БНХАУ ерөнхий төлөвлөгөөний дагуу 2025 он хүртэлх зургаан жилд технологийн салбарт 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулна.
Бээжин утасгүй сүлжээнээс эхлээд хиймэл оюун хүртэл олон салбар хамарсан эдийн засагт нэг их наяд гаруй ам.долларын хөрөнгө оруулж байна. Ингэснээр голлох технологиор дэлхийд тэргүүлэх хүчин чармайлтаа идэвхжүүлж байгаа юм. Тус улсын дарга Ши Жиньпин дэмжиж буй ерөнхий төлөвлөгөөний дагуу БНХАУ 2025 он хүртэлх зургаан жилд технологийн салбарт 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулах аж. Эрх баригчид автомат жолоодлого, автоматжуулсан үйлдвэрлэл, масс хяналтын тогтолцоонд чухал үүрэгтэй тав дахь үеийн үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэх, камер, сенсор суурилуулах, хиймэл оюуны программ хангамж хөгжүүлэх ажилд хүчээ дайчлахыг том хотуудын захиргаа, Huawei Technologies Co зэрэг технологийн тэргүүлэх хувийн компаниудад уриалж байна. Шинэ дэд бүтцийн санаачилгыг хэрэгжүүлэхэд АНУ-ын компаниудын оронд Alibaba, Huawei, SenseTime Group Ltd зэрэг дотоодын технологийн аваргуудыг түлхүү дайчилна. Технологийн салбарт үндсэрхэг үзэл даамжирч буй өнөөгийн нөхцөлд энэхүү хөрөнгө оруулалт нь гадаадын технологиос хамааралт байдлыг багасгах төлөвтэй байна. Өмнө нь дэвшүүлж байсан “Хятадад үйлдвэрлэв 2025” хөтөлбөртөө ижил зорилттой байгаа юм. Бээжингийн иймэрхүү санал санаачилга нь Трампын засаг захиргааны ширүүн шүүмжлэлд өртөж Huawei зэрэг технологийн компаниудад хориг тавих нөхцөл болсон юм. “Түүхнээ урьд нь болж байгаагүй зүйл. Хятад улс дэлхийн технологийн өрсөлдөөнд ялах бооцоо тавиад байна” хэмээн Digital China Holdings-ын гүйцэтгэх захирал Мариа Квок Хонконг дахь оффистоо царай таних олон камер, сенсор дунд тайлбарлав. “Энэ оноос л мөнгө урсаж эхэлж байна.” Технологийн салбарт түлхүү хөрөнгө оруулах явдал нь Хятад орны хууль тогтоох байгууллага энэ долоо хоногт хуралдаж батлах ёстой багц төсвийн бүрдэл юм. Эдийн засаг Маогийн эринээс хойш тохиолдоогүйгээр муудаад буй энэ онд БНХАУ-ын засгийн газар дэд бүтцийн санхүүжилтэд 563 тэрбум ам.доллар төсөвлөнө хэмээн шинжээчид таамаглаж байна. Тус улсын үүлэн тооцоолол, өгөгдлийн анализын тэргүүлэх компаниуд-Alibaba Group Holding Ltd, Tencent Holdings Ltd айсуй сорилтод манлайлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Бээжин 5G технологи нэвтрүүлэх ажлыг хэдийн Huawei-д хариуцуулсан. Пони Ма, Жэк Ма зэрэг технологийн манлайлагчид эрх баригчдын хөтөлбөрийг дэмжиж байгаа. БНХАУ-ын засгийн газрын дэмжлэг бүхий системийн интеграцын ханган нийлүүлэгч болох Мариа Квокийн Digital China Holdings ч шинэ боломжийг алдалгүй шүүрч буй олон компанийн ердөө нэг нь. Digital China нь өмнөдийн Гуанжоу хотод хагас сая орон сууцны онлайн үйлчилгээ эрхэлж буйн дотор Нью-Йоркийн Сентрал Паркийн дөрөвний гуравтай тэнцэхүйц аварга цогцолбор хүртэл бий. Орон сууц хайхын тулд хэрэглэгч ердөө программ хангамжид нэрээрээ нэвтэрч, нүүр царай, ID-гаа таниулаад л болно. Байрны түрээсийн гэрээг гар утас ашиглан автоматаар хийж, түрээсийн төлбөр хоцрох, саатах үед түрээслэгч автоматаар бүртгэж явна. Өртөг зардал аварга, үр өгөөж бага төлөвлөгөө хэрэгжүүлж байсан сургамж Хятад оронд бий. Ийм хөтөлбөрийг дэмжигчид нь сурталчилдаг шиг өгөөжтэй байх баталгаагүй. Гэхдээ “үхмэл” гүүр, хурдны зам барих аргаар эдийн засгаа идэвхжүүлэх урьдны чармайлттай харьцуулахад шинээр байгуулах дижитал бүтэц нь үндэсний аварга компаниудад нэн дэвшилтэт технологи хөгжүүлэх боломж олгох нь дамжиггүй.
Засгийн газрын мэдээ
Сэтгэгдэл бичих