Энэ сарын 7-нд АНУ-ын Атлантад НБА лигийн Бүх оддын тоглолт болох гэж байна. Цар тахлын үед энэ тоглолтыг зохион байгуулахыг Леброн Жеймс тэргүүтэй олон тоглогч эсэргүүцсэн ч спорт сонирхогчдын хүсэлтээр явагдах болсон. Тоглолтыг зохион байгуулах болсон бас нэгэн шалтгаан бол энэ тоглолтын орлогоос 2.5 сая ам.долларыг их сургууль, коллежийн хар арьст оюутнуудыг ковидийн эсрэг вакцинаар хангахад зориулахаар болсон явдал байлаа.
Сэтгүүлч, тоглогч, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар Бүх оддын тоглолтын гарааны тоглогчдыг тодруулсан.
Өрнө бүс: Стефен Карри (Голден Стэйт), Лука Дончич (Даллас), Леброн Жеймс (Лейкерс, ахлагч), Кавай Ленард (Клипперс), Никола Йокич (Денвер).
Дорно бүс: Кайри Ирвинг (Бруклин), Брэдли Бил (Вашингтон), Яннис Адетокумбо (Милуоки), Кевин Дюрант (Бруклин, ахлагч), Жоэл Эмбиид (Филадельфи).
Кевин Дюрантын багийг дасгалжуулагч Док Риверс, Леброны багийг Куин Снайдер удирдах болно.
Бруклин багийн од Кевин Дюрант гэмтлийн улмаас Бүх оддын тоглолтод оролцож чадахгүй болсон тул оронд нь Индиана багийн Домантас Сабонис сонгогдсон. Гэхдээ Дюрант багийн ахлагч хэвээр үлдэх гэнэ. Дюрант, Леброн Жеймс нар энэ сарын 4-нд драфтаар багийн бүрэлдэхүүнээ сонгох болно.
Сэтгэгдэл бичих