Америкийн алдарт зохиолч, аймшгийн Хаан Стивен Кинг нийт 60 гаруй роман бичжээ. Түүний бараг бүх зохиол кино, комикс болон хувирч, одоо ч хүн төрөлхтнийг айлгасан хэвээр байна. Кинг утга зохиолын ертөнцийн бараг бүх шагналыг хүртсэн, дэлхийн өнцөг булан бүрт фэнтэй, өнөө цагийн хамгийн шилдэг зохиолчийн нэг билээ. Өнгөрсөн жил “If It Bleeds” шинэ номоо танилцуулсан Кингийн талаар цар тахлын турш бүгд ярьцгаасан. Учир нь Кинг 1978 онд гарсан “Сөргөлдөөн” романдаа яг одоо дэлхийд болж байгаа цар тахал, халдварын талаар маш бодитой бичсэн байдаг. Саяхан тэрээр The New York Times сонинд ярилцлага өгчээ. Ингээд түүний ярилцлагаас хамгийн сонирхолтой хэсгүүдийг сонгон толилуулж байна.
Зохиолын санаа
“Манай гэрийнхэн цуглаад гол баатар нь хүнд нөхцөлд орсон түүх эхлүүлээд дараа нь бүгд төгсгөлийг нь өөр өөрийнхөөр дуусгаж, ярилцдаг. Жишээ нь, одоо цар тахлын үед халдвар авахаас айгаад гэрээс гарахгүй суугаа хүн байлаа гэж бодьё. Хоол нь дууслаа, цахимаар захиалах гэсэн ч гар утас нь эвдэрчээ. Цааш нь яахыг би бичвэл тэр нохойгоо дуудна. Мэдээж тэр нохойныхоо хоолыг хэдийн идчихсэн. Тэгвэл хоолгүй болсон нохойгоо идчихэд буруудаад байх зүйлгүй.
Цар тахлын талаар
Бүх зүйл маш хурдан өөрчлөгдөж байгаа нь намайг гайхуулж байгаа. Ганцхан сарын өмнө дэлгүүр хүнээр дүүрэн байсан гэж үү? Одоо зах гарахад тэр хүмүүс маань бүгд бээлий, амны хаалттай явж байх юм. Бодит жинхэнэ амьдрал биш мэт л. Миний “Сөргөлдөөн” романд үйл явдал маш хурдан өрнөж, бүх зам зугтаж байгаа хүмүүсийн машинаар дүүрсэн байдаг. Харин амьдрал дээр арай өөр байлаа. Хүмүүс бага зэрэг айж эмээсэн байх. Гэхдээ л дотор байнгын чимээгүй айдас байсан хэвээр л байна. Хэрэв та ханиалгах, найтаалгалаа гэхэд толгойд хамгийн түрүүнд коронавирус тусчихлаа гэсэн бодол төрдөг болсон.
Твиттерийн талаар
Би хоёр янзаар твиттер дээр жиргэдэг. Эхнийх нь, хөгжилтэй зүйл бичиж хүмүүсийг баясгах. Жишээ нь, нохойныхоо зургийг оруулна. Мөн бага зэрэг хуучинсаг, хөгшчүүлийн онигоо бичнэ. Хоёрдугаарт, америк хүн гэдгээ харуулж, улс төрийн сэдвээр жиргэнэ. Доналд Трампыг шүүмжилнэ. Трамп бол тэнэг хүн. Гэхдээ энэ нь түүний буруу биш. Тэр угаасаа л ийм төрсөн хүн. Трампын тэнэг нь биш залхуу зан нь миний уурыг хамгийн их хүргэдэг. Мэдээж урьд өмнө Америкт Трампаас муу удирдагч ч байсан. Гэхдээ Трампыг харахаар түүнийг уншиж чаддаг гэдэгт би эргэлздэг.
Сүнс хардаг болсон шалтгаан
Дөрвөн настай байхдаа би галт тэрэг найз хүүхдийг минь дайрч байхыг харсан гэсэн. Ээж минь тэгэж хэлсэн. Тэр өдөр би найзтайгаа тоглох гээд явсан ч гэртээ буцаж ирэхдээ, их айчихсан, царай хувхай цайгаад, юм ярьж чадахгүй байсан гэсэн. Би огт санадаггүй ч ослын дараа тэр хүүхдийн биеийн хэсгүүдийг цуглуулан, сагсанд хийж байсан гэсэн ээжийн яриаг сайн санадаг. Ээж бүр хэсэг бүрчлэн маш тодорхой ярьж билээ. Магадгүй ээж минь надаас илүү сайн зохиолч болох байсан байх.
