Xaxa.mn

Хүн төрөлхтнийг хүлээж буй 2022 оны шинжлэх ухааны нээлтүүд

Ларж Адрон Коллайдерын цөмийн хурдасгуур бүрэн ажиллагаанд орно

          2022 оны гуравдугаар сард Европын Цөмийн Судалгааны Байгууллагын туршиж буй дэлхийн хамгийн их цөмийн хурдасгуур болох Ларж Адрон Коллайдерыг бүрэн ажиллагаатай болгохоор ажиллаж байна.
          Ларж Адрон Коллайдерыг 1998-2008 оны хооронд Европын Цөмийн Судалгааны Байгууллага болон 10 мянга гаруй цөмийн эрдэмтэн, 100 гаруй улс, хэдэн зуун их, дээд сургууль, лабораторитой хамтран барьсан. Женевийн ойролцоох Франц-Швейцарын хилийн доор 175 метр гүн, 27 километр тойрогтой хонгилд байрладаг Ларж Адрон Коллайдерын анхны цөмийн мөргөлдөөнийг 2010 онд 3.5 тераэлектронвольт (TeV) эрчим хүчээр хийсэн нь өмнөх дэлхийн амжилтаас дөрөв дахин сайн үр дүн гаргасан юм. Харин дахин шинэчлэлийн дараа нэг цацрагт 6.5 ТеВ хүрсэн нь дэлхийн одоогийн хамгийн дээд амжилт болсон.
          Ларж Адрон Коллайдер нь хурдасгасан хэсгүүд мөргөлдөх дөрвөн огтлолцох цэг, уулзваруудын эргэн тойронд байрлах өөр өөр үзэгдлийг илрүүлэх зориулалттай долоон илрүүлэгчээс бүрддэг. Уг цөмийн хурдасгуураар гол төлөв протоны цацрагийг мөргөлдүүлдэг ч, хүнд ионы цацрагийг ч хурдасгаж чаддаг аж.
          Дэлхийн цөмийн физик, бөөмийн физикийн хамгийн агуу бүтээн байгуулалтуудын нэг болох Ларж Адрон Коллайдерын үйл ажиллагааг их засвар, шинэчлэл хийхээр 2018 оны арванхоёрдугаар сард зогсоосон. Тэгвэл ирэх оны гуравдугаар сард Ларж Адрон Коллайдер цөмийн хурдасгуур бүрэн ажиллагаанд шилжих юм.
 

Бархасбадь гаригийг судлуулахаар JUICE сансрын хөлгийг хөөргөнө

          Бархасбадь нь манай нарны аймгийн хамгийн том гариг бөгөөд түүнийг тойрон 60 гаруй сар эргэдэг нь нарны аймгийн бусад гаригаасаа илүү ялгаатай болгодог. Тэгвэл нарны аймгийн бусад гаригаасаа илүү ялгаатай Бархасбадийг судлах Jupiter Icy Moons Explorer буюу Juice сансрын хөлгийг ирэх 2022 оны зургадугаар сард сансарт хөөргөхөөр бэлтгэж байгаа юм.
          Juice хөлгийн Бархасбадь гаригт хүрэх аялал долоон жил үргэлжлэх бөгөөд 2022 онд дэлхийгээс хөөрч, 2029 онд Бархасбадь гаригт хүрэхээсээ өмнө нарны аймаг даяар аялах гэнэ. Уг аяллын дараа Juice хөлөг Бархасбадь гаригийн хүрээлж байдаг 60 гаруй сарыг судална. Зарим эрдэмтний үзэж байгаагаар “Тэр олон сарны аль нэг гадаргуу дээр далай байх боломжтой” тул хэрэв ус, далай байгаа бол амьдрал зайлшгүй байгаа гэж үзсэний үр дүнд эл судалгааг эхэлж байгаа юм.
 

