Xaxa.mn

Өдрийн тэмдэглэл хөтлөхөд туслах апп-ууд

  • Ихэнх цагаа юунд өнгөрөөж байгаагаа ухаарал, чухал зүйлсэд анхаарлаа хандуулахад тусалдаг сайн арга
Эрт үеэс алдартнууд өдрийн тэмдэглэл хөтлөхөд ихээхэн ач холбогдол өгдөг байсан нь түүхэн баримтуудаас харагддаг. Түүхт хүмүүсийн өдрийн тэмдэглэл чухал баримт болоод зогсохгүй цаг хугацааны уртад улам үнэ цэнтэй түүх болж байдаг. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь тухайн хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг аж. Заримдаа танд өдрийн турш онцын үйл явдал болоогүй мэт санагдаж болох ч үүнийгээ тэмдэглэснээр түүнтэй холбоотой янз бүрийн санаа, бодлууд урган гарах нь элбэг. Энэ бүхнээс гайхалтай санаа, шинэ арга замууд гарч ирдэг гэнэ. Түүнчлэн, ихэнх цагаа юунд өнгөрөөж байгаагаа ухаарахад тусалж, хэрэггүй зүйлсийг амьдралаасаа хасаж, хэрэгтэй чухал зүйлсдээ анхаарал хандуулахад туслах маш сайн арга юм. Хэнд ч хэлээгүй нууцаа, ирээдүйн зорилго, мөрөөдөл, уур хилэн бухимдлаа магадгүй харж явдаг тэр залуугийнхаа талаар ч бичиж болох юм. Бухимдаж ганцаардсан үедээ дэвтэртээ бүх зүйлээ бичих юм бол тайвширдаг давуу тал бас бий. Хэрвээ та өдрийн тэмдэглэл хөтөлдөггүй бол тэмдэглэл хөтлөх давуу талуудыг танд хүргэе. Өдрийн тэмдэглэл бол таны сайн найз гэсэн үг. Тэр таны бүх нууцыг тань цоожтой авдар шиг л хадгална, хэнд ч хэлэхгүйгээр. Ямар ч асуудал, ямар ч зовлонгоо тоочсон бай тэр таниас залхахгүй. Өдрийн тэмдэглэл хөтлөх нь нэг ёсондоо та өөрийнхөө түүхийг бичиж байна гэсэн үг. Зураг, хоолонд орсон баримт, үзсэн тоглолтын билет гэх мэт зүйлсээ тэмдэглэлийнхээ хажууд наачихвал бүр ч илүү тодорхой ба санахад ч хялбар байх болно. Гэхдээ дэвтэр дээр тэмдэглэх нь хэтэрхий тээртэй санагдвал технологийн дэвшлийг ашиглаад үзээрэй. Хэрэв өдрийн тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн бол эхлээд яаж хөтлөхөө сонгох хэрэгтэй. Зарим хүмүүсийн хувьд цаасан дээр бичих нь илүү тохиромжтой, зарим хүнд апп ашиглах нь илүү дээр байж мэдэх юм. Дэвтэр хэрэггүй гэж үздэг хүмүүс апп ашиглаад үзэхэд гэмгүй. Ингээд өдрийн тэмдэглэл хөтлөхөд туслах апликейшнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 
Reflectly
Хамгийн анхны ухаалаг тэмдэглэл хөтөлдөг апп хэмээх Reflectly нь шинээр гарч ирсэн, цэвэрхэн интерфэйстэй апп юм. Аккаунт нээсний дараагаар "Таны түүхүүд" гэсэн нүүр хэсэг угтах бөгөөд өдөр бүрийн бичсэн тэмдэглэл тань гарч ирнэ. Эдгээр дундаас hashtag ашиглан хайх боломжтой. Гэхдээ хамгийн сонирхолтой нь өдөр бүрийн тэмдэглэл бичихэд гарч ирдэг хэсэг юм. Танаас өөрийнхөө өдрийг "маш муухай"-гаас "үнэхээр гайхалтай" хүртэл дүгнэхийг хүсдэг ба хариултаас тань шалтгаалан дараагийн асуултаа асуудаг. Жишээлбэл, онцгүй өдөр байлаа гэж дүгнэвэл "Яагаад онцгүй өдөр байсныг тайлбарлаач", "Өнөөдөр юу сурсан бэ" гэж асуух бөгөөд гайхалтай өдөр байлаа гэвэл "Өнөөдрийг гайхалтай болгосон гурван зүйлийг нэрлээч", "Яаж илүү гайхалтай болгох байсан бэ" гэх мэтээр асууна. Түүнчлэн "Өнөөдрийн асуулт" гэсэн хэсэг нь өдөр бүр өөрчлөгддөг, танд ухаарал, эргэцүүлэл авчрах зорилготой асуултууд юм. Гурван асуулт асуусны дараа өдөр бүрийг тань дүгнэж статистик болгон харуулдаг. Өнгөрсөн сарын хэдэн өдрийг гайхалтай, хэдэн өдрийг сэтгэл ханамжгүй өнгөрүүлснийг ингэж харах нь илүү олон таатай өдрийг бий болгоход туслах сайн арга. 
Day One
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна дурсамжаа хадгалах хэрэгсэл болдог. Зураг, байршил, цаг агаар гэх мэтийг ашиглан тэмдэглэлээ улам баяжуулах сонголттой Day One нь олон хүний сайшаалыг хүртсэн апп юм. Ягштал өдөр бүр тэмдэглэл бичнэ гэдэг амаргүй даваа. Тиймээс заримдаа зөвхөн зураг оруулж тухайн өдрөө тэмдэглэх боломжийг олгодог. Түүнчлэн код болон хурууны хээгээр түгжиж болдог давуу талтай. Таныг бичиж байх үед автоматаар байршил болон цаг агаарыг уншиж тухайн өдрийн тэмдэглэлд оруулчихдаг нь дараа хайхад хялбар болгодог. Мөн зарим тэмдэглэлдээ tag эсвэл "од" нэмж цахим тэмдэглэлийн дэвтрээ улам цэгцтэй болгох боломжтой. Эдгээр тэмдэглэлээ дараа нь Pdf юм уу текст хэлбэрээр татаж авч болдог тул элдэв янзын санаа оноогоо буулгахад мөн тохиромжтой. Харамсалтай нь, зөвхөн iPad, iPhone, Mac дээр ашиглах хувилбартай. Үүнээс гадна тэмдэглэлээ эргэн харах боломж, хөтлөхөд чухал функц болох sync тохиргоо нь төлбөртэй хувилбар дээр нь байдаг нь жаахан таагүй.
Diaro 
Өөр нэгэн алдартай өдрийн тэмдэглэлийн апп бол гурван сая хэрэглэгчтэй Diaro юм. One Day-тай адил зургаар тэмдэглэлээ баяжуулах боломжтой бөгөөд тэмдэглэл бүрийг өнгөөр ялган ангилах боломжтой. Dropbox-оо холбох шаардлагатай бөгөөд таны бүх тэмдэглэл Dropbox-той тань холбогддог. Гэхдээ тэмдэглэлийг Diaro-оос уншихад илүү ойлгомжтой. Дээрх хоёр апп-ийг бодвол интерфэйсийн хувьд гүйцэхгүй ч хайлтын систем нь давуу. Мөн компьютер, утасны бүх төрлийн апптай тул илүү хүртээмжтэй. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us