Xaxa.mn

Марсыг эзлэх төлөвлөгөө

Хүн төрөлхтөн Марс гарагийг эрхшээх төлөвлөгөөгөө жилээс жилд чамбайруулан нягталсаар байна. НАСА Марсын цаг уур, орчин нөхцөлийг судалж байгаа бол “SpaceX” гараг хоорондын хөлөг бүтээхээр шамдаж буй. Тэгвэл бусад нь ч зүгээр суулгүй ухаанаа уралдуулж, цаг завгүй хөдөлмөрлөцгөөж байна. Эрдэмтэд Марсын анхны иргэдэд амь зуух, цаашлаад амьдрахад хэрэгцээ шаардлагатай бүхнийг бүтээж, цаашид эзэмших нөхцлийг бүрдүүлэхээр шамдаж буй. Үүнд эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийг барьж байгуулахад шаардлагатай материал, хоол хүнсний нөөц бүгд орно.
Марсын агаар мандлыг сэргээх боломжтой
Марсын агаар мандлын 95 хувь нь нүүрсхүчлийн хий гэдгийг бид мэднэ. Улаан нүдэн гарагийн соронзон туйл нь маш сул учир гараг дээр бий болдог нарны салхинаас болж агаар мандлаа байнга сансарт сарниан алдаж байдаг. Дөрвөн тэрбум жилийн өмнө дулаан, зөөлөн уур амьсгалтай байсан тус гараг дээр дурдсан болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр амьгүй, хүйтэн цэвдэг болж хувирсан билээ. Марсаас дэлхий дээр унасан солирын хэлтэрхийд шинжилгээ хийгээд гараг сүүлийн нэг сая жилийн турш маш хуурай байгааг ч эрдэмтэд судалж тогтоосон. Шинээр суурьшигчид очиход зайлшгүй шаардлагатай хөлдсөн ус уг гараг дээр байгаа эсэх нь одоо хүртэл бүрэн тодорхой болоогүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, Ангараг дээр хүн амьдрах ямар ч боломжгүй хэвээр байгаа юм. Гэвч эрдэмтэд гарагийн уур амьсгалыг сэргээх боломжийг олж харжээ.
Сансрын уудмыг судлах, эзэмших чиглэлээр ажиллаж буй эрдэмтэд оролцдог Planetary Science Vision 2050 Workshop эрдэм шинжилгээний хурал 2017 онд Вашингтон ДиСи дэх НАСА- гийн төв байранд болсон. Энэ хурлаар эрдэмтэд 2050 он гэхэд амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа технологи, төслүүдийн талаар ярилцсан байна.
Сансрын уудмыг шинжлэн судлах төв (НАСА)-ийн гараг судлалын салбарын захирал Жим Грин уг хурал дээр энэ талаар мэдээлэл хийсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татжээ. Түүний дэвшүүлсэн санаа тун энгийн. Ердөө гараг дээр соронзон туйлыг зохиомлоор бий болгох явдал гэнэ. Үүний тулд “Mars L1” төхөөрөмжийг хөөргөх хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь Ангараг дээр буухгүй, харин Ангараг нар хоёрын дунд байдаг “Лагранжа L1” гэж нэрлэсэн бүсэд байрлах аж.
“Mars L1” аппарат нь туйлын соронз буюу дипольны магнитаар тоноглогдсон байх бөгөөд энэ нь нарны цацрагийн тусгалыг өөрчилж, Марс дээр соронзон талбай үүсгэх зориулалттай байх аж. Нарны шуурганаас ингэж хамгаалсан тохиолдолд Ангараг гараг агаар мандлаа өөрчилж, аяндаа нөхөн сэргээгдээд ирэх гэнэ.
Энэхүү санааг гаргасан эрдэмтэд өөрсдийнхөө төслийг компьютер дээр загварчлан гаргаж оролцогчдод харуулсан нь тэдний сонирхлыг татжээ.
Хэрвээ ингэж чадсан тохиолдолд Улаан нүдэн гараг хэдхэн жилийн дотор агаар мандлаа өөрчилж, гадаргын хэм нь дөрвөн хэмээр нэмэгдэх гэнэ. Туйл орчимд температур нэмэгдсэнээр хөлдүү хэлбэрт байгаа нүүрсхүчлийн хий хайлна. Мөн хэрвээ ус байгаа бол тэр ч хайлах нь ойлгомжтой билээ.
Төслийг боловсруулсан эрдэмтэд энэ аргаараа Ангараг дээр урьд нь байсан усны долооны нэгтэй тэнцэх хэмжээний усыг сэргээж чадна гэж найдаж байна. Хэрвээ ингэж чадвал амьдрал сэргэх бүрэн боломжтой аж.
