Сурч, ажиллах, амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалт шинэчлэгдэн гаргалаа. Дэлхийн өндөр өртөгтэй хотуудыг энэ онд Израилийн Тель-Авив хот тэргүүлжээ.
Тел-Авив хот амьжиргааны өртөг хамгийн өндөр хотын жагсаалтыг анх удаа тэргүүлсэн байна. Тус хотын хувьд өнгөрсөн онд өндөр өртөгтэй хотуудын 5 дугаарт жагсаж байв. Тел-Авив хот өндөр өртөгтэй хотуудыг жагсаалтад тэргүүлсэн шалтгааныг эдийн засагчид тайлбарлахдаа, цар тахлын үед Израил улс вакцинжуулалтыг хамгийн түрүүнд эхлүүлж, ард иргэдээ вакцинжуулсан хувиар бусад улс орнуудыг тэргүүлсэн учраас тус улсын мөнгөн тэмдэгт болох шекелийн америк доллартой ханш өссөн гэжээ.
Ингээд тус улсын мөнгөн тэмдэгт шекелийн ханш өссөн нь Тел-Авив хотыг дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болгож байгаа юм. Ройтерс агентлагийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын эхээр Израилийн шекелийн АНУ-ын доллартой харьцах ханш 4 хувиар өссөн байна.
Цар тахлын эсрэг вакцинжуулалтын компанит ажлыг Израилийн засгийн газар хамгийн эрчимтэй, зохион байгуулалттайгаар хийсэн гэж ажиглагчид үздэг. Мөн одоо ч тус улсын хувьд нэмэлт тунгийн болон хүүхдийн вакцинжуулалтын хувиар тэргүүлсээр байна. Энэ долоо хоногийн байдлаар, Израилийн хүн амын 62 хувь нь вакцины 2 тундаа хамрагджээ.
Өндөр өртөгтэй хотуудын судалгааг хийхдээ дэлхийн 173 хотын 200 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалсны үндсэн дээр гаргадаг. Тус байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар энэ онд Тель-Авив хотын бараа бүтээгдэхүүний 10 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Илүү өргөн хүрээнд авч үзвэл, инфляцын түвшин 2020 оныхоос 1.9 хувиар, 2021 оны есдүгээр сар хүртэл үндэсний мөнгөн тэмдэгтээр нь тооцвол 3.5 хувиар өссөн байна. Мөн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хямрал, валютын ханшийн хэлбэлзэл, хэрэглээний эрэлтийн өөрчлөлт зэрэг нь бараа бүтээгдэхүүн болон бусад барааны үнийн өсөлт нь Тел-Авив хотыг энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн мэргэжилтнүүд үзэж байна. Судалгаанаас харахад 2021 онд нэг литр шатахууны үнэ дунджаар 21 хувиар өссөн нь тээврийн зардлыг хамгийн ихээр өсгөсөн байна.
Мөн эдийн засгийн шинжээч Упасана Датт хэлэхдээ, цалин болон инфляц нэмэгдэхийн хэрээр олон хотын амьжиргааны өртөг ирэх онд өсөх төлөвтэй байна гэлээ. Харин инфляцыг бууруулахын тулд төв банкууд бодлогын хүүгээ аажмаар өсгөх хэрэгтэй гэсэн байна. Францын нийслэл Парис хот чансааны хоёрдугаарт бичигдэж, Сингапур гуравт бичигджээ.
Харин Италийн Ром хотод хүнс бараа бүтээгдэхүүн бэлэн хувцасны үнэ огцом буурсны улмаас, тус хот хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалаас хасагджээ.
2021 ОНЫ ДЭЛХИЙН ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХОТУУД
1. Тель-Авив, Израил
2. Парис, Франц
3. Сингапур
4. Цюрих, Швейцарь
5. Хонконг, Хятад
6. Нью-Йорк, АНУ
7. Женев, Швейцар
8. Копенгаген, Дани
9. Лос Анжелес, АНУ
10. Осака, Япон
Сэтгэгдэл бичих