Аз жаргалын индекс буюу World Happiness Report нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн аз жаргалыг хэмждэг олон улсын судалгааны төсөл юм.
Судалгааг Колумбын их сургуулийн дэргэдэх The Earth Institute-д дэлхийн улс орнууд өөрсдийн оршин суугчдын аз жаргалтай амьдралыг хэрхэн баталгаажуулж буй талаарх ололт амжилтыг тодруулах зорилгоор НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Эхний ийм үнэлгээг 2012 оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр явагдсан Аз жаргалын талаарх бага хуралтай холбогдуулан гаргаж байжээ.
Эдгээр судалгаанууд нь ард иргэдийнхээ хэрэгцээ, хүсэл эрмэлзэлд илүү сайн хариу үйлдэл үзүүлэхэд нь улс орнуудын удирдагчид, улстөрчид, төр нийгмийн зүтгэлтнүүдэд тусалж, тухайн оронд сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг сайжруулахад нөлөөлнө хэмээн төслийн зохиогчид үзэж байгаа аж. Үнэлгээг гаргахдаа тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэл, гэр бүлийн тогтвортой байдал, ажлын байрны аюулгүй байдал зэргийг голлон харахаас гадна нийгмийн байдал, итгэл найдварын түвшин, өгөөмөр байдал, авлигын түвшин зэргийг шууд бус үзүүлэлтээр авч үздэг.
Дээр дурдсан судалгааны статистик болон шууд бус үзүүлэлтүүдээс гадна Олон улсын Гэллап судалгааны төв (Gallup International) улс орнуудын оршин суугчдын дунд санал асуулга явуулан, өөрийн аз жаргалын мэдрэмжийг тусгай хэмжүүрээр үнэлэхийг санал болгодог. Одоо яригдах үнэлгээг 2021 онд буюу саяхан гаргасан байна. Финланд улс дөрөв дэх удаагаа, жил дараалан хамгийн аз жаргалтай улс орнуудын үнэлгээний жагсаалтыг тэргүүлэв. Монгол Улсын хувьд, 2020 оны жагсаалтад 81 дүгээр байранд орж байсан бол 2021 оны үнэлгээгээр 70 дугаар байранд шилжиж, 11 байраар урагшилсан амжилт үзүүлжээ. Манлайлагч Финландын араас түүний хөршүүд болох Дани, Швейцарь, Исланд, Нидерланд гэх мэт европын улс орнууд орсон бол эхний 10 дотор европын бус орон нь зөвхөн Шинэ Зеланд байна. Их Британи 13-аас 17 руу хойшилсон бол эхний 20 дотор АНУ, Канад, Австрали, мөн жагсаалтын тэргүүн эгнээнд байнга бичигддэг Израиль улс багтжээ.
Хамгийн аз жаргалтай 10 улс орныг жагсаавал:
1. Финланд
2. Дани
3. Швейцарь
4. Исланд
5. Нидерланд
6. Норвеги
7. Швед
8. Люксембург
9. Шинэ Зеланд
10. Австри
Эхний 50 улс дотор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Литва, Эстони улсууд 38, 40 дүгээр байранд эрэмбэлэгдсэн бол Узбек 42, Казахстан 45-д тус тус орж, харин Латви улс 51 дүгээр байранд жагссан аж. Цааш нь лавшруулан харвал Молдав 65, Киргиз 67, Беларусь 75-д эрэмбэлэгдсэн нь тус жагсаалтын 76-д бичигдсэн ОХУ-ын өмнө орж байна. Мөн Тажик, Армен, Азербайжан, Туркменистан улсууд эхний 100 дотор орсон бол Гүрж 108-д бичигдэн, Украинчууд 110-д жагсжээ. Дэлхийн хамгийн аз жаргалгүй орноор Афганистан тодорсон бол түүний өмнө Зимбабве, Руанда, Ботсван, Лесото, Малави, Гаити, Танзани зэрэг орнууд орсон байна.
Олон улсын Гэллап судалгааны төв (Gallup International)-тай хамтран судалгаа явуулдаг Оросын “Ромир” компанийн мэдээлснээр, энэ удаагийн Орос дахь аз жаргалын индекс 2011 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт боллоо гэжээ. Нэгдсэн үнэлгээнээс ялгаатай нь, хүмүүс өөрсдийгөө аз жаргалтай байгаа эсэх тухай асуултад хариулсан байдлаас харахад, санал асуулгад нийт оролцогчдын 41 хувь нь аз жаргалтай, 22 хувь нь аз жаргалгүй, харин үлдсэн хэсэг нь өөрийгөө аль нэгэн хувилбарт хамруулахаас түдгэлзсэн аж. Тиймээс аз жаргалын индекс /өөрсдийгөө аз жаргалтай, эсвэл аз жаргалгүй гэж үздэг хүмүүсийн зөрүүгээр тооцдог/ нь ОХУ-д 19 нэгж хувьтай тэнцэж байна. Дэлхийн хэмжээнд аз жаргалын индекс 2019 онд 48 нэгж байсан бол өнгөрсөн хугацаанд 40 болж буурчээ. Оросын судалгааны “Ромир” компанийн тэргүүн Андрей Милехиний өгүүлснээр, аз жаргалын түвшин нь орлогын түвшинтэй тийм ч их хүчтэй уялдаатай биш болох нь социологичдын ажиглалтаар тогтоогдсон аж. “Үүний оронд харин хөгжлийн болон шударга ёсны мэдрэмж хүчтэй нөлөөлдөг. Мөн орос иргэд өөрсдийгөө бусад орны ихэнх иргэдийн адил хөршүүдтэйгээ харьцуулдаггүй, харин эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын нөхцөл байдалтай харьцуулдаг гэдгийг мартаж болохгүй” хэмээн Милехин дурджээ.