Энэтхэгийн Сансар судлалын байгууллагаас Chandrayaan-3 сансрын хөлгийн сарны ажиллагааг эхлүүлнэ

          Бүгд Найрамдах Энэтхэг Улс гурав дахь удаагийн сарны ажиллагаандаа Chandrayaan-3 сансрын хөлгийг 2022 онд гуравдугаар улирал хөөргөхөөр төлөвлөжээ. Энэ талаар Холбооны сансар судлалын яамны Төрийн сайд Житендра Сингх “Chandrayaan-3-ыг хөөргөх ажил хуваарийн дагуу хурдацтай ажиллаж байгаа бөгөөд цаашид хэвийн үргэлжилнэ” хэмээсэн байна.
          Энэтхэгийн Chandrayaan-2 хөлөг 2019 оны есдүгээр сард сарнаас 2.1 километрийн зайд ослын буулт хийж, сансрын гадаргуу дээр буусан. Тэгвэл энэ удаад Chandrayaan-3 сансрын хөлгөөр хэрхэн саран дээр зөөлөн газардах тухай харуулахыг зорьж байгаа аж. Chandrayaan-2 хөлгийг даалгавар бүтэлгүйтсэнээс Chandrayaan-3-ыг хөөргөнө гэж урт хугацааны турш ярьсан ч 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тасалдсан ажиллагаа ирэх орны гуравдугаар улиралд эхлэх юм.
 

Розалинд Франклин робот Ангараг руу хөрнө

          Европын Сансрны агентлаг болон Roscosmos ExoMars-ын хамтран бүтээсэн Розалинд Франклин гэх зургаан дугуйтай астробиологийн робот лаборатори 2022 онд Ангараг гариг руу хөөрнө. Розалинд Франклин Ангарагийн Оксиа Планум гэж нэрлэгддэг 4-4.1 тэрбум жилийн настай газар буух бөгөөд роботыг хөөргөх багийн үзсэнээс Оксиа Планумд далайн эрэг орчмын хэсэг байж магадгүй гэнэ. Тиймээс Розалинд Франклины даалгавар Ангараг гариг дээр амьдрал байгаа эсэх боломжит шинж тэмдгийг хайх чухал ажиллагаа болж байгаа юм.
          Розалинд Франклин ровер нь Ангараг гариг дээр 2023 он хүртэл хөрсний гүнд өрөмтлөг хийж, робот лабораторийн дотоод хэсэгтээ хадгалсан дээжээс мэдээлэл цуглуулж, мэдээллээ шилжүүлж ажиллана.
 

НАСА астероид 16 Psyche руу сансрын хөлөг хөөргөнө

          Астероидыг нарны аймгийн хамгийн жижиг гариг буюу өөрөөр сансар дахь томоохон хэмжээний чулуу ч гэж хэлж болно. Харин астероид 16 Psyche нь бусад астероидоосоо металлаар баялгаараа онцгой. Зарим эрдэмтэн астероид 16 Psyche-ыг сүйрсэн гаригийн цөм байж болзошгүй гэж үздэг.
          Астероид 16 Psyche нь Ангараг болон Бархасбадь гарагийн хоорондын зайд тойрон эргэдэг бөгөөд дэлхийгээс 497 сая километрийн зайд оршдог 226 километрийн диаметртэй астероид. Астероид 16 Psyche нарны тойрог замаа туулахын тулд таван жилийн хугацааг зарцуулдаг бол тэнхлэгээ тойрч эргэхэд дөрвөн цаг л зарцуулдаг.
          Тэгвэл энэ онцгой бөгөөд олон эрдэмтний сонирхол татсан астероид НАСА-гийн дараагийн том сансрын ажиллагааны гол дүр болж байна. НАСА-гийн сансрын хөлөг 2022 оны наймдугаар сард астероид 16 Psyche руу хөөрөх бөгөөд Ангараг гарагийн таталцлын тусламжтайгаар 2026 оны эхээр астероидод хүрэх аж.

https://ergelt.mn/news/184/single/16027
скачать dle 12.0

Сэтгэгдэл бичих

Сүүлийн мэдээ

Шинээр нэмэгдсэн

Ангилалууд

Фэйсбүүк

Follow us