“HBO” телесувгийн бүтээл “Хаадын тоглоом” цувралын сүүлчийн бүлэг өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн билээ. Дөрөвдүгээр сарын 14-нд Найм дахь цувралын нэг ангийг зөвхөн АНУ-д 17 сая хүн үзсэн нь цуврал киноны төрөлдөө дээд амжилт болсон талаар “HBO” албан ёсоор мэдээлсэн. Түүнчлэн, наймдугаар бүлэг гарснаар “Хаадын тоглоом” дуусч байгаа тухай мэдээ 2018 оны хамгийн депресстэй мэдээгээр тодроод амжсан юм.
Түүхэн дэх хамгийн амжилттай цуврал киноны нэгд баттай тооцогдох энэ бүтээлийн зохиол үлгэр домгийн шинжтэй, тэр бүү хэл луу хүртэл гардаг ч үйл явдалд нь түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн зүйлс багагүй байдаг аж. Цувралын зохиолыг бичиж, ерөнхий продюсероор ажилласан Жорж Мартин бүтээлдээ түүхэн бодит үйл явдлыг оруулахыг үргэлж хичээж ирсэн, энэ тухайгаа байнга ярьдаг нэгэн. Гэхдээ хүн бүхний мэддэг түүхэн үйл явдал бус, бодитоор оршин байсан, болж өнгөрсөн боловч хэн бүхний мэддэггүй зүйлсийг бүтээлдээ оруулахыг хичээж байжээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар “Би түүх унших дуртай. Гэхдээ нийгэм, эдийн засгийн чиг хандлага, соёлын дэвшилт гэх мэтэд анхаарлаа нэг их хандлуулдаггүй. Дайн, аллага л хамгийн сонирхолтой” хэмээн өгүүлж байжээ. Тэгэхээр “Хаадын тоглоом”-д түүхийн ямар үйл явдлаас оруулсан нь уншигч танд бараг ойлгогдох биз.
“Хаадын тоглоом”-д тусгалаа олсон таван түүхэн үйл явдлыг сонирхуулж байна.
1. Сарнайн дайн
Английн язгууртнууд Плантагенетын эзэнт гүрнийг захирахын төлөө түүхнээ “Улаан ба цагаан сарнайн дайн” гэж нэрлэгдсэн цуст тэмцлийг XV дугаар зуунд өрнүүлж байжээ. Английг 300 гаруй жил захирсан Ланкастерынхан, Йоркийнхон гэж нэрлэгдсэн хүчирхэг удмынхны хооронд энэ тэмцэл болсон аж. АНУ-ын нэрт зохиолч Томас Костейний бүтээлүүдэд энэ талаар маш судалгаатай, сонирхолтойгоор өгүүлсэн байдаг. Жорж Мартин зохиолынхоо үндсэн санааг эндээс авсан бөгөөд Вестеросыг ноёрхохын төлөөх Ланнистер, Старкийн удмынхны тэмцлийг бодож олсон байна.
2. Шүүх тулаан
“Хаадын тоглоом”-ын нэгдүгээр бүлэг “Өвөл айсуй”-д Тирион Ланнистерыг лорд Жон Аррены үхэлд буруутгадаг билээ. Гэсэн ч Ланнистер буруутгасан этгээдийг “Шүүх тулаан”-д дуудаж, ял шийтгэлээс мултарч үлддэг. Ингэхдээ өөрийнхөө оронд Бронныг тулалдуулдаг билээ. Тэгвэл хэнийх нь зөв болохыг хүчээ үзэж шийддэг энэ арга Дундад зууны Европт хамгийн түгээмэл хуулийн механизм байсан аж.
Буруутгагч, хариуцагч нар өөр, өөрсдийнхөө дайчдыг хооронд нь тулалдуулаад ялсных нь зөв болдог байж. “Хаадын тоглоом”-д “Шүүх тулаан”-ыг хэн нэг нь бууж өгснөөр дуусгаж байгаагаар харуулдаг бол амьдрал дээр хэн нэг нь үхэх хүртэл үргэлжилдэг, илүү харгис хэрцгий байжээ.
3. “Улаан хурим” уу, “Хар үдийн хоол” уу
Яков II. "Хар үдийн хоол"-ны үеэр 10-хан настай байсан тэрээр хожим улс орноо 20 гаруй жил захирсан юм.
“Хаадын тоглоом”-ын гуравдугаар бүлэгт киноны маш чухал гурван дүр нэг анги дээр үхдэг. Робб Старк, түүний эх Кейтлин, эхнэр Талиса нар баярын зоогийн үеэр хор шингээсэн хоолонд хордож амиа алддаг билээ. Энэ санааг Жорж Мартин түүхэнд “Хар үдийн хоол” гэж нэрлэгдэж үлдсэн үйл явдлаас авсан байна.
1440-өөд онд Шотландын хаан 10 настай Яков II 16 настай гүн Дугласыг дүүтэй нь хамт “Үдийн зоог барья” хэмээн ордондоо дууджээ. Дугласынхан нь Шотландын хамгийн алдартай, нэр нөлөө бүхий гэр бүл байж. Яков хаан ах, дүү Дугластай үдийн зоог барьж, дараа нь гянданд хорьсон гэдэг. Хэдий 10-хан настайдаа хаан суусан ч энэ хүн 20 жил хаан ширээнд суусан ажээ.
4. “Жинхэнэ” мөсөн хана
“Хаадын тоглоом”-д 500 км урт, 200 метр өндөр хана Вестеросыг хойд зүгийн аюул заналаас хамгаалж байгаа талаар гардаг. Тэгвэл бодит байдал дээр энэ нь Англид байдаг Адрианы хана юм. Ромын эзэнт гүрэн Британи дахь ноёрхлоо алдах үедээ 117 км урт, одоогийн Англи, Ирландын нутгийг дамнасан энэхүү ханыг барьж, тухайн үед хаанчилж байсан хааны нэрээр нэрлэсэн байдаг. Өдгөө энэ хананаас тун бага хэсэг нь үлдэж хоцорсон ч жил бүр саяар тоологдох жуулчин үзэж сонирхдог аж. Жорж Мартин 1980 онд уг ханыг очиж үзсэн байна. Тэрээр энэ талаараа “Англид найзуудтайгаа уулзахаар очоод байх үед хэн нэг нь Адрианы ханыг очиж үзэх санал гаргасан. Оччихоод, Эртний Римийн үеийн амьдрал ямар байсан бол, нүд алдам үргэлжилсэн ханыг өдөржингөө хамгаалж зогсох нь харуулуудад ямар санагддаг байсан бол гэж бодсон” хэмээн дурсаж байжээ.
5. “Алтан титэм”
Валериан I.
Вестеросыг хаанчлахыг санаархагч Визерис Таргариен нүүдэлчин овгийн дайчин Хал Дрогод охин дүү Дайнерисээ гэргий болгон өгч, оронд нь цэргээр туслахыг гуйдаг. Хал Дрого ч түүнд “Алтан титэм авч өгнө” хэмээн амладаг билээ. Гэвч Хал Дрого хэлсэн амандаа хүрэлгүй хайлуулсан алтыг толгой дээр нь асгаж, амийг нь хөнөөдөг. Тэгвэл МЭ 260 онд Ромын хаан Валерианд ийм явдал тохиолдож байжээ. Түүнийг персүүд олзолж аваад хайлуулсан металл уулгаж амь насыг нь хөнөөсөн гэдэг. МЭ IV зуунд амьдарч байсан түүхч Флавий Евтропий энэ талаар бичиж үлдээсэн байдаг аж.
Сэтгэгдэл бичих