Шүүмжлэгчид алга болоод л
Зохиол бичиж эхлэх үед бүгд намайг зөвхөн тууж л бичдэг зохиолч гэж үздэг байлаа. Үнэндээ ч тийм байсан. Нэг удаа утга зохиолын үдэшлэг дээр би Ирвин Шоутай тааралдлаа. Шоу хөх хослол өмсчихсөн, ганган хүн сууж байна. Намайг харснаа “Хар даа хүмүүс ээ, арслан ороод ирлээ” гээд дооглон инээж билээ. (Ирвин Шоу “Залуу арслангууд” гээд номтой) Би их гомдсон. Учир нь би түүнд, ном бүтээлд нь дуртай байсан юм. Одоо ч дуртай. Тэр цагаас хойш би маш олон шүүмжлэгчдийг даван гарсан. Миний зохиолыг юу ч үлдээлгүй бут ниргэсэн шүүмжлэгчид алга болон одож, харин би байсаар байгаа. The Village Voice сэтгүүлд миний туужийг шүүмжилсэн, өөлсөн маш том нийтлэл гарлаа. Намайг бичгийн машинаас гарч ирж байгаа мөнгийг идэж байгаагаар шоглосон зурагтай. Хамаг чадлаараа хичээн зүтгэж байхад ингэж байх гэж бодсон ч тэвчээд юу ч хэлээгүй. Харин улам сайн бичихээр хамаг авьяас чадвараа дайчлан ажилласан.
Утга зохиол дахь байр суурь
Хэрэв та XX зууны агуу зохиолчдыг харах юм бол намайг тэдний нэг гэж хэзээ ч бодохгүй. Жон Алдайктай намайг харьцуулна гэж бодохоор инээд чинь хүрэх байх. Фолкнер, Стейнбектэй бол зэрэгцүүлэхгүй биз. Би жирийн хүмүүс, энгийн үйл явдлын талаар чадах чинээгээрээ үнэн, шударга бичихийг хичээсэн. Гэхдээ би хэн нь ялахыг харахыг хүсэхгүй байна. Ном бүтээл нь сайн зарагдаж байсан олон зохиолч унах үедээ чанга унадаг. Тэгээд тэдний ном худалдаанаас хасагддаг уламжлалтай. Тэд зүгээр л алга болчихдог. Харин миний “Пеннивайз” 200 жилийн дараа ч байж байх болно.
It киноны хэсэг
Энэ зохиолд хүүхдийн секстэй хэсэг бий. Зохиолыг минь хянасан нэг ч редактор тэр хэсгийг хасаагүй. Учир нь тэр үед цаг өөр байлаа. Одоо энэ зохиолыг уншсан хүмүүс өнгөрсөн зууны наяад оныг XXI зууны стандартаар хэмжээд байна. Өнөө цагт арьс өнгөөр ялгаварлалаа, хүүхдийн хүчирхийлэл гээд ёс суртахуун их ярьдаг болсон. Олон сургуульд “Гекльберри Финн” зэрэг алдартай зохиолыг хичээлийн хөтөлбөрөөс хассан. Шалтгаан нь хар арьстнуудыг негр хэмээн доромжилсон үйл явдал гардаг гэнэ. Хэрэв би It киноны зохиолоо одоо бичсэн бол мэдээж хүүхдийн талаар тийм зүйл бичихгүй. Гэхдээ тэр үед ийм зүйлийг хэвийн гэж үздэг байсныг мартаж болохгүй.
Оскарын шалналын талаар
Сайн бүтээл, жүжигчинд шагнал олгох нь зөв гэж би үздэг. Хар арьстнууд цөөхөн байна, эмэгтэй хүнийг шагнах хэрэгтэй гэсэн ярианд би дургүй. Одоо бүр бэлгийн чиг хандлагаар нь шагнах болж байх шиг байна. Оскар бол Оскар шүү дээ. Шүүгч нар зохиол бүтээлийг шүүхээс биш, зохиолч нь хар арьстай юу, жүжигчин нь эмэгтэй юу гэдгийг анхаарах ёсгүй. Би энэ талаар жиргээд буруудсан. Хүмүүс над руу дайрч, бараг арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн гэж нэрлэсэн. Үзэл бодлоо ойлгуулах гээд Washington Post сонинд том нийтлэл бичлээ. Хэн ч намайг ойлгоогүй.
Стивен Кингийн амьдралын дүрэм
“Та орон гэргүй гуйлгачин уу, алдартай зохиолч уу гэдэг чухал биш. Сувганд бөөлжиж байгаа хүн бүр ижилхэн харагддаг”
“Уудаг байхдаа би орой болгон доод тал нь 16 лааз шар айраг хөнтөрдөг байлаа. “Cujo” гээд роман биччихсэн гэж байгаа. Яг үнэнийг хэлэхэд би тэр романыг яаж бичсэнээ огт санадаггүй. Одоо ч санахгүй байгаа”
“Архичинд бага уу гэж хэлэх нь хоол идсэн хүнд бага баа гэж хэлэхтэй ижил”
“Архичид өөрийн хамгаалалтаа голландчууд далан барьж байгаа мэт л хийдэг. Архи уусан эхний 12 жилдээ би хүмүүст хааяа нэг уудаг гэж л хэлдэг байлаа. Өөрөө ч тэгэж боддог байсан”
“Би айдсыг хүндэлдэг. Айдас хүмүүсийг зохион байгуулалттай болгодог. Багийн гишүүд нь бүгд нисэхээс айдаггүй эр зоригтнуудын онгоцод хэзээ ч суухгүй”
“Та яаж бичдэг вэ гэдэг тэнэг асуултаас залхлаа. Би үг үсэг холбоод бичдэг.
