Амазоны үндэслэгч Жефф Безос өчигдөр/2021.07.20/ өөрийн үүсгэн байгуулсан “Blue Origin” компанийн “New Shepard” хөлгөөр гурван хүний хамт сансрын уудмын захад хүрч, 11 минутын турш аялаад эх дэлхийдээ амжилттай газардлаа.
Үүний өмнөхөн буюу энэ сарын 12-ны өдөр Их Британийн тэрбумтан Сэр Ричард Брэнсон мөн өөрийн компанид бүтээсэн “Virgin VSS Unity” хөлгөөр сансрын аялал хийсэн. Ийнхүү техник технологи хөгжихийн хэрээр дэлхийн нэг захаас нөгөө зах хүртэл л аялдаг байсан хүн төрөлхтөн сансрын уудамд ч аялах боломжтойг тэд өөрсдийн биеэр харуулж чадлаа.
Судлаачид ойрын хэдэн жилд сансрын аялал “газар авах” бөгөөд ирэх 2022 онд тогтмол аяллын эхлэл тавигдана гэж үзэж байна. Тэгвэл сансрын аяллын үнэ, өртөг хэд байх боломжтойг шинжээчид таамаглаж эхэлжээ.
-“BLUE ORIGIN” ЭНЭ ЖИЛ ЭНГИЙН ИРГЭНИЙГ САНСАРТ НИСГЭХ ХОЁР Ч АЯЛЛЫГ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-
2001 онд бизнесмен Деннис Тито сансрын аяллын зардлыг төлсөн анхны хүн болсноос хойш компаниуд үүнийг ашиг олж болох нэг арга гэдгийг олж, харсан гэж хэлж болно.
“Blue Origin” өнгөрсөн сарын эхээр Жефф Безостой хамт сансарт нисэх суудлыг дуудлага худалдаагаар зарсан. Улмаар нэрээ нууцалсан оролцогч 28 сая ам.доллар төлж, авсан боловч тодорхой шалтгааны улмаас дараагийн нислэгт нэгдэхээр болсон.
Улмаар түүний суудал Нидерланд улсын иргэн 18 настай Оливер Дамендынх болж, тэрбээр сансарт зочилсон хамгийн залуу хүн болсон юм. Гэвч Дамэн уг суудлын эзэн болохын тулд хэдийг төлсөн нь нууц хэвээр байна.
Безос нислэгийнхээ дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр аяллын тасалбар төсөөлж байснаас хэд дахин эрэлт хэрэгцээтэй байсан бөгөөд ирээдүйн нислэгт аль хэдийн хүмүүс захиалга өгч эхэлснийг онцолжээ. Тус компани энэ жилдээ багтан хоёр ч нислэг хийхээр төлөвлөж байна.
-ШИНЖЭЭЧИД ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНЭЭС ХАМААРЧ САНСРЫН АЯЛЛЫН БИЛЕТИЙН ҮНЭ 300-400 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХООРОНД ХЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-
Сансрын аялал жуулчлалын “Axiom” компани ирэх оны эхээр гурван энгийн иргэнийн SpaceX-ийн “Crew Dragon” хөлгөөр Олон улсын сансрын станц руу найман өдрийн турш аялалуулахаар төлөвлөж буй. Харин суудлын үнийг 55 сая ам.доллар гэж зарлажээ.
“Virgin Galactic” компани хамгийн анх сансрын тийз захиалгын доод үнийг 250 мянган ам.доллараар санал болгож, 2014 онд 600 гаруй хүнд худалдаалж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хийсэн аяллын дараа 2022 онд хийх тогтмол нислэгийн билетийн үнийг тун удахгүй зарлана гэж мэдээлэв. Гэхдээ сансарт нисэхээр төлөвлөж буй хүмүүс 1000 долларын хадгаламжийг байршуулж болох гэнэ. Тодруулбал, билетийн албан ёсны үнэ зарлагдсаны дараа хадгаламж байршуулсан хүмүүс давуу тал эдэлж, түрүүлж суудал захиалж чадах илүү өндөр боломжтой болно гэсэн үг юм.
2019 онд хөрөнгө оруулагчдад танилцуулах үеэр “Virgin Galactic”-ийн удирдлагууд сансрын аяллын үйлчилгээг олон хүнд хүртээмжтэй болгохын тулд үнийг эрс бууруулна гэж байв. Тэдний гаргасан тооцооллоор 1.78 сая хүн 10 сая доллараас дээш хөрөнгөтэй бөгөөд 100.000 долларын тийз худалдаж авах боломжтой гэж үзсэн бол 5.07 сая хүн 5 сая доллараас дээш хөрөнгөтэй бөгөөд сансрын аялалд 50,000 ам.доллар төлөх чадамжтай гэжээ.
Харин шинжээчид эрэлт хэрэгцээг тооцон, энгийн иргэн сансарт нисэх аяллын билетийн үнэ 300 мянгаас 400 мянган ам доллар/850 саяас нэг тэрбумын төгрөг/-ын хооронд хэлбэлзэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Slate
Сэтгэгдэл бичих