Цагаан хэрэм
21 мянга гаруй км урт сунаж тогтсон Түмэн газрын Их цагаан хэрэм нь 2000 гаруй жилийн түүхтэй агаад ЮНЕСКО-гийн тодорхойлсноор “Зөвхөн үүх түүхээрээ бус, давхар бүтээн байгуулалтын гоц туурвил болохын хувьд хүн төрөлхтний үнэлж баршгүй хосгүй өв” юм. Гэвч төгс төгөлдөр байна гэдэг хамгаалагдахын нэр биш ажээ. Цагаан хэрмийн 51.2 хувь нь өдгөө нэг бол бүрэн нурж сүйдсэн, эсвэл засаж янзлахын аргагүйгээр эвдэрч гэмтээд байна. Энэ оны нэгдүгээр сард Хятадын Төрийн төв зөвлөлийн мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр салхи, бороо зэрэг байгалийн, аялал жуулчлал, барилгажилт зэрэг хүний нөлөөт хүчин зүйлсээс болж Цагаан хэрэм эвдэрч сүйдэж буй аж.
Рапа Нуи арал
Номхон далайн зүүн өмнөдөд орших Рапа Нуи нь тус бүс нутагт МЭ 1200-гаад оны үед анхлан хөл тавьсан рапа гэгдэх хүмүүсийн барьсан мянга гаруй аварга том баримлаараа алдартай арал юм. Харин сүүлийн жилүүдэд далай тэнгисийн түвшин хурдтай өсөж тэдгээр баримлыг эвдэж сүйтгэх нь нэмэгджээ. НҮБ-аас анхааруулснаар далайн усны түвшин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоогийнхоос 1.8 метрээр өсөхөд л аварга хүмүүсийн баримал сүйдэж үгүй болохоор байна.
Венец хот
Италийн алдарт Хөвөгч хот далай тэнгисийн усны түвшин нэмэгдэхийн хэрээр ахин хэзээ ч хөвөхгүйгээр тэнгисийн усанд залгиулж мэдэхээр байна. Суурь муутай, балчиг намаг ихтэй, тэнгисээс тасарсан давст нуурын уснаа баригдсан Венец хотыг их уснаас гадна сордог элс мэт сул хөрс шороо “айлгах” болжээ. 1897 оноос хойш хотыг тойрсон усны түвшин 30 см-ээр нэмэгдсэн бол Газар дундын тэнгисийн ус 2100 он гэхэд бараг 1.4 метрээр өндөрсөх тооцоо гараад байна. Энэ нь албаныхан ямар нэгэн зүйл хийхгүй бол Венец хот 2100 он гэхэд усан доогуур бүрэн орно гэсэн үг юм.
Эртний Иерусалим
Христ, иуд, исламын шашны ариун хот Иерусалимын эртний түүхт хэсэг жил бүр хэдэн сая аялагч жуулчид, мөргөлчдийн хөлд дарагддагаасаа болж сэргээж засах аргагүй болтол сүйджээ. ЮНЕСКО-гийн аюулд өртсөн Дэлхийн түүхэн өвд бүртгэлтэй энэ газар алдарт Их оройт сүм, Мөргөлийн хана зэрэг 220-оод түүхэн дурсгалт барилга байгууламжтай аж. Эртний Иерусалим олон хүний хөлд дарагдахаас гадна барилгажилт, гал түймэр, газар хөдлөлт, зэвсэгт зөрчил зэргээс болж мөн ихэд эвдэрч сүйджээ.
Памуккале
Туркээр Хөвөн даавуун цайз хэмээх утгатай нэртэй энэ газар элдэв төрлийн эрдсээс бүтсэн гялтганасан цагаан нууртай, шаталж зассан мэт тогтоц нь уулын орой дээрх эртний тосгоноос доош 160-аад метр уруудсан ер бусын газар юм. 1988 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй буй уг газрыг аялагчид болон нутгийн иргэд халуун рашааныг нь их хэмжээгээр зөөх, эрэг орчмоор нь явж усыг нь бохирдуулах зэргээр унаган төрхийг нь ихэд сүйтгэжээ. Туркийн эрх баригчид Памуккалег хамгаалахын тулд ойр тойронд нь зочид буудал ажиллуулахыг хориглож, жуулчдыг хөл нүцгэн алхахыг шаардах болсон ч нэгэнт учирсан хор хохирлыг нь засаж залруулах аргагүй болжээ.
Их шүрэн арлууд
4000 төрлийн шүр, 1500 гаруй төрөл зүйлийн загас жараахай, 4000 орчим зүйлийн нялцгай биетний өсөж үржих орон гэр болох Их шүрэн арлууд Австралийн эрэг дагууд 2000 гаруй км үргэлжилсэн асар том экосистем юм. Уг газар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр маш хурдан сүйрч буй бөгөөд зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд бүх шүрнийх нь бараг тэн хагас үхэж, өнгөө алджээ. Үйлдвэрлэлийн бохирдол, хэт их загасчлал, далайн усны дулаарал энэ бүхний гол шалтгаан аж.
Сөнөсөн тэнгис
Далайн түвшнөөс дээш ердөө 423 метрт өргөгдсөн Сөнөсөн тэнгисийн ус далайн уснаас 10 дахин их давстай тул сэлж чаддаггүй хүн ч дээр нь айх юмгүй хөвдөг. Гэвч энэхүү өвөрмөц газрын хэмжээ мөн л хүний буруутай үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтөөс болж 1980-аад онд барьсан амралтын газрууд нь өдгөө эрэг хөвөөнөөс нь бараг зургаан км-ийн зайд байрладаг болтол хумигджээ. Өөрөөр хэлбэл нийт нутаг дэвсгэрийнх нь гуравны нэг нь сүүлийн 40 жилд үгүй болсон гэсэн үг юм. Энэ үзэгдэл цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна
Амазоны ширэнгэн ой
Хэдэн сая амьтан, ургамлын орон гэр болох Амазоны их ой ширэнгэ дэлхийн хамгийн том халуун бүсийн ой хөвч юм. Энэ их ой хэдэн зуун жилийн турш хулгайн мод бэлтгэл, ган гачиг, хөрсний элэгдэл, усны бохирдлоос болж хорогдож, сүйдэж ирсэн ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дээрх бүх сөрөг үзэгдэл улам эрчээ авчээ. Амазоны ширэнгэн ойн зөвхөн Бразилийн хэсэгт гэхэд жил бүр 5.4 сая акр газар модгүй болдог гэсэн тооцоо байна.
Мальдивын арлууд
Энэтхэгийн далайд орших Мальдив улс тансаг зэрэглэлийн олон арван буудалтай, жил бүр сая сая жуулчин хүлээж авдаг онцгой үзэсгэлэнтэй хэдэн зуун аралтай бөгөөд анхны бодит аюултайгаа 2004 онд тулжээ. Мөн онд болсон аймшигт цунамигийн дараа тус улсын зарим арал газрын зургаас арчигдсан байна. Үүнээс ч аймшигтай нь Мальдивын арлуудын бараг 80 хувь нь далайн түвшнөөс дээш ердөө метр гаруйхан өргөгдсөн тул олонх нь хэдхэн арван жилийн дотор усан дор орох нь баттай юм.
Эх сурвалж:CCTV.com
Сэтгэгдэл бичих