. Хэрвээ өнөөдөр миний хоногийн тоо гүйцвэл тэд гэр бүлийнхнийг маань асарна гэдгийг баттай мэдэж буй учир би тайван нүд аних болно. Тэд үргэлж миний талд байна гэдгийг би сайн ойлгож байна. Амьдралд энэ чухал шүү дээ” гэж Аллен өгүүлжээ. Дасгалжуулагч Бэйли бол Аллений итгэлийг хүлээсэн анхны хүмүүсийн нэг.
Түүний эхнэр Жанет Бетелийн дунд сургуульд Алленд англи хэл заадаг байв. Эрхэм Бэйли шавийнхаа тухай “Аллен-тай харилцахдаа миний хийж чадах хамгийн ухаалаг зүйл бол түүнийг зүрх сэтгэлээрээ дасгалжуулах явдал байв. Би хэзээ ч түүнээс илүү сэтгэж чадахгүй байлаа. Аллен хийж буй зүйлдээ бүхнээ зориулдаг учир түүнийг зүрх сэтгэлээрээ жолоодох ганц л зам надад байсан. Түүний хүлээн зөвшөөрөх түвшинд би очих ёстой байв. Өөрийг нь шүүмжилдэг, юу бодож буйгаа шууд хэлдэг хүмүүсийг тэр хамгийн их хүндэлдэг. Аллен-тай хамт байхад этгээд дүр төрхийг нь олж мэдэх боловч тэр халуун дулаан сэтгэгдэл төрүүлдэг хүн. Үүнд нь татагдахаас өөр аргагүй. Тэр хайр хүрмээр хүн шүү. Та түүнийг хайрлахын хэрээр тэр чамайг хүндлэх болно” гэж ярьжээ. Аллен 2000-2001 оны улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болсны дараа Филадельфи хотод шагналаа хүлээн авахдаа Филадельфи-76 багийн дасгалжуулагч, багийн андуудынхаа хамт эрхэм Бэйлиг эхнэрийнх нь хамт урьсан билээ.
Аллен Айверсон америк хөлбөмбөг их сонирхдог байлааАллений сонирхдог спорт нь америк хөлбөмбөг байлаа. Энэ бол чанга гаруудад тохирсон хатуу, ширүүн спорт байв. Тэрбээр нэг удаа хэлэхдээ “би хөлбөмбөгөө санадаг. Би анхандаа NBA-д тоглоно гэж бодож байгаагүй. Хөлбөмбөгчин болно л гэж боддог байсан” гэжээ.
Айверсон ээжийнхээ тоглож байсан Бетелийн дунд сургуулийн хөлбөмбөгийн багт довтлогчоор тоглодог боллоо. 1991 онд Бетелийн хөлбөмбөгийн баг нэг ч ялагдалгүй улирлыг дуусгахад Аллен ихээхэн үүрэг гүйцэтгэж улмаар 15 жилийн дотор баг нь анх удаагаа мужийн аварга болов. Тэрбээр нийт 1583 ярд довтолгоо хийж, 13 удаа дамжуулалт тасалжээ. Дунд сургуулийнх нь хөлбөмбөгийн багийн багш Деннис Козловский Аллений талаар “Хэрэв тэрбээр хөлбөмбөгөө орхиогүй бол коллежийн 1-р дивизионы аль нэг багт квотербек хийх байсан болов уу гэж боддог юм. Түүнээс цааш яах ч байсан юм, хэн мэдэх вэ?” гэж өгүүлжээ. Дунд сургуульд байхдаа хамт амьдарч байсан, Аллений хувийн туслахаар ажиллаж байсан Гэри Мур “Хэдий Аллен сагсан бөмбөгийн талбайд гялалзтал тоглож байсан ч энэ нь түүний хувьд шилдэг амжилт биш байлаа. Тэрбээр хөлбөмбөгийг дэндүү сайн тоглодог байсныг нь надаас өөр олон хүн гэрчилнэ” гэжээ.
1992 онд улирлын өмнөх бэлтгэлийн 2 дахь өдөр Аллен бэлтгэлээ таслав. Түүнийг ганцхан сагсан бөмбөгт анхаарлаа хандуулж, хөлбөмбөгөө орхиж магадгүй нь гэсэн бодол олон хүнд төрсөн гэдэг. Гэсэн ч Аллен хөлбөмбөгөө орхисонгүй, 1992-93 оны хичээлийн шинэ жил түүний амьдралын хамгийн одтой үе болсон юм. 1992 оны хөлбөмбөгийн улирлын эхний тоглолтод Аллен гарааны бүрэлдэхүүнд квотербекээр тоглосонгүй. Гэвч тэмцээний эхний хагасын дараа дасгалжуулагч Козловский түүнийг дээрх байрлалд тоглуулснаар Аллен багийнхаа эхний 4 довтолгооны 2-ыг нь амжилттай дуусгаж, улмаар Бетел Брюинз эхний тоглолтдоо 21:0-ээр ялалт байгуулав. Аллен тэргүүтэй Бетелийн баг удалгүй виржиниагийн ААА дивизионы плей-оффт шалгарлаа. Хагас шигшээ тоглолтод Бетелийн баг Хюгенотийн багт 16:0-ээр хожигдож байгаад Аллений ачаар 22:16-аар дийлэв. Тэрхүү тоглолтын нэмэлт цагт Аллен хожлын оноог авсан байна. Харин аваргын төлөө “E.C.Class” дунд сургуулийн эсрэг тоглолтод Аллен 2 оновчтой дамжуулалт хийж, 2 дамжуулалт таслан, өөрөө 2 оноо авснаар “Брюинз” 27:0-ээр ялалт байгуулжээ.
2001 оны 4-р сард NBA-гийн плей-оффын эхний шатанд 76-чууд Indiana Pacers-ийг хожсоны дараа Айверсон “Хамгийн сүүлд би мужийн хөлбөмбөгийн аварга болохдоо л одоогийнх шигээ аз жаргалтай байсан. Энэ явдал хэдэн жилийн өмнө боллоо? 1992 онд. Түүнээс хойш их цаг хугацаа өнгөрчээ” гэж өгүүлсэн байдаг.
1993 онд Аллен нийт 2204 ярд довтолгоо гүйцэтгэж, 21 точдаун, 14 оновчтой дамжуулалт хийж, 8 удаа бөмбөг тасалжээ. Тэрбээр нэг тоглолтод 5 удаа бөмбөг таслан Виржиниагийн дунд сургуулийн дээд амжилтыг тогтоосон нь одоо ч хэвээр байгаа юм. Аллен Виржиниагийн ААА дивизионы “Оны шилдэг хөлбөмбөгч” болж, мужийнхаа хамгаалагчдын 1-р багт нэрлэгдэн, мужийн шилдэг квортербек боллоо. Флорида Стейт, Хойд Каролина, Мэрилэнд, Виржиниа Тек зэрэг 1-р дивизионд багтдаг сургуулийн багууд Алленийг авахаар хөөцөлдөх болов. “NFL-д Дейон Сандерс ямархуу одтой сайн тоглож байсан шиг Аллен бидний хувьд түүнтэй адил үүрэг гүйцэтгэж байна” гэж дунд сургуулийнх нь хөлбөмбөгийн багийн багш Козловский магтаж байв.
Гэсэн ч Аллений сэтгэл зүрхээ өгсөн спорт нь сагсан бөмбөг байсан юм.
Филадельфи 76 баг Аллен Айверсоны #3 дугаартай өмсгөлийг 2014 оны 3 сарын 1нд мөнхжүүлсэн билээ.

Тамирчдын түүх хуудасскачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us