Фэйсбүүк анх залуусын нийгмийн сүлжээ гэдгээрээ дэлхийд танигдаж байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд тус үйлчилгээг Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн хүмүүс олноороо орхиж байгаа нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон юм. Тэр бүү хэл Фэйсбүүкийг зөвхөн ахимаг насны хүмүүс хэрэглэдэг гэсэн ойлголт барууны орнуудад газар авчээ.
2012 онд явуулсан судалгаагаар дэлхийн 12-17 настнуудын 94 хувь нь Фэйсбүүк хаягтай болохыг тогтоосон байдаг. Харин үүнээс 10 хүрэхгүй жилийн дараа буюу 2021 онд энэ тоо 27 хувь болж буурчээ.
Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг залуу хэрэглэгчдээ эргүүлэн татах талаар дорвитой арга хэмжээ авна гэдгээ саяхан болж өнгөрсөн компанийхаа хурал дээр мэдэгдсэн юм.
Харамсалтай нь ойрын ирээдүйд ингэх боломж гарахгүй аж. Учир нь сүүлийн үеийн өгөгдлөөс харвал дараагийн хоёр жилд өсвөр насны хэрэглэгчдийн тоо дахин 45 хувиар буурах төлөвтэй байгааг "The Verge" мэдээлжээ.
Энэхүү тоог тус компанийн ажилтан асан, шүгэл үлээгч Фрэнсис Хаугенийн ил болгосон Фэйсбүүкийн нууц баримтууд дээрх мэдээллийг нягталсны үр дүнд гаргаж ирсэн байна.
Фэйсбүүкийн хэвлэлийн төлөөлөгч Жо Осборн дээрх баримтууд ил болсны дараа "Манай бүтээгдэхүүнийг өсвөр насныхан өргөнөөр ашигласан хэвээр байгаа. Гэхдээ Snapchat болон TikTok гэх мэт үйлчилгээнүүд маш хүчтэй өрсөлдөгчид болсон. Бүхий л нийгмийн сүлжээний компаниуд өсвөр насныханыг татахыг хүсдэг шүү дээ." гэж ярьжээ.
Хэдийгээр Z үеийнхэн Фэйсбүүкийн эзэмшдэг Инстаграмыг өргөнөөр ашигладаг ч тус компанийн үндсэн үйлчилгээ нь нэр хүндээ алдаж байгаа нь том асуудал юм. Үүний дээр залуучууд Фэйсбүүк яаж ч сайжирсан дахиж хэрэглэхгүй хэмээн ний нуугүй мэдэгдэж байгаа.
2012 онд Фэйсбүүк Инстаграмыг нэг тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Зөвхөн зураг бичлэг хуваалцах зориулалттай тус нийгмийн сүлжээг саяхан явуулсан судалгаанд оролцсон 12-17 насны 1000 хүүхдийн 81 хувь нь идэвхтэй ашигладаг гэжээ.
Сүүлийн жилүүдэд бусад нийгмийн сүлжээнүүд, ялангуяа "TikTok" маш хүчтэй өрсөлдөгч болж хувирсан нь үнэн. Дээр дурдсанчлан фэйсбүүк хэрэглэгчдийн ердөө 27 хувь нь өсвөр үеийнх бол 12-17 насны хүүхдүүдийн 73 хувь нь ТикТокийг идэвхтэй хэрэглэдэг аж.
Виржини мужид амьдардаг 14 настай Алексис "хөгшин хүмүүст зориулагдсан учраас" Фэйсбүүк ашигладаггүй бөгөөд найзуудтайгаа харилцаж, сүүлийн үеийн трэндүүдийг дагахын тулд ТикТок болон Инстаграмыг хэрэглэдэг гэжээ.
Харин Лондонд амьдардаг 16 настай Жейден зөвхөн Инстаграм болон Snapchat ашигладаг бөгөөд Фэйсбүүк "юунд зориулагдсан болохыг ойлгохгүй байна" хэмээжээ. Учир нь түүний үзэж байгаагаар Фэйсбүүк дээрх контент нь "хэт олон янзын" тул учрыг нь ойлгоход хэцүү гэжээ.
Reddit, Snapchat, Twitter, YouTube зэрэг үйлчилгээг байнга ашигладаг Охайо мужаас гаралтай 19 настай Меган Барон Фэйсбүүкийг ашигладаггүй шалтгааны нэг нь хувийн нууцлалтай холбоотой гэжээ. Фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлсан эсвэл задруулсан хэд хэдэн тохиолдол гарч байсан билээ.
Үүнтэй холбоотой хамгийн том шуугиан тарьсан явдал нь 2018 онд Британийн улс төрийн зөвлөх фирм "Cambridge Analytica" 50 сая хэрэглэгчийн мэдээллийг Фэйсбүүкээс шууд худалдаж авсан нь илэрсэн тохиолдол юм. Мөн энэ оны дөрөвдүгээр сард нэгэн хакер Фэйсбүүкийн 500 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг цахим форум дээр нийтэлснийг дурдах хэрэгтэй.
"eMarketer" зах зээлийн судалгааны компанийн ерөнхий шинжээч Карин фон Абрамс залуучууд ганцхан бусадтай харилцах сүлжээний хэрэгсэл биш, илүү шинэлэг платформыг хайж, Инстаграм болон Snapchat руу нүүж эхэлнэ хэмээн аль 2018 онд анхааруулж байсан нь ийнхүү өдгөө биеллээ олжээ.
Ерөнхийдөө ихэнх залуус, өсвөр насныхны хувьд Фэйсбүүкийн функцууд нь хэт улиг болсон, бусад нийгмийн сүлжээнээс ялгагдах зүйл байхгүй, дунд болон ахмад насны хүмүүсийн л хэрэглээ болсон учраас дахин ашиглахгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.
Сэтгэгдэл бичих