За Онон ч оны агшныг бүтээлээ дээ. Улаан хивсэн дээр яравгар хүн харснаас яруу хүн харах илүү сайхан юм. Ямар сахил хүртсэн биш, шагнал л аваа биз…нөгөө нүүр хуудсандаа үе үе гомдоллоод байсан гэмтэлтэй хуруугаа гэзэгний боолт шиг юмаар бандайтал боочихож.
Тэгсэн хэрнээ гандан буурахгүй ээ, гавъяат болчихоод талбайн хойморт тарааж хаясныг нь хараарай. Онон томоотой байхыг харах, Онон мөрөн сөрж урсахыг хүлээхтэй адил байх аа. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлдэггүй, барж өтөлдөггүй урлагийн хүний угаасаа шатаад байгаа зүрхийг яах юм. Урдаас нь угтаж явсан Аглуу бүр байдалд ороод, балмагдсандаа бараадаад хөдөлсөн шүү дээ. Гавъяат болонгуутаа хоолойгоо шахаад, зангиагаа засаад, ажил хэрэгч дээрээ тавиад, аймаар хөлдүү гарч ирсэн бол гээд төсөөл дөө, Ононд ч зохихгүй, олон нийтэд ч зовлонтой. Уйлаад гараад ирсэн бол шоолно, уурлаад шулуухан алхах байсан уу? Инээж бүжиглэж, эмоцлож байгаа хүнийг барьж идэхгүй, барж муулахгүй ээ. Яруу хүнийг яалтай вэ. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-оос эхлээд, “Аравт-аар удаалаад, драмын театрт хатаагдаад, давагдашгүй хямралын үед даажинтай инээд, давхар санаа хоёроор дажин болсон нийгэмд гэрэл хаяж явсан нь үнэн л юм чинь. Хөөе ингэхэд ганзагын наймаанд мордоогүй том бизнес эрхлэгч олоод ир дээ. Хошин шогт тоглож өндийгөөгүй ховрын жүжигчин цөөхөн. Харин “Солиот эх” шиг бүтээлүүд бол тэдний мөрөөдөл, зорилго. Ганц сайн бүтээлийн төлөө галзуу мянган хошин шогт тоглосон ч яадаг юм.
Тэгээд ч Онон, Одноо, Аглуу нарын давхар санаа, дархлаатай хошигнолын хүчээр түймрийн дараахтай адил түйтгэр болсон он жилүүдийг энэ ард түмэн инээж туулсан байх шүү. Нүдэндээ нулимстай инээмсэглэлд нүгэл үгүй гээд хэлчихье, зүгээр. ХТҮЦ продакшны захирал, продюссер энэ эрхмийн тонгочоод байдаг тархи толгойд “Солиот эх”-ээс ч илүү бас нэг чансаатай бүтээл дуншиж л байгаа…хүлээнэ дээ! Хамгийн хүнд үед урлаг үйлдвэрлэж, хатаагдсан 30 жилийг инээдээр зөөллөсөн хүн ингэж байхаас яахав. Үнэхээр засаршгүй сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн шүү дээ, хүү охин хоёртоо загнуулсан байх аа ха ха…хуульч гэргий нь хурдхан буулгаж аваад, бушуухан үнссэн дээ, энэ том нүдэнд нь нулимс, хилэн хоёр сормуус цавчихын зуур дүүрч, анивчихын зуур арчигдана гээд л бод…
Р.Эмүжин
Сэтгэгдэл бичих