Европын холбооноос USB-C холбогчийг гар утас, таблет, камер, видео тоглоомын төхөөрөмжийн албан ёсны хэрэгсэл байлгах стандарт бүхий шинэ журам санал болголоо.
Энэ шийдвэр "Lightning" хэмээх өөрсдийн цэнэглэгчийг ашигладаг Apple компанийн борлуулалтын орлогод хүчтэй нөлөөлөх магадлалтай.
Уг шинэ журам мөрдөгдөж эхлэхэд хэдхэн жилийн хугацаа үлдсэн бөгөөд Apple компани бүтээгдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлагатай тулгарч магадгүй юм.
Европын холбооны технологийн дарга Маргрет Вестагер "Европын хэрэглэгчид олон төрлийн цэнэглэгч хадгалж байгаадаа сэтгэл дундуур байна. Бид байгууллагуудад шийдэл боловсруулах хугацаа өгсөн. Харин одоо нийтлэг цэнэглэгчтэй болох цаг нь болсон.
Энэ нь хэрэглэгчид төдийгүй хүрээлэн буй орчинд тустай бөгөөд манай байгууллагын дижитал, ногоон гэх зорилготой нийцнэ" гэв.
Европын холбоонд харьяалагддаг улсын иргэн тус бүр дунджаар гурван төрлийн цэнэглэгч хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
Мөн зөвхөн цэнэглэгч үйлдвэрлэхэд жилд 2.4 тэрбум евро зарцуулдаг гэж Европын холбооноос мэдээллээ.
Европын холбооноос сүүлийн арван жилийн турш нэг цэнэглэгчтэй болгохоор зүтгэж ирсний хүчинд цэнэглэгчийн зах зээл дэх төрөл зүйл 30-аас 3 болтлоо буурсан байна.
Харин энэ талаар Apple компани "Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд бид оролцогч талуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана. Зөвхөн нэг төрлийн холбогчийг хэрэглэх нь инновацыг зогсоож Европ болон дэлхийн хэрэглэгчдийг хохироож магадгүй" гэв.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл бичих