Сүүлийн хэдэн долоо хоногт дэлхий дахиныг шуурга мэт доргиосон Өмнөд Солонгосын "Squid Game" цувралын талаарх яриа хэлэлцүүлэг, трэнд, миймүүд одоо ч намжаагүй байна. Төсөөлөлд ч буумгүй асар их мөнгө хожихын төлөө 456 тоглогч дэндүү хатуу дүрэм бүхий хүүхдийн тоглоомуудаар өрсөлдөж буйг харуулах уг цуврал Netflix-ийн түүхэн дэх хамгийн их хүн үзсэн бүтээл болох нь цаг хугацааны асуудал болоод байгаа. Энэхүү амжилтынх нь нууц мэдээж онц сонирхолтой зохиол, чадварлаг найруулалтаас гадна жүжигчдийн сэтгэл татах увдис байв. Ингээд "Squid Game"-ын хөшигний арын сонирхолтой мөчүүд, зураг авалт болон жүжигчидтэй холбоотой баримтуудаас хүргэе.
- Кино зохиолыг бичиж, найруулсан Хван Дун Хёк 2008 онд дүрүүдийнхээ нэгэн адил өр зээлэнд баригдаж, гэр бүлээрээ хүндхэн амьдарч байхдаа Squid Game-ийн санааг олжээ.

- Тэрээр зохиолоо жилийн турш бичиж дуусгасан ч кино компаниудаас 10 жилийн турш татгалзсан хариу авчээ. Эцэст нь 2019 онд Netflix зөвшөөрч, дэлгэцийн бүтээл болгохоор болсон байна.

- Найруулагчийн хувьд багадаа тоглодог байсан "Баавгайн чих"-тэй төстэй "Наймаалжин тоглоом"-ыг киноныхоо нэр болоод гол үйл явдал болгожээ. Тэрхүү тоглоом нь өнөөгийн нийгэмтэй зүйрлэхэд их төстэй санагдсан гэнэ.

- Нью-Йоркод загвар өмсөгч хийж байсан Жун Хо Ёны пробонд орж буй бичлэгийг үзсэний дараа найруулагч түүнийг шууд гол дүрийн эмэгтэйгээр сонгожээ. Сэ Бёкын дүр нь Жун Хо Ёны анхны уран бүтээл юм.

- Дугаар 240 буюу Жи Ён нь эх зохиол дээрээ өсвөр насны хүү байсан гэнэ.

- Гол дүрийн хоёр эрд тоглосон И Жүн Жэ, Пак Хэ Со нарыг найруулагч кино бүтээгдэж эхлэхээс өмнө сонгосон байжээ.

- Зураг авалтанд ашиглагдсан элсэн чихрийн жигнэмэгүүдийг хийх гэж 3 хоног болжээ. Тэр үед зураг авалтын талбай тэр чигтээ сахарын үнэрээр дүүрсэн байсан гэнэ.

- Олс таталтын хэсгийн зургийг авахад олсны нөгөө талаас тусгай машинаар татуулжээ. Жүжигчид нэг нэгэнтэйгээ өрсөлдөхөд амархан ядарч байсан болохоор тэр гэнэ.

- Харин шилэн гүүр газраас метр гаруйн өндөрт байсан гэнэ. Гэхдээ л жүжигчид зураг авалтын үеэр маш их айжээ.

- Тоглогчдын байрладаг нийтийн байрыг агуулахыг санагдуулам хийсэн нь хүмүүсийг өнөө цагт эд зүйлс шиг үздэг болсон гэсэн санааг давхар агуулжээ.

- Цэргүүдийн багийг туялзуур жадны тамирчны багаас санаа авч хийжээ.

- Амиа алдсан тоглогчдын авс бэлгийн хайрцаг шиг байгаа нь тоглоомын үндэслэгч нь өөрийгөө бурхан гэж үздэг бөгөөд түүний хувьд бусдын үхэл бол бэлэг гэсэн санааг агуулжээ.

- Дуулдаг хүүхэлдэйг 70,80-аад оны үед хүүхдүүдийн сурах бичиг дээр байсан алдартай зургийг дуурайлгаж хийжээ.

- Зохиол нь УСК биш цуврал кино болно гэдгийг мэдсэний дараа найруулагч тоглоомын тоо болон цагдаагийн албан хаагч Жун Ү гэх мэт бусад дүрүүдийг нэмсэн байна.

- Үхэгсдийг чандарлах хэсгийн зохион байгуулалтыг Аушвицийн бөөнөөр хорих лагертай адилхан хийжээ.

- Netflix 2019 онд уг цувралыг бүтээж эхлэхдээ "Round Six" гэж нэрлэхээр төлөвлөж байв.

- Тоглоомын урилга болсон нэрийн хуудас дээр буй найман оронтой утасны дугаар нь жинхэнэ гэнэ. Цуврал гарч эхэлснээс хойш тэрхүү дугаарын эзэн өдөрт дор хаяж 4000 дуудлага хүлээж авах болсон байна.

- Жүжигчин Жун Хо Ён цуврал гарч эхэлснээс хойш инстаграм дээр хамгийн олон дагагчтай солонгос жүжигчин болсон бөгөөд өдгөө дагагчдынх нь тоо 17 саяд хүрч байна.

- Хэрэв Squid Game-ийн 2 дугаар улирал гарвал тэр нь тоглоомыг удирдагч багтай эрийн тухай байх болно хэмээн найруулагч өгүүлжээ. Солонгосын алдарт жүжигчин И Бён Хён тэрхүү нууцлаг эрхмийн дүрд тоглосон билээ.

Сэтгэгдэл бичих