Xaxa.mn

“Apple” амны хаалттай үедээ гар утасныхаа түгжээг тайлах боломжийг туршиж байна

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн “Apple” компанийн “iPhone” гар утасны зарим хэрэглэгч олон нийтийн газарт байхдаа амны хаалтаа авахгүйгээр ухаалаг гар утасныхаа түгжээг тайлах боломжтой болно. Харин ингэхийн тулд нэмэлт төхөөрөмж шаардлагатай ажээ. 
  “Apple ” компани “iOS” үйлдлийн системийн шинэчлэлтээрээ “iPhone” гар утасны нүүр царай таних тохиргоог /Face ID/ улам сайжруулахаар туршиж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хувьд “Apple Watch” ухаалаг цагийг зүүсэн байх шаардлагатай юм байна. 
 
“iOS”-ын 2020 оны тавдугаар сарын шинэчлэлтээр “Face ID” нь амны хаалттай хэрэглэгчдийг таньж байгаа боловч нэвтрэх нууц үгээ хийсний дараа түгжээ нь тайлагдаж байгаа юм.
Харин тун удахгүй танилцуулах хамгийн сүүлийн үеийн шинэчлэлтийг хийснээр “iPhone” хэрэглэгчээ “Face ID”-гаа ашиглах үед “Apple Watch”-той холбогдож, түгжээ нь автоматаар тайлагдах ажээ.
Гэвч хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэхүү тохиргоог гар утасныхаа түгжээг тайлахад л ашиглах боломжийг бүрдүүлэх бөгөөд хэрэглэгчид амны хаалттай үедээ “Apple Pay”, “App Store”, “iTunes” хавсралтаар гүйлгээ хийх боломжгүй байна.
“Apple”-ийн үйлдлийн системийн сүүлийн үеийн шинэчлэлт нь цар тахлын үед хэрэглэгчдээ амны хаалт зүүхийг дэмжихийн сацуу ухаалаг цаг худалдан авах, мөн хэдийн худалдан авсан хэрэглэгчдийн хувьд ухаалаг цагаа илүү тогтмол хэрэглэхэд түлхэц болох ажээ. 
 
 
Э.Хулан 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us