Коронавирусийн улмаас кино театрууд бүхэлдээ хаалгаа барьж, киноны хорхойтнууд шинэ бүтээлээр цангаж байна. Гэхдээ вирус тархахаас өмнө амжиж зураг авалтаа дуусгасан кинонууд эхнээсээ онлайнаар нээлтээ хийсээр байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болох шилдэг кинонуудыг танилцуулъя.
Artemis Fowl
Artemis Fowl
Ирландын зохиолч Жон Колферийн зөгнөлт зохиолоос сэдэвлэн хийсэн Artemis Fowl кино уг нь 2019 оны наймдугаар сард нээлтээ хийх товтой байв. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас нээлтийг хойшлуулсан нь коронавирус хэмээх гайт тахалтай давхацжээ. Уг кинонд супер ур чадвартай гэр бүлээс гаралтай 12 настай хүү Артемис Фаулын адал явдлыг өгүүлдэг. Газар доорх ертөнцөөс гарч ирсэн хорон санаатнуудтай жаалхүү хэрхэн тэмцэхийг Artemis Fowl киноноос хүлээн авч үзээрэй. Киноны нээлт тавдугаар сарын 29-нд болно.
Scooby-Doo
Хүүхэд багачууд гэлтгүй насанд хүрэгчид ч амтархан үздэг Scooby-Doo цувралын шинэ анги бүрэн хэмжээний анимэйшн хэлбэртэйгээр танд хүрэхэд бэлэн боллоо. Уран бүтээлчид киноны нээлтийг тавдугаар сарын 15-нд кино театрт хийхээр төлөвлөсөн ч коронавирус тэдний төлөвлөгөөг тасалдуулсан юм. Гэхдээ товлолт хугацаанд нь онлайн нээлт хийхээр болжээ. Киноны гол үйл явдал Scooby болон Shaggy нарыг хулгайлсан хэргийн эргэн тойронд өрнөх болно. Мөн Scooby-гийн нууцлаг гарал үүслийг дэлгэсэн нь киноны нэг онцлог болжээ. Тавдугаар сарын 13-нд нээлтээ хийх уг киног Vudu, ITunes, Amazon-ы алинаар нь ч түрээслэн үзэх боломжтой. Нэг удаагийн түрээсийн үнийг 25 ам.доллараар тогтоожээ.
The King of Staten Island
Saturday Night Live шоуны багийн гишүүн Пит Дэвидсоны гол дүрд нь тоглосон The King of Staten Island инээдмийн кино зургадугаар сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр аавыгаа алдсан Скотт хүү ээжтэйгээ хамт Стэйтен-Айлендэд амьдарна. Тэрбээр өвс татаж, үеийнхэнтэйгээ зугаацах зэргээр цагийг үр дүнгүй өнгөрөөсөөр эрийн цээнд хүрнэ. Гэвч ээж нь Рэй хэмээх гал сөнөөгч залуутай болзож эхэлснээр үйл явдал цааш сонирхолтой өрнөнө. Уг киноны нээлтийг анх гуравдугаар сарын 13-нд хийхээр төлөвлөсөн ч хойшилсоор өдгөөг хүргэжээ.
Capone
Аль Капоне шоронгоос суллагдсаны дараа Холбооны мөрдөх товчооны анхаарлын төвд байсан хэвээр. Түүнд байх ёстой их хэмжээний мөнгө хааш алга болсныг мөрдөгчид хамгийн их сонирхож байв. Мафийн хэрцгий толгойлогч үнэхээр ой санамжаа алдсан уу, эсвэл энэ нь сайтар зохион байгуулсан жүжиг байв уу. Том Харди энэ удаа Аль Капонегийн дүрийг хэрхэн амилуулсныг Capone киноноос хүлээн авч үзээрэй. Харьцангуй бага зардал гэж болох 20 сая ам.доллараар бүтсэн уг кино үүнээс хэд давсан ашиг олох тооцоо байна. Киноны нээлт өнөөдөр албан ёсоор болох юм.
Энхжин Б
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл бичих