Марсыг эзлэх төлөвлөгөө
Эрчим хүчний эхүүсвэр бүтээх ажил урагштай явна
Марсыг эзэмших үйл хэрэгт чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл нь эрчим хүчний хангамж билээ. Ангараг дэлхийг бодвол сэрүүн газар учир хүн суурьшихад юуны түрүүн эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Эрдэмтэд энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар дэлхийн өнцөг булан бүрт туршилт судалгааны ажил явуулж буй. Марсад ашиглах эрчим хүчний үүсгүүр нь он удаан жил ашиглах боломжтой, ашигт үйлийн коэффициент ихтэй мөртөө тээвэрлэхэд хялбар овор, жин багатай байх ёстой. Тэгвэл энэ шаардлагад нийцсэн нэгэн бүтээлийг Айдахо мужийн Үндэсний лабораторийн эрдэмтэд танилцуулаад байна. Тус муж улсын Үндэсний лабораторийн эрдэмтэд Ангараг руу зөөвөрлөх боломжтой бага оврын цөмийн реактор бүтээсэн нь одоогоор энэ салбарт гарсан хамгийн том дэвшил болоод байна. Шинэ реактор нь овор жин маш бага, ердөө 80х134 см талбайд багтах учир сансарт зөөвөрлөхөд хялбар, Марсын анхны оршин суугчдад яг тохирсон эд гэнэ.
Циркон, вольфрам гэх мэт газрын ховор элемент ашиглаж хийсэн энэ реактор 1.67 мегаваттын хүчин чадалтай, уран 235-ыг боловсруулж гаргаж авсан түлшээр 15 жил ажилладаг байна.
Ашиглалтын хугацаа богино ч энэ хооронд шинэ реактор зөөвөрлөн аваачих юм уу, илүү урт хугацаанд ашиглах боломжтой шинэ реактор бүтээж амжина гэж тооцож байгаа ажээ.
Яагаад гэвэл, эрдэмтэд 2012 онд дээрхтэй хэмжээ, жин ойролцоо боловч дөнгөж 40 киловаттын хүчин чадалтай реактор бүтээж байсан юм. Таван жилийн дотор 40 киловаттыг 1.67 мегаватт болтол нэмэгдүүлж чадсан нь итгэл төрүүлэх дэвшил юм.
Марс дээр “ногоо тарина”
Марсыг эзэмших хүн төрөлхтний төлөвлөгөө ийнхүү улам л эрчимжсээр байна. Энэхүү түүхэн үйл хэрэгт зөвхөн сансрын нисгэгчид гэлтгүй, тус гараг дээр байгуулагдах колонид юу хэрэгтэй, тэр бүхнийг бүтээж байгуулахаар маш олон салбарын эрдэмтэд татагдан орж байгаа.
Тухайлбал, Марсын хүйтэн ширүүн уур амьсгалд дасан зохицож ургах чадвартай ургамлын сорт гаргаж авах ажил амжилттай үргэлжилж байгаа билээ. АНУ-ын Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (НАСА) мэргэжилтнүүд хүнсний ургамал, тухайлбал төмсийг Марсын анхны оршин суугчдын хүнс байх боломжтой гэж үзэн, харь гарагийн хатуу ширүүн нөхцөлийг дааж ургах чадвартай шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байгаа аж.
Судалгааны багийн гишүүн Крис Маккей “Хэзээ нэгэн цагт Марс дээр хүн очиж таарна. Тэр үед тэдэнд идэх юм хэрэгтэй. Тэр нь төмс байх бүрэн боломжтой юм. Бид маш бага температур, хатуу ширүүн нөхцөлд ургадаг шинэ сорт гаргаж авч чадна гэж найдаж байгаа” хэмээн өгүүлжээ. NASA дээрх төслийг Перугийн нийслэл Лимад төвтэй Олон улсын төмсний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн багийнхан туршилтын талбайгаа Перугийн Пампас де ла Хойа гэдэг газарт байгуулжээ.
Эндэхийн уур амьсгал нь Марсынхтай хамгийн төстэй гэж үзсэн байна. Тэнд тэсвэр тэвчээр, ургах чадвараараа хамгийн сайн гэгдсэн сортоос сонголт хийж, 65 сортын төмс тариалчихаад ажиглаж байгаа аж.
Харь гараг дээр очоод идэх боломжтой хүнсний ногоо ганц төмсөөр хязгаарлагдахгүй. NASA өмнө нь Lettuce буюу монголчуудын сайн мэдэх салат навчны тэсвэртэй төрлийг гаргаж авах туршилт явуулсан бөгөөд эдүгээ дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын баазад амжилттай ургуулан туршиж байгаа билээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us