Нэгдсэн үнэлгээг гаргах явцад Гэллап хүрээлэнгийн дүн шинжилгээний өгөгдлүүдийг ашиглан 149 орны оршин суугчид өөрсдийн амьдралд хэр сэтгэл хангалуун байгааг тодорхойлохдоо шалгуур үзүүлэлтүүдээс гадна олон нийтийн дэмжлэг, хувийн эрх чөлөө, улс орны авлигын түвшин зэргийг харгалзан үзсэн байна.
Цар тахлын уршигт үр дагавар
Коронавируст цар тахлын улмаас сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмж ихэнх улс орнуудад үүссэн талаар жагсаалтыг гаргагчид онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ 22 улс орны ард иргэд өмнөхөөс илүү дээр амьдрах болсон, ялангуяа Азийн олон орнууд. Жишээлбэл, Хятад улс 94-өөс 84 рүү урагшилсан бол Монгол 81-ээс 70 руу орсон гэх мэт. “Хачирхалтай нь, хүмүүсийн өөрсдийнх нь дүгнэснээр, тэдний сайн сайхан аж байдлын түвшин буурч байгааг бид ерөнхийд нь олж тогтоож чадсангүй. Энэ талаарх тайлбарын боломжит нэг хувилбар бол хүмүүс коронавируст цар тахлыг бүгдийн хувьд нийтлэг, гадны аюул занал гэж тооцож байгаа учраас тэдний эв нэгдэл, нөхөрлөлийн мэдрэмжийг нэмэгдүүлсэн” гэж аз жаргалын индексийн илтгэлийг зохиогчдын нэг Жон Хэллиуэлл мэдэгдсэн байна. Үнэлгээг гаргагчдын үзэж буйгаар Финланд-д харилцан итгэлцлийн мэдрэмж онцгой өндөр байгаа нь цар тахлын үед амь насаа хамгаалах, хөгжил цэцэглэлтээ аврах боломжийг тэдэнд олгож байна гэжээ. Скандинавын бүс нутагт орших 5,5 сая хүн амтай энэ улс нь цар тахлын аюулыг Европын бусад орнуудтай харьцуулахад нэлээдгүй сайн давж, 70 мянга гаруй халдвар илэрснээс 805 хүн нас бараад байгаа аж.
Финландын нууц
Тус улсын оршин суугчдын ихэнх нь өөрсдийгөө тийм ч их яриа хөөрөөтэй бус, бас нэг их хөгжилтэй хүмүүс биш гэж үздэг учраас аз жаргалын индексийн тайлангаар гарсан дүгнэлт эхэндээ тэдний гайхашралыг төрүүлж байсан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ. “Энэ тухай анх сонсоход зөвхөн надад төдийгүй өөр бусад олон хүнд их инээдтэй санагдсан” хэмээн орон нутгийн нэгэн телевизийн ажилтан Тони Илмони өгүүлсэн байна.
Тэгвэл Финландын амжилтын нууц юунд оршино вэ. Энэ улсад нийгмийн дэмжлэгийн албад нь маш сайн ажилладаг, гэмт хэргийн гаралт багатай, ард иргэд нь Засгийн газартаа өндөр түвшний итгэл үзүүлдэг... “Хамгийн чухал нь манайхан маш сайн: гудамжинд хэн ч амьдардаггүй, эрүүлийг хамгаалах албад сайн ажилладаг. Энэ л хамгийн чухал зүйлс шүү дээ. Харин бид илүү их баяр баясгалантай, нийтэч болчихвол бүр сайн болно” хэмээн цэцгийн худалдагч Риита Матилайнен Франс Пресс агентлагт өгүүлжээ.
Олон он жилийн тэртээх Финланд улс архидалтын түвшин болон амиа хорлолтын тоогоор нэлээн дээгүүрт орж, үүнийгээ урт удаан үргэлжилдэг баргар хүйтэн өвөлтэй холбон тайлбарладаг байв. Гэвч ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах төрийн оновчтой хөтөлбөрийн ачаар уг гамшигт үзэгдлүүд сүүлийн хэдэн арван жилд эрс багассан аж.
Финланд улс нь өндөр технологи бүхий аж үйлдвэр, бүх нийтийн боловсрол, ДНБ-ийн өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргээр олон улсын харьцуулалтад асар өндөр үнэлгээ авдаг орон юм. 2018 онд тус улс хиймэл оюуны технологийн талаар боловсрол олгох үнэ төлбөргүй онлайн хичээлийг иргэддээ зориулж гаргаснаар хүн амын тодорхой хэсэг хамрагдаж, богино хугацаанд хэдий ч өндөр үр дүнд хүрээд байна. Нэгэн цагт Европын хамгийн ядуу буурай орны нэгд тооцогдож байсан, цаг уурын тааламжгүй нөхцөлтэй Финланд улс ийнхүү дэлхийн аз жаргалын индексийг дөрвөн жил дараалан тэргүүлэх болсон нэн чухал хүчин зүйл бол төр засгийн зүгээс ард иргэддээ анхаарлаа төвлөрүүлж чаддагт оршиж байгаа аж.
Жич: Дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой. https://nonews.co/wp-content/uploads/2021/03/WHR2021.pdf
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл бичих