“Таныг үхүүлэхгүй, амьдруулахаар үлдээгээд байдаг Бурхан бас харгис шүү”
“Утга зохиол бол худал хуурмагаар боосон үнэн юм”
“Хүмүүс миний бага насны талаар асуухдаа өнчин өссөн, зодуулдаг байсан, хүчирхийлүүлсэн гэсэн үг хариулт авахыг хүсдэг. Үнэнийг хэлэхэд тийм явдал болж байгаагүй”
“8 эсвэл 28 настайдаа аз жаргалтай байж болно. Харин хэн нэг нь 16 настайдаа аз жаргалтай байсан гэвэл тэр нэг бол худалч, нэг бол тэнэг хүн”
“Дайснууд чинь л үнэнийг хэлнэ. Анд найз, хайртай хүмүүс чинь эцэс төгсгөлгүй худлаа ярьдаг”
“Би айдаг зүйлийнхээ тухай л бчидэг. Жишээ нь, би могой бичиж байгаагүй. Учир нь би тэднээс айдаггүй. Миний зохиолд үхэр оготно их гардаг нь би тэднээс үнхэлцгээ хагартал айдагтай холбоотой”
“Орчин цагт хүмүүсийг номоор айлгахад хэцүү болжээ. Бүгд хэдийн телевизээс айчихсан байгаа болохоор яах ч арга алга”
“Уран бүтээлчид бусад хүнээс илүү архинд ордог гэж хүмүүс ярьдаг. Тиймээ, тэд бусдаас илүү эмзэг, мэдрэмжтэй. Гэхдээ яахаараа бид илүү архинд дурлана гэж? Гутал руугаа нулимахдаа бид бүгд ижилхэн харагддаг”
“Надад онгод орох, сэтгэл сэргэх гэсэн юм байдаггүй. Би үргэлж ямар нэг зүйл бичих онгодтой, хүсэлтэй байдаг”
“Хоосон хуудсыг үзэн яддаг”
“Байнга унш, Хэрэв чамд унших зав байхгүй бол бичих цаг ч байхгүй гэсэн үг”
“Франц хэл хог шалбаагийг ч хайр дурлал болон хувиргадаг увдистай”
“Бурхан биднийг харж үздэг гэж би боддог. Эцсийн эцэст дэлхий дээр сүүлийн 63 жилд хоёрхон л атомын бөмбөг уналаа шүү дээ”
“Амьдралын бүх хэлбэр зөнгөөрөө мөнх амьдрахыг зорьдог”
“Кино хэзээ ч номыг ялахгүй. Хөгжим, телевиз, интернет гарч байхад ном хэрэггүй гэж ярьдаг хүмүүс бий. Гэтэл гэнэт 724 хуудастай Харри Поттер гэдэг ном гарч ирээд л 12 цагийн дотор 5 сая хувь зарагдаж байгаа биз. Би өөрийнхөө талаар дуугүй л байя”
“1980-1990 оны дунд үе хүртэл гарсан, хэвлэгдсэн бүх ном бол шууд хэлэхэд баас юм”
“Номын эрин зуун дуусаагүй байгаа. Харин зарим нэг номын үе дууссан байх”
“Би ном бичих гэж бэлтгэдэггүй. Номын санд сууж, тэмдэглэл хөтөлдөггүй. Би зүгээр суугаад л новшийн хэдэн үг холбодог”
“Зохиолчийн зорилго бол уншигчдыг ном уншиж байгаагаа марттал нь сонирхолтой түүх бичих”
“Ариун цэврийн өрөөнд суултуур дээр ном уншаад сууж байгаа хүмүүс маш сайн хүмүүс”
“Ном зохиолчийн тархинд төрдөг ч уншигчийн төсөөлөлд дуусах ёстой”
“Зах зээлээ судлалгүй ном бичих нь харанхуйд дартс тоглохтой адил. Та байгаа онож магадгүй ч сайндаа оноогүй хэрэг шүү”
“Амьдрах ганц арга бол амьдрах. Чадахгүйгээ мэдэж байсан ч “Би чадна” гэж өөртөө хэл”
“Тэнэг хүнтэй ярилцах ганц арга бол түүнийг үл тоох”
“Хүн өөрчлөгдөхгүй, мэдрэхгүй, дурлахаа больбол үхдэг”
https://news.zindaa.mn/42cq
Сэтгэгдэл бичих