Xaxa.mn

Хуурамч цахим шууданг таних ЗУРГААН ЗӨВЛӨМЖ

Манай улсад ухаалаг гар утас хэрэглэдэг хүн давхардсан тоогоор 2.4 сая гаруй бий. Тэдний дийлэнх нь хувь, хувьсгалын ажилдаа цахим шуудан ашигладаг. Гэтэл банкны орлого, зарлагын гүйлгээний мэдээллээс эхлээд аливаа цахим бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үг солих гэх мэт хувь хүний нууцлалтай холбоотой маш олон чухал мэдээлэл и-мэйлээр дамждаг. Үүнийг кибер гэмт этгээдүүд мэддэг учраас банкнаас илгээсэн мэт харагдахаар хуурамч и-мэйл илгээн иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан мэдээллийг нь олж авдаг байна.  
Хуурамч и-мэйлийн гол зорилго бол таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг олж авах. Жишээлбэл, банкны нэрийг барьж, тухайн хүн рүү картын хугацаа дууссан тул мэдээллээ яаралтай шинэчилнэ үү, таны данснаас мөнгө гарсан тул энд дарж нууц үгээ солино уу гэсэн агуулгатай и-мэйл илгээн богино хугацааны дотор эргэн хариу өгөх, холбоос линкэн дээр дарж орохыг шаарддаг.
Гэтэл банк харилцагчийнхаа дансны дугаар, нэвтрэх нэр, нууц үг гэх мэт мэдээллийг и-мэйлээр хэзээ ч асуудаггүй гэдгийг та мэдэх үү? Хуурамч и-мэйлийг ялгаж танихад тус болох энгийн  6  зөвлөмжийг танд танилцуулъя.
  1. Хаягийг нягтлах – Банкууд албан ёсны цахим хаягнаас шуудан илгээдэг. Харин гэмт этгээдүүд албан бус и-мэйл буюу idavaadorj@yahoo.comtsoomoo@t-online.de гэх мэт хувийн хаяг ашигладаг. Энэ бол залилангийн и-мэйл мөн эсэхийг таних хамгийн эхний  тэмдэг тул ямар хаягнаас ирснийг нягтлах хэрэгтэй.
  2. И-мэйлийн зорилгыг судлах – Цахим шууданг ямар зорилгоор илгээсэн бэ гэдгийг сайтар нягталж, унших хэрэгтэй. Түүнчлэн аливаа холбоос линк дээр дарахад хувийн мэдээллээ оруулахыг шаардсан эсэхийг шалгасны үндсэн дээр дараагийн үйлдлээ хийгээрэй.
  3. Он, сар, өдрийг шалгах – Дансаар шилжүүлсэн гүйлгээний мэдээллийг банк тухай бүрт нь и-мэйлээр ирүүлдэг. Хэрэв танд ирсэн и-мэйлийн өдөр цаг нь гүйлгээ хийсэн хугацаатай  зөрж байвал тухайн и-мэйл сэжиг бүхий гэсэн үг.
  4. Лого зургийг нягтлах – Мэргэжлийн байгууллага и-мэйлийн харилцаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Тухайн и-мэйл профайл зурагтай эсэхийг нэг нягтлаарай.
  5. Нэвтрэх нэр, нууц үг шаардвал хуурамч и-мэйл гэсэн үг. Хэрэв хуурамч и-мэйл бол шилжүүлгийн мэдээлэл агуулсан хавсралт файлыг нээх үед таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг эсвэл ямар нэгэн мэдээлэл оруулахыг шаардана. Банк хэзээ ч хувийн мэдээлэл асуудаггүй.
  6. Дахин нягтлах – Үйлдэл хийхээсээ өмнө илгээгчийн нэр, цахим хаяг, зургийг дахин нэг нягтлаарай. Түүнчлэн, зөв бичгийн дүрмийн алдаа гаргасан, утга найруулга муутай бичсэн эсэхийг анзаарах. Гэмт этгээдүүд ажигч гярхай биш хүмүүсийг онилдог учир зөв бичгийн дүрэм, найруулгад ач холбогдол өгдөггүй. Мөн зарим тохиолдолд орчуулгын програм ашиглан текстийг орчуулсан байдаг нь илт мэдэгдэхүйц дүрмийн болон утга найруулгын алдаатай байдаг. Тэр байтугай хүний анхаарал сул байх цагийг сонгож и-мэйл илгээх нь бий. Ийм учраас та бүхэн үйлдэлдээ үргэлж хянамгай байж, дээр дурдсан зөвлөмжийн дагуу нягтлахыг зөвлөж байна.
Залилагчдад боломж бүү олго!
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us