Та хамгийн сүүлд кино театрт кино үзсэн үү, эсвэл “Netflix”-ээр кино үзсэн үү? Ихэнх хүмүүс энэ асуултад “Netflix” хэмээн хариулах байх. “Netflix” хэрэглэгчдийн тоо жилд 10 орчим хувиар өсдөг бөгөөд яг одоогоор АНУ-д л гэхэд 59 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. “Netflix” бол орчин үеийн хамгийн шилдэг медиа компаниудын нэг бөгөөд олон салбарт үр нөлөөгөө үзүүлж чаддаг. Мэргэжилтнүүд үүнийг “Netflix нөлөө” хэмээн нэрлэдэг байна. Ингээд тэдгээртэй танилцацгаая.
1Хэрэглэгчдийн контент үздэг байдлыг өөрчилсөн
Хүмүүс өмнө нь "DVD" тоглуулагч эсвэл телевизийн сувгаар кино үздэг байсан. Гэтэл одоо хэрэглэгчид контентыг шууд, хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөр дамжуулан үзэх боломжтой болжээ. Хүмүүс нэвтрүүлэг хооронд гарах зар сурталчилгаа үзэхээ больж тэр ч байтугай телевиз хүртэл үзэхээ байсан. Кабелийн мөнгө төлөхийн оронд "Netflix"-г сонгох хэрэглэгчид улам ихэсч байна. 2018 онд кабелаа салгуулсан хүмүүсийн тоо бараг 33% -иар өсч 33 сая хүн болжээ. Үүний зэрэгцээгээр Netflix-ийн хэрэглэгчид ч улам ихээр нэмэгдэж байна. Энэ нь хэрэглэгчид хүссэн үедээ хүссэн зүйлээ үзэх боломжтой байх уян хатан чанарыг илүүд үздэгийг баталж байна.
Хүмүүс үзэхгүй контентийн төлөө төлбөр төлөхийг хэзээ ч хүсэхгүй нь ойлгомжтой. "Netflix" 2018 онд 13 тэрбум долларыг контентод зарцуулсан бөгөөд үүний 85 орчим хувь нь өөрсдийн шинэ бүтээлдээ зориулсан байгаа юм. Та хүссэн киногоо олон эх сурвалжаас үзэх боломжтой боловч “Netflix”-ээс гаргасан бүтээлийг зөвхөн “Netflix”-ээс л үзэх боломжтой гэдгээрээ хэрэглэгчдийг хамгийн ихээр татдаг. “Netflix”-н цуврал “Bird Box” кино гарсан эхний долоо хоногтоо л гэхэд 45 сая хэрэглэгчдийн хандалтыг авсан байгаа юм. Үүнийг “Box Office”-н доллар руу хөрвүүлэхэд кино театруудаар гарч буй кинонуудыг хангалттай тэргүүлэхээр ажээ.
2Интернетийн бизнес загваруудыг шинэчилсэн
“Netflix” нь бизнес загвартаа интернетийн шинэ технологийг ашигласан анхны компаниудын нэг байв. Иймэрхүү төрлийн бизнесүүдийн загвар ерөнхийдөө “DVD”-г шуудангаар хүргэх байсан боловч үйлчлүүлэгчдийн цөөн хэдэн хувь нь л захиалж авдаг байжээ. Харин үүний оронд “Netflix” интернетэд тулгуурлан бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчидтэй хуваалцдаг технологийг ашиглажээ.
Бизнесийн онлайн загвар нь “Netflix”-т хэрэглэгчдийнхээ мэдээллийг цуглуулан үүгээрээ алгоритм зохиох боломжийг олгосон. Netflix-ийн хиймэл оюун ухааны хүчирхэг алгоритм нь хэрэглэгч бүрийн сонголт, үзвэрийн түүх, үнэлгээ, улсад нь үндэслэн өөр бүтээлүүдийг санал болгодог бөгөөд тухайн санал болгох цэс нь хэрэглэгчдийн сонирхолтой яг таардаг аж. Бүх салбарын компаниуд үйлчлүүлэгчдийнхээ юу хүсч байгааг урьдчилан таамаглаж, хувийн санал болгох цэсийг гаргахыг эрмэлздэг энэ үед “Netflix” үүнийг маш амжилттайгаар хэрэгжүүлж байгаа юм. Шинэ технологи хайж, чиг хандлагаас урьтаж үлдэх нь салбарын шинэ хандлагыг тодорхойлдог гэдгийг “Netflix” маш сайн ойлгодог хэмээн үзэж болно.
3Кино ба телевизийн салбарт ихээр нөлөөлсөн
“Netflix” олон салбарт нөлөөлдөг боловч кино, телевизийн салбарт хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа уламжлалт телевизийн салбартай шууд өрсөлдөж байна. “Netflix” нь анхандаа телевизээр гарч байгаа бүтээлүүдийг шууд дамжуулан хэрэглэгчдээ татдаг байсан бол 2013 оноос хойш өөрсдөө контент бүтээх болсон нь маш том өрсөлдөөнийг бий болгосон байна. Уг бүтээлүүд үзэгчдийг ТВ-ийн уламжлалт шоу нэвтрүүлгээс холдуулж байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүсүүлж байгаа билээ. Кино, телевизийн салбарынхан “Netflix”-тэй эн зэрэгцэхийн тулд үйл ажиллагаагаа тогтмол явуулж, сайн бүтээл гаргах шаардлагатай тулгарч байгаа юм.
“Netflix нөлөө” гэж юу вэ? Энэ нь өөрийн сонирхсон, тохиромжтой байдал руу шилжих явдал юм. “Netflix”-ийн амжилт нь хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, өөрсдийн хүссэн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эрмэлздэг болохыг харуулж байна. Салбараас үл хамааран бүх компани үүнээс суралцаж, инновацийн зарчмуудыг нь дагах хэрэгтэй. Эс тэгвээс хэзээ нэг өдөр таны “DVD” шуудангаар илгээдэг ажил тань “Netflix” шиг компаниудад бут цохиулах эрсдэл бий болно.
CAAK.mn
Сэтгэгдэл бичих